sonin.mn

БЭЭЖИН, 2024 оны долоодугаар сарын 2 /Nikkei/. БНХАУ-ын эрх баригчид газрын ховор элементүүдийг төрийн өмчид шилжүүлэх шинэ тогтоол гаргажээ. Төрийн зөвлөлийн баримт бичигт дурдсанаар, шинэ журам 10 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.


Тогтоолд мөн газрын ховор элементүүдтэй холбоотой мэдээллийн шинэ системийг бий болгохоор тусгасан байна. Газрын ховор металлуудын олборлолт, боловсруулалт, экспортын үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд энэхүү системийн оролцогч болж, олборлолтын хэмжээг алдаа маддаггүй бүртгэх өөрийн хэрэгслийг бий болгох ёстой. 


Өнгөрсөн онд Хятадын эрх баригчид хагас дамжуулагч үйлдвэрлэхэд ашигладаг галли, германий, мөн газрын ховор элементийн технологийн экспортыг хязгаарласан юм. Шинэ журмаар аливаа хувь хүн, байгууллагыг газрын ховор элементийн нөөцийг хууль бусаар ашиглах, хохирол учруулахыг хоригложээ. 


Өнгөрсөн онд Хятад улс дэлхийн газрын ховор элементүүдийн 70 орчим хувийг үйлдвэрлэсэн байна. Чип үйлдвэрлэхэд ашигладаг галлийн тухайд тус улс дэлхийн нийлүүлэлтийн 94 орчим хувийг бүрдүүлдэг тул экспортод нь хязгаарлалт тогтоосон нь янз бүрийн салбарт нөлөөлж магадгүй байна.


Хэдийгээр Хятадын эрх баригчид газрын ховор элементүүдэд тавих хяналтаа чангатгаснаар аж үйлдвэрийн ашиг сонирхлоо олон улсын дарамт шахалтаас хамгаалахыг эрмэлзэж байна гэж мэдэгдэж байгаа боловч экспортын хяналтыг АНУ, Европ, Японтой хэлэлцээ хийх хөшүүрэг болгон ашиглаж магадгүй гэж салбарын ажиглагчид үзэж байна гэж "Никкей" сонинд бичжээ. 




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг