sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 27 /NYT/. Нью-Йорк хотын дарга Эрик Адамст эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай “The New York Times” сонин пүрэв гарагт эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. 


АНУ-ын хамгийн том хотын түүхэнд анх удаа хотын дарга нь албаа хашиж байхдаа эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон анхны тохиолдол нь энэ болж байна. 


“The New York Times” сонинд мэдээлснээр, хотын даргад ямар хэргээр ял тулгах нь одоогоор тодорхойгүй байна. Мөрдөн байцаагчид Э.Адамс болон түүний ойрын хүрээний хэд хэдэн зөвлөх, туслахуудыг гадаадаас хууль бус хандивыг авахын тулд Туркийн засгийн газартай хуйвалдсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байгаа ажээ. Нью-Йорк хотын цагдаагийн газрын дарга, хотын сургуулиудын менежер саяхан огцорсныг сонинд бичжээ. АНУ-ын прокурорууд мөн 2021 онд болсон хотын даргын сонгуулийн кампанит ажлынх нь санхүүжилтийн эх үүсвэрийг шалгаж байна гэж хэвлэлүүдэд мэдээлжээ.


2023 оны намар олон нийтийн цуглааны дараа Холбооны мөрдөх товчооны ажилтнууд Э.Адамсыг саатуулж, гар утас, таблетыг нь хураан авсны дараа түүнийг шалгаж байгаа нь тодорхой болсон юм.


Харин хотын дарга өөрт нь үүсгэсэн хэргүүдийн үндэслэлийг няцаана гэдгээ мэдэгджээ. Тэрбээр Нью-Йорк хотын иргэдэд хандан дүрс бичлэгээр үг хэлэхдээ, засгийн газар намайг гэмт хэрэгт буруутгах зорилготой байгаа, гэхдээ иймэрхүү бүх хэрэг "огт худал зүйл” гэдэг нь удахгүй батлагдах болно гэжээ. "Би та бүхний төлөө тууштай зогсох аваас хэн нэгний бай болно гэдгээ үргэлж мэдэж байсан бөгөөд өнөөдөр чухам ийм бай боллоо. Ийм шударга бус зүйлтэй би бүхий л хүч чадал, оюун ухаанаа дайчлан тэмцэх болно" гэж хотын дарга хэлээд "хэрвээ намайг буруутгавал нью-йоркчуудад үнэн мөнийг мэдүүлэхийн тулд нэн даруй шүүх хурал хийхийг шаардах болно" гэжээ.


Нью-Йорк хотын иргэд цар тахал, үерийн гамшигтай тэмцэж байх үед буюу 2021 оны 11 дүгээр сард Э.Адамс тус хотын 110 дахь дарга болсон юм. Цагдаагийн ажилтан асан Э.Адамс хотын даргын сонгуульд нийт сонгогчдын гуравны хоёрынх нь саналыг авчээ.


Тухайн үед 61 настай байсан улстөрч өөрийн гол өрсөлдөгч болох БНН-ын нэр дэвшигч Куртис Сливаг итгэлтэйгээр ялж, Нью-Йоркийн түүхэн дэх хоёр дахь африк гаралтай хотын дарга болсон байна. Энэ хотыг удирдаж байсан анхны өнгөт арьст дарга бол Ардчилсан намын гишүүн Дэвид Норман Динкинс /1990-93 оны хооронд/ юм.


Цагдаагийн байгууллагад 22 жил ажиллахдаа Э.Адамс хууль сахиулах байгууллагууд дахь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэгдэлтэй тэмцсээр иржээ. 1995 онд тэрбээр өнгөт арьст цагдаагийн ажилтнуудын байгууллагыг байгуулсан байна. Түүний сонгуулийн хөтөлбөрийн гол амлалтуудын нэг нь гэмт хэрэгтэй тэмцэх явдал юм.


Нью-Йоркт Ардчилсан намын байр суурь уламжлал ёсоор хүчтэй байдаг тул сонгуулийн өмнө Э.Адамс хотын даргаар сонгогдох хамгийн өндөр магадлалтай улстөрчид тооцогдож байв. Нью-Йорк хотын захирагчийн албан тушаал бол Ерөнхийлөгчийн дараа орох хамгийн хэцүү алба гэж үздэг ажээ. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг