sonin.mn

Өчигдөр дөрвийн дөрвөн улсын Элчин сайд үүрэгт ажилдаа орохоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.  Тодруулбал, эгнээндээ 27 улсыг нэгтгэсэн Европын Холбоо, эдийн засаг, цэрэг зэвсэг, цөмийн технологи зэргийн хүчин чадлаараа Европ төдийгүй дэлхийд дээгүүрт ордог Франц, газрын тос, байгалийн хийн нөөц, олборлолт, борлуулалтаараа толгой цохидог Арабын Нэгдсэн Эмират, манай улсын Зүүн өмнөд Ази дахь чухал түнш, АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн орон болох

Лаос. 


Европын Холбооны Элчин сайд Ина Марчюлёните Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзахдаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Европын Холбооны “Ойн түншлэл”-ийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтлын эсрэг улам эрчимтэй хамтран ажиллая гэж. 


Францын Элчин сайд боломжтой бүх салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлсэн байна. Ялангуяа манай улсын эрчим хүчний хараат байдлаас гарах гэсэн зорилгыг дэмжиж, сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийнэ гэдгээ хэлжээ. 


Арабын Нэгдсэн Эмират Улс хэдэн жилийн өмнө хаасан байсан Элчин сайдын яамаа Улаанбаатар хотод дахин нээсэн нь энэ улс манайтай харилцах харилцаандаа ихээхэн ач холбогдол өгч байгаагийн нэг илрэл. 


Лаосын Элчин сайд уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийллээ.Саяхан даа, “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг хүлээн авсан нь буруу, эрс идэвхжиж байсан гадаад харилцаа нурлаа, гадаадын улс орнууд нүүрээ буруулна” гэж нийгмийн сүлжээнд шуугиж байв даа.  Гэтэл нэг өдөр дөрвөн улсын Элчин сайд ээлж дараалан Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьчихлаа. Энэ бол манай улс нээлттэй, олон тулгуурт, бие даасан, тэнцвэртэй, энхийг эрхэмлэсэн гадаад бодлогын зарчимдаа тууштай байгаагийн, бас зөв замаар явж байгаагийн илрэл. Дэлхийн улс орнууд ч манай улсын газар зүйн байршил, геополитик, онцлог зэргийг ойлгож, мэдэж байгаа хэрэг.