sonin.mn

Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Харин энэ удаа Украинд дайн өдөөчихөөд ялахгүй байгаа шалтгаан Оросын БХЯ, Командлалын авилгын торон сүлжээнээс болж байгааг шүүмжлэхээс өөр арга алга. Ялахгүй байгаа олон шалтгааны гол нь байх магадлалтай.

 

Дэлхийд хамгийн олон генералтай зэвсэгт хүчин ОХУ-ынх болов уу. Орост хэн олон байна, генерал олон байна. Тэр байтугай эмэгтэйчүүд хавтгайруулан генерал болгодог, бүр армийн генералтай дүйцэх цол шагнадаг тогтолцоо Орост л байна. Бүр 27 настай генералууд хаанаасаа гараад ирсэн нь гайхал төрүүлнэ.

 

Оросын генералын тооны олон Украины фронт дээр мэдрэгдэхгүй байгаад л оросууд маш их дургүйцэж, тэр дургүйцэл нь Кремлийн ордонд нөлөөлж эхэлжээ. Украинд дайн эхлүүлээд хоёр жил өнгөрсөн хойно гэнэт Оросын БХЯ, Жанжин штаб авилгад идэгдээд дотроосоо бээж ялзарч байгааг Дээд ерөнхий командлагч В.Путин олж харжээ. 2024 оны хавраас шуурга шуурч, шуурганд маш олон цэргийн жанжид тэссэнгүй дараалан уналаа.


БХЯ-ыг Сергей Шойгу 12 жил тасралтгүй толгойлсон. Түүнийг “жившгүй Шойгу” гэж хочилдог, сайдын суудлаас нь хэн ч унагаж чадахгүй гэж үздэг байсан бол 2024 он түүнд ивээлээ өгсөнгүй. Өөрөө одоогоор хөшигний цаана ҮАБЗ хавьд, харин орлогч, хамтрагч генералууд нь толгой дараалан шоронгийн хаалга татаж, Андрей Белоусов гэдэг иргэний сайд Шойгуг огт ажиллаж байгаагүй юм шиг авирлах нь эмгэнэлтэй. Тэр ч байтугай энэхүү Андрей Белоусов нь ямар эрх дарх хаанаасаа авчихсан юм, Төрийн Думын даргатай заалдаж, гэр бүлийн хоёр Шадар сайд Татьяна Голиковаг Ерөнхий сайддаа матан хэзээ мөдгүй огцруулах гэж байх шиг байна. Олон жил Путины ивээл нөмөрт явсан Дотоод хэргийн сайд армийн генерал Владимир Колокольцев огцрохоор болж байна. Түүнтэй холбогдох хэргийг шуугиад эхэллээ.  Швейцарийн банканд нийтдээ 300 сая евро бүхий 6 данс илэрч, сенсаац дэгдэв.


Путин тушаал гаргаж Батлан хамгаалахын дэд сайд армийн генерал хатагтай Татьяна Шевцоваг халав. Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд Руслан Цаликов, орлогч сайд Алексей Криворучко нар гэнэт халагдсан. Юрий Садовенко гэж бас нэг том нөхөр тэдний араас алга болсон. Жанжин штабын орлогч дарга Вадим Шамарин баривчлагдлаа. Цэргийн холбоо хариуцсан хамгийн том хүн, гэтэл Украинд ажиллагаа эхэлснээс хойш цэргийн холбоо сайнгүй, раци нь ажилладаггүй. Бүтээ хий гэж өгсөн хамаг мөнгийг аваад хувьдаа зувчуулсан. Араас нь бас нэг буруутан Владимир Вертелецкий явж одлоо.


Батлан хамгаалах захиалга өгдөг албаны тэр хүн улсын асар мөнгө хувьдаа авч ашигласан хэргээр шоронд орлоо. Николай Панков, Павел Попов гэж Шевцовагийн хамсаатан генералуудын нэрс бас дуулдана. 

 

Хатагтай Швецова нь 2010 оноос дэд сайдын суудалд залрахдаа өмнөх сайд Анатолий Сердюковын санхүүгийн махинацын оройд сууж байсан бол Сергей Шойгугийн өнгөн дээр бүр ч цэцэглэжээ. БХЯ-нд санхүүгийн төлөвлөлт, санхүүгийн хангамж, нийгмийн баталгаа, эдийн засгийн дүн шинжилгээ, прогнозчилол, батлан хамгаалах захиалгын санхүүгийн мониторинг гээд нүсэр том алба ажиллаж, тэр бүхнийг энэ бүсгүй ганцаараа гялалзуулж байсан гэхлээр Оросын БХЯ юу болж хувирсан нь ойлгомжтой. Украины фронт дээр үй олон мянган орос залуус үхэж үрэгдэж, үүрдийн тахир дутуу болж, олон зуун мянган эх эцэг, эхнэр бэлбэсэрэх нь нэр бүхий генералуудад огтоос хамаагүй байжээ. Анхлан 4 дүгээр сарын 23-нд дэд сайд армийн генерал Тимур Ивановыг яг БХЯ-ны коллегийн хурал дээр шууд баривчлан авч гарсан тухай одоо мэдээлж байна. Тэр хурлаар Ленинградын ба Москвагийн цэргийн тойргуудыг хөгжүүлэх асуудал хэлэлцэж байв. Хурлыг Шойгу өөрөө удирдаад сууж байтал орлогч бөгөөд дотно найзад нь ОХУ-ын Эрүүгийн хуулийн 6-р зүйлийн 290 дахь заалттай ялыг шууд тулгажээ. Тэр нь асар том тоотой авилга ихээр авсан тухай. Тимур Иванов одоо болтол шоронд мөрдөгдөж байна. Хэргээ хүлээж эхэлсэн. Лав нэг тэрбум рублийн хэрэг ил болсон. Түүнийг баривчлахын өмнө Холбооны аюулгүй байдлын алба 5 жил дагаж мөрдсөн. Ивановын хамсаатан БХЯ-ны Боловсон хүчний газрын дарга дэслэгч генерал Юрий Кузнецов араас нь баривчлагдсан. Гэрээс нь 100 сая рубль, гадаад валют, алтан монет, бугуйн цагны цуглуулга, өөр юу юу ч хураасан гэв дээ. Ёстой ой гутмаар.


Гэрчүүд түрүүчээсээ үхээд эхэллээ. Ивановын хамсаатан бөгөөд БХЯ-ны Улсын экспертизийн газрын дарга хурандаа генерал Магомед Хандаев, Ивановын найз бизнес эрхлэгч Игорь Котельников нар нэг цаг минутад зэрэг үхсэн нь сэжиг төрүүлнэ. Гэрчүүдээ устгаад эхлэв үү?

 

Оросын Төрийн Дум дээр Ерөнхий сайд Михаил Мишустин дээрхи нөхдийг огцруулах, баривчлахыг дэмжсэн мэдээ байна. Москвад дээд түвшинд цэвэрлэгээ эхэллээ. Гол нь Оросын Батлан хамгаалахын шинэ сайд Белоусовын идэвхтэй санаачилгыг Путин дэмжиж байгаа бололтой. Украинд ялахгүй, бүр ялагдаад байгаагийн буруутнууд нь дээр нэрсээрээ гараад ирлээ хэмээн оросын иргэдэд ойлгуулах юүхэн ч биш. Тэгнэ чиг. Оросын түрэмгийллийг зөвтгөдөг монгол троллуудад! Оросын тархи угаалтад угаартаад мэдээллийн буруу ваакум дотор төөрч яваа бол ОХУ-ын БХЯ, Жанжин штабын удирдлагын нүүр царай ийм л байна. Энэ бол эхлэл төдий. Ухвал ямар их булай гарч ирэхийг бүү мэд?  Орос террорист дайндаа ялахгүй байгаагийн цаад шалтгаан ийм их ялзралд оршиж байна. Хүнлэг ёсны төлөө, эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө, газар нутгийнхаа төлөө ариун дайн хийж буй Украины ард түмнийг амны зоргоор муулж тэнэгтэхээ больцгооё!


Орчуулж тайлбарласан Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)