sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 15 /The Hill/. АНУ-ын Миннесота муж улсын захирагч Тим Уолз ирэх 10 дугаар сарын 1-нд CBS News телевизийн зохион байгуулах дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнд оролцохыг зөвшөөрчээ.


“Манай штаб 10 дугаар сарын 1-нд болох дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн мэтгэлцээнд оролцох CBS-ийн урилгыг хүлээн авлаа. Ж.Д.Вэнс мөн энэ саналыг хүлээн авбал Т.Уолз түүнтэй мэтгэлцэхийг тэсэн ядан хүлээж байна” гэж Камала Харрисын штабын төлөөлөгч мэдээлсэн байна.


Бүгд Найрамдах намаас дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Ж.Д.Вэнсийн хувьд өмнө нь Т.Уолзтой мэтгэлцэх хүсэлтэй байгаагаа тодорхой илэрхийлж байжээ. Одоогоор Дональд Трампын штабаас Ж.Д.Вэнс 10 дугаар сарын 1-ний мэтгэлцээнд оролцохыг зөвшөөрөх эсэх талаар хариу өгөөгүй байна. CBS News анх дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг долоодугаар сарын сүүл эсвэл наймдугаар сарын эхээр зохион байгуулахыг санал болгож байсан боловч Ерөнхийлөгч Жо Байден өрсөлдөөнөөс гарсны дараа тэдгээр товыг цуцалжээ. Тус телевиз мэтгэлцээнийг есдүгээр сарын 17, есдүгээр сарын 24, 10 дугаар сарын 1 эсвэл 8-нд зохион байгуулахыг санал болгосон байна.


Ж.Байден өрсөлдөөнөөс гарсны дараа дэд Ерөнхийлөгч К.Харрис намын лидерүүдийн дэмжлэгийг богино хугацаанд авснаар Ардчилсан намаас нэр дэвшихээр болж, Т.Уолзыг хамтрагчаараа сонгосон юм. Уолз, Вэнс нар сонгуулийн кампанит ажлынхаа эхний өдрүүдэд бие биетэйгээ мэтгэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.


Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн К.Харрис болон ерөнхийлөгч асан Д.Трамп нарын эхний мэтгэлцээний дараа болох төлөвтэй байна. Тэд есдүгээр сарын 10-нд ABC News телевизээр мэтгэлцэх юм. Д.Трамп есдүгээр сарын 4-нд Fox News, есдүгээр сарын 25-нд NBC News-ээр мэтгэлцэх урилгыг хүлээн авсан гэдгээ мэдэгджээ. Харин К.Харрис болон штабын зүгээс есдүгээр сарын 10-ны мэтгэлцээнд оролцохоо мэдэгдээд байгаа бол бусад мэтгэлцээний талаар хараахан мэдэгдэл хийгээгүй байна.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг