sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 30 /The Hill/. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис Ерөнхийлөгч асан Дональд Трампыг сонгуулийн дүн хаашаа ч холбирч магадгүй долоон муж улсад дунджаар 2 пунктээр илүүрхэж байгааг пүрэв гарагт танилцуулсан санал асуулгын дүн харууллаа.


“Bloomberg” агентлаг, “Morning Consult” компанийн явуулсан санал асуулгаар К.Харрис Аризона, Жоржиа, Мичиган, Невада, Хойд Каролина, Пенсильвани, Висконсин муж улсуудад Д.Трампаас дунджаар 2 пунктээр илүү байна.


Висконсинд хамгийн их буюу 8 пунктээр, Невада, Пенсильвани муж улсуудад тус тус 4 пунктээр илүүрхсэн гэж санал асуулгын дүнд дурджээ. Харин Аризонад тус бүр 48 хувийн саналаар тэнцсэн бол К.Харрис Жоржиа, Хойд Каролинад тус бүр 2, Мичиганд 3 пунктээр илүүрхсэн байна. 2008 онд Ерөнхийлөгч асан Барак Обамагаас хойш Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч ялж байгуулаагүй тул Хойд Каролинад К.Харрис тэргүүлж байгаа нь онцгой анхаарал татаж байна. Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Жо Байден өрсөлдөөнийг орхисноос хойш К.Харрис санал асуулгын дүнгийн зөрүүг багасгасаар байгаа юм.


Мөн К.Харрис Миннесота муж улсын захирагч Тим Уолзыг дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр сонгосон нь Д.Трамп сенатч Ж.Д.Вэнсийг сонгогдсонтой харьцуулахад саналын тоог нэмэгдүүлэхэд илүү нөлөөлсөн болохыг санал асуулгын дүн харуулсан байна.  


“Bloomberg News/Morning Consult”-ийн санал асуулгыг Аризона, Жоржиа, Мичиган, Невада, Хойд Каролина, Пенсильвани, Висконсин зэрэг долоон муж улсад бүртгэлтэй 4962 сонгогчийн дунд явуулжээ.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг