sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 26 /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, дэд Ерөнхийлөгч Камала Харрис нар пүрэв гарагт Цагаан ордонд Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяхутай уулзаж хэлэлцээ хийлээ. Ж.Байден, К.Харрис нар ойрын үед гал зогсоох хэлэлцээр байгуулахыг Израилын Ерөнхий сайдад уриалсан бөгөөд Харрис-Нетаньяху нарын уулзалт ажиглагчдын анхаарлыг илүүтэй татжээ.


Ж.Байдены засаг захиргааны өндөр дээд албан тушаалтнуудын дотроос дэд Ерөнхийлөгч Харрис хамгийн түрүүнд гал зогсоохыг уриалсан нь тэрбээр ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдолд Израилын талаарх Америкийн бодлого өөрчлөгдөж магадгүй гэдгийг харууллаа. Reuters агентлагийн мэдээнд дурдсанаар бол, Ерөнхийлөгч Ж.Байден Газын зурваст 9 сарын турш үргэлжилж буй дайныг зогсоохын төлөө байгаагаа илэрхийлсээр иржээ. Өнгөрсөн оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС хөдөлгөөнийхөн Израил руу довтолсноос хэдхэн хоногийн дараа Ж.Байден Израилд ирж, Нетаньяхутай уулзахдаа дээрх байр суурь болон Израилыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Нетаньяхуг угтан авах үеэрээ Харрис “та бидэнд хэлэлцэх асуудал олон байна” гэж Байдены үгийг давтан хэлжээ. Өнгөрсөн хугацаанд К.Харрис Газын асуудлаарх байр сууриа илүү нээлттэй байдлаар илэрхийлж байсан бөгөөд Израилд илүү хатуу хандаж магадгүй гэсэн таамаглал бий.


Уулзалтын үеэр Цагаан ордныг тойруулан нэмэлт хашлагуудыг босгосон нь Израилыг эсэргүүцэн жагсагчдаас хамгаалсан хэрэг байлаа. Уулзалтын өмнө Байден, Нетаньяху нар ХАМАС-ын барьцаанд байгаа Америкийн иргэдийн ар гэрийнхэнтэй уулзсан байна. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби хэлэхдээ “Израил ба ХАМАС-ын хооронд гал зогсоох асуудлаар санал зөрөлдөөн байгаа хэдий ч хэлэлцээр байгуулахад урьд урьдынхаас илүү ойртсон” гэж мэдэгджээ. 


Б.Адьяахүү