sonin.mn

ПАРИС, 2024 оны долоодугаар сарын 23 /Le Monde/. Франц улс Парисын Олимпыг зохион байгуулахад бэлэн байна гэж Ерөнхийлөгч Эммануэль Макрон даваа гарагт буюу наадам эхлэхээс дөрвөн хоногийн өмнө Тамирчдын тосгонд зочлох үеэрээ мэдэгдлээ.

“Бид бэлэн байна, наадмын туршид ч бэлэн байх болно. Бид энэхүү наадамд олон жилийн турш бэлтгэсэн бөгөөд нээлтийн ёслол баасан гарагт болж, түүний дараачаас тэмцээн уралдааны шийдвэрлэх долоо хоног эхэлнэ” гэж Э.Макрон цохон тэмдэглэжээ. Парист хамгийн сүүлд 100 жилийн өмнө Олимпын тоглолт болж байсан билээ. 

Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах мөн Францын нийслэлийн хойд хэсэгт орших Тамирчдын тосгонд зочилжээ. Энд олон мянган тамирчид, албаны хүмүүс хүрэлцэн ирсээр байгаа бөгөөд наадмын оргил үеэр 14 500 орчим хүн байрлах төлөвтэй байна.




40 өөр янзын загвар хийц бүхий цөөн давхар орон сууцны блокуудоос бүрдэх уг цогцолборыг нүүрстөрөгчийн ялгарал багатайгаар үйлдвэрлэсэн бетон, дахин боловсруулсан ус, сэргээн засварласан барилгын материалуудыг ашиглан шинэлэг технологиор байгуулжээ.



Түүнчлэн байгалийн агааржуулалтыг ашиглан нэмэлт агааржуулагч төхөөрөмж суурилуулахгүй байхаар төлөвлөж байсан боловч зарим улсын баг тамирчид үүнд итгэлтэй бус байгаа тул 2500 орчим зөөврийн агааржуулагч захиалсан байна.

Тамирчдын хотхоноос гадна Олимпод зориулсан хөнгөн атлетикийн гол цэнгэлдэх хүрээлэн байрладаг Сена-Сен-Дени департамент нь Францын хамгийн ядуу бүсэд тооцогддог бөгөөд спортын үр өгөөжийг хүртэнэ хэмээн найдаж байна. Э.Макрон Олимпын дараа энэ бүс нутаг мартагдахгүй байхад анхаарахаа амлажээ. “Наадмын дараа би энд дахин ирж, хэрхэн өөрчлөгдсөнийг нь харах болно” гэж тэрбээр хэллээ.




Түүхэнд бичигдэх нээлтийн ёслол


Францын аюулаас хамгаалах хүчнийхэн баасан гарагт болох Олимпын наадмын нээлтийн ёслолын өмнө бэлэн байдлаа хангасаар байна. Зуны Олимпын нээлтийн ёслолыг түүхэндээ анх удаа төв цэнгэлдэх хүрээлэнгээс өөр газарт хийхээр төлөвлөж байгаа билээ.

Ёслолын үеэр 2019 онд гал түймэрт өртсөн Нотр-Дам сүм зэрэг дэлхийд алдартай дурсгалт газруудын хажуугаар 6000-7000 тамирчин 85 усан онгоц, завиар Сена мөрний дагуу парадад оролцоно. Урьдчилан тасалбар авсан 300 мянга хүртэлх тооны хүн үзэгчдийн суудал ба мөрний эрэг дээрээс нээлтийг ёслолыг үзэх бол 200 мянга гаруй хүн ойролцоох орон сууцны байшингуудын цонхоор үзэх ажээ.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг