sonin.mn

ВЕНА, 2024 оны есдүгээр сарын 16 /TASS/. Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн (ОУАЭХА) Ерөнхий бага хурлын 68 дугаар чуулган Австрийн нийслэл Вена хотноо өнөөдөр эхэлж байна. 


Энэ удаагийн чуулганаар тус байгууллагын гишүүн орнуудын төлөөлөгчид Украины цөмийн аюулгүй байдал, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээний баталгааг БНАСАУ-д хэрэгжүүлэх, мөн Ойрх Дорнод дахь ОУАЭХА-ийн баталгааг хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм.


Уламжлал ёсоор Вена хотын олон улсын төвд болдог ээлжит чуулган есдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Ерөнхий бага хуралтай зэрэгцэн есдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд тус төвд хүнсний аюулгүй байдлын асуудлын тухай шинжлэх ухааны чуулга уулзалт болох бөгөөд түүнд оролцогчид цөмийн технологийг хөдөө аж ахуйд ашиглах арга замуудыг хэлэлцэх ажээ. ОУАЭХА-ийн ерөнхий захирал Рафаэль Гросси Ерөнхий бага хурал болон шинжлэх ухааны чуулга уулзалтыг нээж үг хэлнэ.


ОУАЭХА-ийн дээд байгууллага болох Ерөнхий бага хурлын чуулганд тус байгууллагын гишүүн 178 улсын төлөөлөгчид оролцоно. Тэд агентлагийн төсвийг баталж, гишүүн орнууд, ерөнхий захирал болон ОУАЭХА-ийн Удирдах зөвлөлөөс санал болгосон асуудлуудыг хэлэлцдэг.


Ерөнхий бага хурлаас гадна ОУАЭХА-ийн удирдах байгууллагууд бол тус агентлагийн практик үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг 35 улсын төлөөлөгчдөөс бүрдсэн Захирлуудын зөвлөл, мөн өдөр тутмын ажлыг гүйцэтгэдэг нарийн бичгийн дарга нарын газар юм.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг