sonin.mn

СӨҮЛ, 2024 оны долоодугаар сарын 3 /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулахыг шаардсан өргөх бичигт нэг сая гаруй хүний гарын үсэг зурсан тухай “Yonhap” агентлаг мэдээлжээ. 


Юн Сог Ёлыг "ерөнхийлөгчийн албан тушаалд тэнцэхгүй" гэсэн үндэслэлээр огцруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэхийг парламентын гишүүдэд уриалсан цахим өргөх бичигт ийм тооны гарын үсгийг арав хоногийн дотор цуглуулжээ.


Түүнийг авлигын хэрэгт, мөн Умард Солонгостой дайн хийх аюул эрсдлийг бий болгож, Японы "Фүкүшима Дайчи" атомын цахилгаан станцын цацраг идэвхт бодисоос цэвэршүүлсэн усыг далайд асгахыг зогсоож чадаагүй нь Өмнөд Солонгосын иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулсан гэж буруутгажээ. Сөрөг хүчний томоохон нам болох “Тобура” Ардчилсан намын депутатууд мөн өргөх бичгийг дэмжсэн байна. 


Өргөх бичгийг парламентын хороонд хэлэлцүүлэхийн тулд сарын дотор 50 мянган хүн гарын үсэг зурсан байх ёстой. Үүний дараа нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барих боломжтой ажээ.


Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлын нэр хүндийн үзүүлэлт 2022 оны тавдугаар сард үүрэгт ажилдаа орсноос хойших хамгийн доод түвшиндээ буюу 21 хувьд хүрчээ. Бүрэн эрхийнх нь хоёр шахам жилийн хугацаанд түүний рейтинг өсөөгүй байна. 2022 оны зургаадугаар сарын эхээр буюу тангараг өргөснөөс нь хойш нэг сарын дараа дэмжлэгийнх нь түвшин 50 хувиас доошилж буурсан нь прокурорын байгууллагаас янз бүрийн албан тушаалд ирсэн хүмүүстэй холбоотой байв. 2023 оны гуравдугаар сард Өмнөд Солонгос Япон улстай харилцаагаа хэвийн болгож эхэлсний дараа түүний рейтинг 30 хувь болж унасан бөгөөд Өмнөд Солонгосын иргэдийн олонх нь хоёр талын байгуулсан гэрээний нөхцөлийг Сөүлд ашиггүй гэж үзжээ. Түүнээс хойш энэ үзүүлэлт 20-40 хувийн хооронд хэлбэлзэж байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг