sonin.mn

ЛОНДОН, 2024 оны есдүгээр сарын 20 /southampton/. Их Британийн эрдэмтэд хүний генийн мэдээллийг 5D-кристалл санах ойд хадгалжээ. Ингэснээр мэдээллийг олон тэрбум жилийн турш хадгалснаар хүн төрөлхтнийг ирээдүйд мөхөж үгүй болох аюулаас аврахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Саутхэмптоны их сургуулийн хэвлэлийн алба мэдээлэв.


Саутхэмптоны их сургуулийн профессор Питер Казанскигаар ахлуулсан судлаачид лазерын тусламжтайгаар хүний генетикийн материалыг, тэр дундаа ДНХ-ийн бүтцийг 5D-кристалл санах ойд хуулж чаджээ.


Цаг хугацааны явцад нууц түлхүүрийг нь тайлах боломжгүй болдог бусад технологиос ялгаатай нь гэвэл, энэхүү технологи нь эрс тэс нөхцөлд ч гэсэн "олон тэрбум жилийн турш" алдахгүйгээр 360 хүртэлх терабайт мэдээллийг хуулбарлах хүчин чадалтай ажээ. Кристалл нь +1000 хэм, асар хүчтэй цохилт, сансрын цацрагийг тэсвэрлэдэг бат бөх материал юм. 


“Генийн мэдээллийг хадгалах энэ технологи нь ирээдүйд хүн төрөлхтнийг мөхлөөс аврах төслийн суурийг тавина гэж судлаачид найдаж байна. Мөн устаж үгүй болох эрсдэлтэй ургамал, амьтны генийн архивыг бүрдүүлэхэд ашиглаж болно” гэж Саутхэмптоны их сургуулийн хэвлэлийн мэдээнд дурджээ.


Мэдээллийг 5D-криссталд хадгалах технологийг эрдэмтэн судлаачид 1996 оноос хойш боловсруулж байгаа бөгөөд 2010 онд анхны туршилтын загварыг бүтээжээ. Мэдээллийг кодлохдоо орон зайн координатын гурван хэмжээс, оптикийн хоёр хэмжээсийг ашигладаг учир кристалл санах ойг 5D гэж нэрлэдэг.  Саутхэмптоны их сургуулийн эрдэмтдийн зохион бүтээсэн кристаллыг 2014 онд мэдээлэл хадгалах хамгийн бат бөх материал хэмээн Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэжээ. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг