Египетийн Гадаад харилцаа, цагаачлалын ажил эрхэлсэн сайд Бадр Абделатти, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И нар 8 дугаар сарын 6-ны өдөр утсаар ярьжээ.
Гадаад харилцааны сайд нар голлон Ойрх дорнодын нөхцөл байдлаар санал солилцжээ. Ван И энэ үеэр хэлэхдээ, "Газын зурвасын мөргөлдөөн бол өнөөгийн олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн их анхаарал хандуулж буй зүйл юм. Мөргөлдөөн үргэлжилсээр байгаагийн улмаас хүмүүнлэгийн маш ноцтой гамшиг үүсгэж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл гал зогсоох тогтоол баталсан ч нөхцөл байдлыг эргүүлж чадаагүй. ХАМАС-ын Улс төрийн товчооны удирдагч Исмайл Ханиягийг Тегеранд хөнөөсөн хэрэг нь нөхцөл байдлыг бүр ч дордууллаа.
Ийм нууц аллага НҮБ-ын дүрэмд тусгагдсан үндсэн зарчмыг зөрчиж, Ираны бүрэн эрх, нэр хүндийг хохироож, холбогдох талуудын энхийн төлөөх хүчин чармайлтыг ноцтой бусниулсан юм.
Газын зурвасын мөргөлдөөнтэй холбогдуулан Хятад улс гурван үе шаттай зохицуулах санаачилга дэвшүүлсэн. Тухайлбал: Нэн даруй бүх талаар гал зогсооно, "Палестинчууд Палестиныг удирдах" зарчмын дагуу мөргөлдөөний дараах Газын зурвасын сэргээн босголтыг ахиулна. "Хоёр орны шийдэл"-ийг нухацтай хэрэгжүүлэх зэрэг болно. Хятад улс үргэлжлүүлэн олон улсын шударга талд зогсож, Арабын орнуудтай эв санаагаа нэгтгэж, талуудтай хамтран нөхцөл байдлыг намжаахын төлөө ажилласаар байх болно" гэжээ.
Бадр Абделатти хэлэхдээ, "Газын зурвасын нөхцөл байдалд Египетийн тал санаа зовж байна. Исмайл Ханиягийг хөнөөсөн явдал нь гал зогсоох хэлэлцээрт хүрэх явдлыг улам холдуулсан бөгөөд бүс нутгийн хэмжээнд дайн үүсгэж мэдэх юм. Тиймд олон улсын хамтын нийгэмлэгт сэтгэл нэгтэй хүчин чармайлт гаргаж, нөхцөл байдлыг намжаахыг хичээх ёстой. Ойрх дорнодын энхийн төлөө Хятад улсын гаргаж буй чухал хүчин чармайлтыг Египетийн тал өндрөөр үнэлж байгаа бөгөөд Палестины дотоодын эвлэрлийг урагшлуулж буйд талархаж байна. Мөн Хятад улстай харилцаа холбоо, зохицуулалттай ажиллаж, нөхцөл байдал гаарахаас сэргийлэхийг Египетийн тал хүсэж байна" гэсэн байна.
Г.Бямба
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл0