sonin.mn

Америкийн технологийн салбарын Google компанид 2019 онд Европын Комиссоос ногдуулсан 1,49 тэрбум еврогийн торгуулийг Люксембург дахь Европын Холбооны шүүх хүчингүй болгожээ.


Уг торгуулийг “зар сурталчилгааны хэлцлүүдийг байгуулах явцад шударга өрсөлдөөний журмыг зөрчсөн” гэх үндэслэлээр ногдуулсан байна. Тухайн үед Гүүгл компани нь AdSense for Search үйлчилгээний хайлтын системд зар сурталчилгаа байршуулахдаа бусад нийлүүлэгч компанид хууль бусаар саад учруулсан гэж Европын Комисс үзжээ. 


“Комиссын гаргасан ихэнх дүгнэлтийг Европын шүүх дэмжиж байна, гэхдээ 1,5 тэрбум еврогийн торгууль ногдуулаах шийдвэрийг хүчингүй болголоо. Комиссын зүгээс хууль бус гэж үзсэн хэлцлийн үйлчлэх хугацааг тодорхойлохдоо үүссэн бүх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй гэсэн үндэслэлээр торгуулийг хүчингүй болгож байна” гэж лхагва гарагт нийтэлсэн шүүхийн тогтоолд дурджээ.Эл шийдвэрийг Гүүгл компани талархан хүлээж авсан бөгөөд “эхний шийдвэрт нь алдаа гарсан гэдгийг шүүх хүлээн зөвшөөрч, торгуулийг хүчингүй болгосонд сэтгэл хангалуун байна” гэж мэдэгджээ.


Google-д ногдуулсан бусад торгууль


Сүүлийн жилүүдэд Европын Комиссын зүгээс Google-д тэрбумаас давсан хэмжээний торгуулийг хэд хэдэн удаа ногдуулсан юм. Тухайлбал, 2017 онд 2,4 тэрбум еврогийн торгууль ногдуулсан бөгөөд үндэслэл нь “Гүүгл компани хайлтын хуудсандаа өөрийн сервисын үр дүнгүүдийг хамгийн эхэнд нь тавьж, бичвэр төдийгүй зургаар баяжуулсан” явдал байв. Ингэснээр хэрэглэгчид Google сервисийн үр дүн дээр түлхүү дардаг ажээ. Гэтэл бусад сервис үр дүнгээ ердийн цэнхэр холбоосоор хамгийн дор нь байрлуулдаг. Энэ сарын 10-нд Люксембург дахь Европын шүүх “Америкийн компани өөрийн сервисийн тусламжтайгаар шударга бусаар давуу байдлыг олж авсан” гэж үзээд 2017 онд гаргасан шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.



Б.Адъяахүү