sonin.mn

Монгол Ардын намын сонгуулийн төв штабаас АН удаа дараа хууль бус үйлдэл гаргаж буй талаар мэдээлэл хийж баримт дэлгэлээ. 


МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва тэрбээр “УИХ-ын сонгуулийн II тойрог Завхан аймгийн Тосонцэнгэл суманд АН-ынхан иргэдэд мөнгө тарааж буй хууль бус үйлдэл нотлогдсон.


УИХ-ын сонгуулийн IV тойрог Булган, Хөвсгөл, Орхон аймагт АН-аас нэр дэвшигч Мөнгөнхуяг нэрийн хуудастайгаа хамт 20 мянган төгрөг тараасан. УИХ сонгуулийн I тойрог Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын наймдугаар багийн айл өрхүүдэд тус бүр 300 мянган төгрөгийг тараасан нь нотлогдож хуулийн байгууллагад шилжсэн. Мөн тус тойрогт нэр дэвшигч Ганбатын ухуулагч Баянхонгор аймгийн аравдугаар багийн иргэдэд 100 мянган төгрөг тарааж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. 

Худал амлалтай холбоотой асуудлын тухайд, сонгогчдын саналыг авах зорилгоор Өвөрхангай аймгийн сумдын цахим группээр “1000 оюутныг тэтгэлэгт хамруулна” гэсэн худал мэдээлэл түгээж байна.


Мөн АН-ын зүгээс сонгогчдод дарамт шахалт үзүүлэх явдал хэрээс хэтэрлээ. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн XI тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн иргэдийн гар утас руу 99789846 дугаараас “АН-ын ажиглагч нар өөдөөс чинь хараад сууж байна. АН-д саналаа өг. Ажиглагч хийж байна. Ярих боломжгүй” гэх зурвас илгээсэн баримт ирээд байна. 


УИХ-ын сонгуулийн IV тойрог Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхзориг санал өгсөн хуудсаа олон нийтийн сүлжээнд байршуулсан зөрчил гарлаа. Мөн тус тойрогт 98920250 дугаараас иргэд рүү залгаж “АН-аас ярьж байна. Та саналаа өгсөн үү, өгөөрэй” гэх мэтээр иргэдийн сонголтод нөлөөлөх оролдлого хийж буй хууль бус үйлдэл гарсан байна. АН сонгуулийн хууль тогтоомжийг энэ мэт байдлаар зөрчихөөс гадна олон нийтийн цахим сүлжээгээр Монгол Ардын намын, мөн нэр дэвшигчдийн нэр төр, алдар хүндэд халдсан, гүтгэсэн, доромжилсон мэдээ мэдээллийг тараах үйлдлийг удаа дараа гаргалаа.


Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандахад 300 гаруй хаягийг хуурамч болохыг тогтоож, зохих арга хэмжээ авсан гэдгийг та бүхэнд мэдэгдье” гээд улс төрийн хоёр дахь том хүчний хувьд та бүхэн төрийн сонгуульд улс төрийн соёл гаргаж, ёс зүйтэй, шударга, ил тод нээлттэй оролцохыг уриаллаа. 


Монгол Ардын намын зүгээс сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн асуудлаар цагдаагийн байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг төрийн эрх бүхий байгууллагад нийт 200 гаруй зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар ханджээ.