sonin.mn

КИЕВ, 2024 оны долоодугаар сарын 2 /VОA/. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийхээр Киевт хүрэлцэн ирсэн тухай Унгарын төрийн тэргүүний тамгын газрын хэвлэлийн албаны дарга Берталан Хаваши мэдээлжээ. 


Б.Хавашигийн мэдээлснээр, Орбан, Зеленский нар энх тайван тогтоох боломжийн талаар, мөн Унгар-Украины харилцаанд тулгарч буй өнөөгийн асуудлуудыг хэлэлцэх аж. "Хэлэлцээний хамгийн чухал сэдэв бол энх тайван тогтоох боломж юм" гэж тэрбээр хэлээд хоёр удирдагч мөн Унгар-Украины хоёр талын харилцааны талаар хэлэлцэнэ гэдгийг нэмж дурдсан байна. 


Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш Унгарын Ерөнхий сайд Киевт анх удаа айлчилж байгаа нь энэ юм. Барууны орнууд Украинд цэргийн тусламж үзүүлж буйг шүүмжилдэг Орбаны айлчлал Унгар улс Европын Холбооны /ЕХ/ Зөвлөлийг даргалж эхэлснээс нэг өдрийн дараа болж байна. 


ЕХ-ны удирдагчдын дундаас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хамгийн ойр харилцаатай гэгддэг Орбан нь 2022 оны хоёрдугаар сард Оросын довтолгоо эхэлснээс хойш Украиныг дэмжих ЕХ-ны санаачилгыг байнга эсэргүүцсээр иржээ.


Унгар улс хэзээ ч Оростой сөргөлдөхийг хүсээгүй гэж Орбан өнгөрсөн онд Путинд хэлж байлаа. 2024 оны эхээр ЕХ-ны удирдагчид Украинд үзүүлэх 50 тэрбум еврогийн (53.67 тэрбум ам.доллар) шинэ багц тусламжид тавьсан Унгарын Ерөнхий сайдын хоригийг хүчингүй болгоход хэдэн долоо хоногийг зарцуулсан юм.  



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг