sonin.mn

Хятадын Коммунист Намын 20 дахь удаагийн Төв Хорооны гуравдугаар Бүгд хурал Даваа гарагаас Пүрэв гараг хүртэл хуралдаж, Хятадын өөрчлөлт шинэчлэлийг цаашид бүх талаар гүнзгийрүүлэх тухай тогтоол баталжээ.




Хурлаар Ши Жиньпиний Төв Хорооны Улс төрийн Товчооны хийсэн ажлын тайланг сонсон хэлэлцэж, Хятадын Коммунист Намын Төв Хорооны өөрчлөлт шинэчлэлийг цаашид брх талаар гүнзгийрүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах тухай тогтоолыг хэлэлцэн баталжээ. Тус хурлын албан мэдээнд энэ тухай: "Өөрчлөлт шинэчлэлийг цаашид бүх талаар гүнзгийрүүлэх ерөнхий зорилт бол Хятадын онцлогтой социализмын тогтолцоог үргэлжлүүлэн боловсронгуй болгон хөгжүүлж, төр улсын засаглалын систем болон чадавхийг шинэчлэх явдал болно. 2035 он гэхэд өндөр түвшиний социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог иж бүрэн байгуулж, Хятадын онцлогтой социализмын тогтолцоог улам боловсронгуй болгож, засаглалын тогтолцоо, чадавхийг ерөнхийд нь шинэчилж, социалист шинэчлэлийг үндсэндээ биелүүлж, энэ зууны дунд үе болоход социалист орчин үеийн хүчирхэг улсыг тал бүрээр байгуулах үндэс суурийг тавих болно.


2029 онд БНХАУ байгуулагдсаны 80 жилийн ой болтол уг тогтоолд дурдсан өөрчлөлт шинэчлэлийн үүргийг биелүүлэх болно.

Өндөр түвшиний социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог байгуулах нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн чухал баталгаа мөн. Зах зээлийн тогтолцооны үүргийг бадруулж, зах зээлийн илүү шударга, эрч хүчтэй орчинг бүрдүүлж, нөөцийн хуваарилалтыг аль болох үр ашигтай болгох ёстой.

Чанартай хөгжил бол социалист орчин үеийн улс орныг бүх талаар байгуулах тэргүүн чухал үүрэг мөн. Шинэ хөгжлийн үзэл баримтлалаар хангамжийн талын бүтцийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, чанартай хөгжлийг авчрах хөшүүрэг, хязгаарлалтын механизмыг сайжруулж, хөгжлийн шинэ хөдөлгөгч хүч, хүч давуу талыг бий болгох хэрэгтэй.


Хот, хөдөөг уялдаатай хөгжүүлэх нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн зайлшгүй шаардлага. Хот хөдөөгийн үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн тэгш солилцоо, хоёр талын урсгалыг дэмжиж, хот хөдөөгийн ялгааг багасгаж, хамтын хөгжил дэвшилд тус дөхөм үзүүлэх ёстой.


Нээлттэй байдал нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг тодорхойлогч шинж чанар мөн. Гадаадад нээлттэй байх нь төрийн үндсэн бодлого, гадаадад нээлттэй байснаар өөрчлөлтийг дэмжиж, Хятад улсын том зах зээлийн давуу талдаа түшиглэн олон улсын хамтын ажиллагааг өргөтгөж, гадаадад нээлттэй байх хүчин чадлаа дээшлүүлж, нэн өндөр түвшинд нээлттэй эдийн засгийн тогтолцоог тогтоох хэрэгтэй.Тогтолцооны нээлттэй байдлыг тогтвортой өргөжүүлж, гадаад худалдааны бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, дотоод болон гадаад хөрөнгө оруулалтын удирдлагын тогтолцоог цаашид шинэчилж, бүс нутгийн нээлттэй байх төлөвлөлтийг сайжруулж, чансаатай "Бүс ба Зам"-ыг хамтаар бүтээн байгуулах механизмыг боловсронгуй болгоно.


Хятад маягийн орчин үеийн шинэчлэл бол энх тайван хөгжлийн замаар замнах орчин үеийн байгуулалт юм. Бид бие даасан энх тайванч гадаад бодлогыг тууштай баримталж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулалтыг ахиулж, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг хэрэгжүүлж, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг хэрэгжүүлж, эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт дэлхийг дэмжин, хүртээмжтэй, багтаамжтай эдийн засгийн даяаршлыг дэмжих болно." гэсэн байна.


Г.Бямба