sonin.mn

ТОКИО, 2024 оны аравдугаар сарын 9 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба 10 дугаар сарын 27-нд болох ээлжит бус сонгуулийг угтан парламентын доод танхимыг лхагва гарагт буюу өнөөдөр тараах гэж байна. Ерөнхий сайдын үүрэгт ажилдаа орсноосоо хойш ердөө найм хоногийн дараа Төлөөлөгчдийн танхимыг тараах гэж буйгаараа Ш.Ишиба дайны дараах үеийн удирдагчдын дундаас ийм шийдвэрийг хамгийн богино хугацаанд гаргасан улстөрч болж байна. 


Түүний эрх баригч Либерал-Ардчилсан нам нь санхүүжилттэй холбоотой дуулианд холбогдоод байгаа ба эрх баригч эвсэл дэх тус намын түнш Комэйто нам 465 гишүүнтэй танхимыг хянадаг юм.


Ш.Ишибагийн Засгийн газар лхагва гаргийн өглөө доод танхимыг тараах төлөвлөгөөг баталснаар сонгуулийн сурталчилгаа 10 дугаар сарын 15-нд эхлэх бол санал хураалт 10 дугаар сарын 27-нд явагдана. Ерөнхий сайд тухайн өдрийн орой хэвлэлийн бага хурал хийх ажээ.


Доод танхимын гишүүдийн одоогийн бүрэн эрхийн хугацаа 2025 оны 10 дугаар сард дуусах бөгөөд тухайн үед сонгууль явуулах ёстой. Гэхдээ Японы Үндсэн хуулийн дагуу Ерөнхий сайд нар өөрсдийн саналаар танхимыг тараах эрхтэй байдаг.


Ш.Ишиба өмнө нь парламентад өөрт нь асуулт тавихад сөрөг хүчний удирдагчдад хангалттай хугацаа олгоно гэж мэдэгдэж байв. Японы гол сөрөг хүчин болох Үндсэн хуулийн ардчилсан нам Японы төвийн нутагт болсон газар хөдлөлт, аадар бороонд нэрвэгдсэн бүс нутгийг сэргээн босгох ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор ирэх гуравдугаар сард дуусах энэ санхүүгийн жилийн төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулахыг засгийн газраас шаардсаар иржээ. Ш.Ишиба доод танхимыг тараахаар төлөвлөж байгаагаа Ерөнхий сайдаар томилогдохоосоо өмнө буюу өнгөрсөн сард мэдэгдсэн нь сөрөг хүчний намуудын эсэргүүцэлтэй тулгарчээ. 2021 онд болсон өмнөх бүх нийтийн сонгууль Фүмио Кишидаг Ерөнхий сайдаар томилогдсоны дараа болж байсан юм.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг