sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2024 оны есдүгээр сарын 19 /NHK/. Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх “хууль бус ажиллагаа”-гаа 12 сарын дотор зогсоохыг Израилаас шаардсан тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталжээ. 


Израил улс 1967 оноос хойш Газын зурвас, Баруун эрэг, Зүүн Йерусалимыг эзэлсээр байгаа юм. Энэ оны долоодугаар сард Олон улсын шүүх Израилын ажиллагааг “хууль бус” гэж тодорхойлсон зөвлөмжийн дүгнэлтээ гаргажээ.


Лхагва гарагт Япон зэрэг 124 орон дэмжсэнээр заавал биелүүлэх шаардлагагүй тогтоолыг баталсан байна. Олон улс орны төлөөлөгчид Палестины Элчин сайдтай гар барихаар жагсан зогсож байгаа нь харагджээ. Харин Их Британи, Герман зэрэг 43 орон түдгэлзсэн бол АНУ тэргүүтэй 14 улс уг тогтоолын эсрэг санал өгсөн байна. Уг тогтоолд мөн Израилыг цэргийн бүх хүчээ татан гаргаж, шинээр суурьшуулах ажиллагааг зогсоож, оршин суугчдыг уг нутаг дэвсгэрээс нүүлгэн шилжүүлэхийг шаардсан байна.


Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш тогтоолын хэрэгжилтийн талаарх тайланг гурван сарын дотор танилцуулахыг хүсжээ. Израилын тал уг тогтоолыг дагаж мөрдөх магадлал бага байна. Гэхдээ олон улсын зүгээс Израилд үзүүлэх дарамт шахалтыг нэмэгдүүлэх зорилготой юм.


Энэхүү баримт бичиг нь Палестины хяналтад байдаг Баруун эрэгт Израилын довтолгоо эрчимжиж байгаад ямар нэгэн байдлаар нөлөөлөх эсэх нь олны анхаарлыг татаж байна.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг