sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 19 /Reuters/. Америкийн тэрбумтан Илон Маск Бүгд найрамдах намаас нэр дэвшигч, Ерөнхийлөгч асан Дональд Трампыг дэмжиж байгаа бол түүний байгуулсан компаниудын ажилтнууд Д.Трампын өрсөлдөгч Камала Харрист хандив өргөж байна.


Сонгуулийн штабуудад цугларч буй хандив болон лоббигийн мэдээллийг хянадаг ашгийн бус “OpenSecrets” байгууллагын мэдээлснээр, “Tesla” компанийн ажилтнууд К.Харрисын сонгуулийн штабт 42 824 ам.доллар, Д.Трампын штабт 24 840 ам.доллар хандивлажээ.


Мөн “SpaceX” компанийн ажилтнууд К.Харрист 34 526 ам.доллар хандивласан бол Д.Трампад 7 652 ам.долларын хандив өргөсөн байна. Харин олон нийтийн сүлжээний Х платформын /хуучнаар Твиттер/ ажилтнууд К.Харрист 13 213 ам.доллар хандивласан бол Д.Трампад 500 хүрэхгүй доллар хандивлажээ.


Хэдийгээр эдгээр компанийн ажилтнуудаас сонгуулийн штабуудад өргөсөн хандивын хэмжээ харьцангуй бага байгаа боловч И.Масктай улс төрийн байр суурийн хувьд зөрчилдөж байгааг нь харуулж байна. Дэлхийн хамгийн баян хүн болох И.Маск Д.Трампыг дэмжиж байгаагаа X сүлжээндээ илэрхийлсээр ирсэн юм.


И.Маскаас энэ талаар тодруулахыг хүссэн боловч одоогоор хариу өгөөгүй байна. Тэрбээр 2020 онд Ерөнхийлөгч Жо Байденыг дэмжиж байсан боловч түүнээс хойш барууны үзэл баримтлал руу хэлбийх болжээ. Д.Трамп 11 дүгээр сарын 5-нд болох сонгуульд ялбал И.Маскийг засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг хариуцсан комиссыг ахлуулахаар томилно гэж мэдэгдсэн байна.


“OpenSecrets”-ийн тайлан мэдээлэлд компанийн ажилтнууд, эзэмшигчид болон тэдний гэр бүлийн гишүүдийн өргөсөн хандивыг нэгтгэн эмхэтгэдэг. Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн тухай хуулиудад компаниудыг холбооны кампанит ажилд хандив өгөхийг хориглодог.


И.Маскийн ажилтнуудын олонх нь Ардчилсан намын дэмжигч олонтой Калифорнид амьдардаг гэж “Gerber Kawasaki” баялаг, хөрөнгө оруулалтын менежментийн фирмийн гүйцэтгэх захирал, “Tesla”-гийн хувьцаа эзэмшигч Росс Гербер хэлжээ. Тэрбээр мөн X-ийн хөрөнгө оруулагч юм.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг