sonin.mn

ПАРИС, 2024 оны долоодугаар сарын 1 /DW/. Ням гарагт болсон Францын парламентын ээлжит бус сонгуулийн эхний шатанд Марин Ле Пений “Үндэсний нэгдэл” (RN) нам илт тэргүүлж байна. Тус нам урьдчилсан байдлаар холбоотнуудын хамт сонгогчдын 34 орчим хувийн саналыг авчээ.


“Ногоонтууд” ба зүүний намуудын сонгуулийн эвсэл болох “Шинэ ардын фронт” 29 орчим хувийн санал авсан бол Ерөнхийлөгч Эммануэл Макроны засгийн газрын эвсэл 20.3-21.5 хувийн саналаар хол хоцорч байна.


Социологийн судалгааны гурван өөр компанийн таамаглалаар долоодугаар сарын 7-нд товлогдсон хоёр дахь шатны сонгуулиар барууны популистууд Үндэсний ассамблейд харьцангуй эсвэл бүр үнэмлэхүй олонх болж магадгүй байна. Эхний шатанд сонгогчдын ирц 60 хувиас давсан нь сүүлийн хэдэн арван жилийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг