sonin.mn

МАНИЛА, 2024 оны долоодугаар сарын 25 /BBC/. Филиппиний нийслэлээс холгүй газарт 1.5 сая орчим литр үйлдвэрлэлийн хэрэгцээний шатахуун түлш тээвэрлэж явсан хөлөг онгоц хөмөрч живсний улмаас нефть асгарсан тухай холбогдох албаныхан мэдээлжээ.

Филиппиний далбаа бүхий “MT Terra Nova” хөлгийн багийн 16 гишүүнийг аварсан бол нэг хүн сураггүй болсон гэж Тээврийн сайд Жайме Баутиста мэдээлсэн байна. Газрын тос асгарсныг тогтоосон боловч хүчтэй салхи, давлагааны улмаас арга хэмжээ авахад хүндрэлтэй байгаа талаар тэрбээр ярилаа.“Геми” хар салхины нөлөөгөөр аадар бороо орж, Манила хотын ихэнх хэсэгт үерийн гамшиг нүүрлэж, захын дүүргүүд үерт автсанаас хойш нэг хоногийн дараа дээрх осол гарчээ. Тайваньд уг шуурганы улмаас гурван хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтэж бэртжээ.




“MT Terra Nova” хөлөг онгоц Филиппиний төв хэсэгт орших Илоило хотыг чиглэн явж байх үедээ живсэн бөгөөд олон км зайд газрын тос асгарсан гэж эрх баригчид мэдээлж байна. Хөлөг онгоц хөмөрч, улмаар живсэн гэж эргийн хамгаалалтын албаныхан мэдээлсэн бөгөөд үүнд цаг агаарын таагүй байдал нөлөөлсөн эсэхийг тогтоохоор ажиллаж байна.




Филиппиний эргийн хамгаалалтын албаны хэвлэлийн төлөөлөгч Армандо Балило хэлэхдээ, нефть асгарахыг зогсоохын тулд “цаг хугацаатай уралдан ажиллаж байна” гэв. Хэрэв тээвэрлэж явсан бүх түлш асгарвал Филиппиний түүхэн дэх хамгийн их нефть асгарсан тохиолдол болно гэж тэрбээр нэмж хэлжээ.

Хөлөг онгоц Манила булан дотор байгаа тул түлш асгарвал Манила хот төдийгүй Манилагийн эргийн шугам нийтдээ өртөх аюул нүүрлэнэ. Манила булан нь хөл хөдөлгөөн ихтэй тээврийн замуудтай бөгөөд эргийн дагуу худалдааны төвүүд, казинонууд, загас агнуур эрхэлдэг компаниуд оршдог.

2023 оны гуравдугаар сард 800 мянган литр үйлдвэрлэлийн хэрэгцээний шатахуун түлш ачсан хөлөг онгоц Миндоро мужийн эргийн ойролцоо живж байжээ. Тухайн үед асгарсан нефть ойролцоох хэд хэдэн загас агнуурын тосгоны эрэгт хүрч, наранд шарлагын газруудыг хар тунадасаар бүрхэж байв. Түүнчлэн тосгодын оршин суугчдад булчин зангирах, бөөлжих, толгой эргэх зэрэг шинж тэмдгүүд илэрснээс гадна гамшигт нэрвэгдсэн Пола тосгонд очсон цэвэрлэгээний ажилтнуудын биеийн байдал муудаж байжээ. 

Мөн одоогоос 20 орчим жилийн өмнө Гимарас арлын ойролцоо хоёр сая литр газрын тос тээвэрлэж явсан хөлөг онгоц живсэн бөгөөд түүний 10 тасалгаат хэсгийн зөвхөн нэгнээс нь нефть гоожиж байв.


 


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг