Анхдугаар чуулганыг хааж УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Ардчилсан сонгуулийн үр дүнд байгуулагдсан 9 дэх удаагийн Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар гишүүд тангаргаа өргөж, намын бүлгүүд байгуулагдан, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталлаа. Түүнчлэн Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдыг томилон, Засгийн газрын бүрэлдэхүүнийг 22 сайд, 16 яамтай байхаар баталж, улмаар хамтарсан Засгийн газрын гишүүдийг Улсын Их Хуралд танилцуулж, тангараг өргүүллээ.
Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд орсон өөрчлөлт, сонгуулийн холимог тогтоолцоогоор бүрдсэн анхны 126 гишүүнтэй Улсын Их Хурал, эх орныхоо ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшлийг авчрах нэр төртэй үүрэг, зорилтыг тээж байна.
Иймд, нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй энэ удаагийн Улсын Их Хурал хууль тогтоомжийг хэлэлцэх, батлах, хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, илүү мэргэжлийн түвшинд явуулах ёстой.
Улсын Их Хурлын гишүүн гэдэг бол эрх мэдэл гэхээс илүүтэй төр улсынхаа эрх ашгийг дээдлэн, олон нийт, салбар салбарын дуу хоолой болж, монголчуудын амьдралд тулгамдаж байгаа болон шинэ тутам үүсэж буй асуудлуудын бодит шийдлийг олж, зохих хууль тогтоомжид тусгуулан ажиллах үндсэн чиг үүрэгтэй.
Улмаар Улсын Их Хурал бол иргэдийн хүсэл зоригийг илэрхийлэгч байгууллага гэдгийг баталгаажуулж, олон нийтийн зүгээс Улсын Их Хуралд өгөх үнэлэмж, итгэлийг дээшлүүлэх шаардлага бидний өмнө байна.
Иймд тангаргаа өргөсөн гишүүд Та бүхэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын төрийн тогтолцоо, парламентын ардчиллыг бэхжүүүлэхийн тулд Засгийн газар болон төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах асуудлыг анхааралдаа авахаас гадна улс орныхоо хөгжлийг хурдасгах үндсэн зорилгынхоо төлөө өндөр ёс зүйтэй ажиллахыг хүсье.