sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 28 /CNN/. Ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байгаа тус улсын одоогийн Ерөнхийлөгч Жо Байден болон Ерөнхийлөгч асан Дональд Трамп нарын эхний мэтгэлцээн сонгогчдын дийлэнхийнх нь сонголтод нөлөөлөөгүй болохыг СNN телевизийн явуулсан санал асуулгын дүн харууллаа.


Тодруулбал, сонгогчдын жагсаалтад бүртгэгдсэн арван сонгогчийн найм нь (81 хувь) мэтгэлцээнийг үзсэнийхээ дараа АНУ-ын дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд хийх сонгох сонголтоо өөрчлөөгүй гэж мэдэгджээ.


Санал асуулгад оролцогчдын 14 хувь нь сонголтынхоо талаар эргэцүүлэн бодоход хүрсэн, гэхдээ өөрчлөхгүй гэж хариулсан бол ердөө 5 хувь нь сонголтоо өөрчлөхөөр шийдсэн байна.  Мэтгэлцээн мөн Байдены нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн болохыг санал асуулгын дүн харууллаа. АНУ-ын одоогийн төрийн тэргүүний рейтинг мэтгэлцээний өмнө 37 хувь байсан бол дараа нь 31 хувь болж буурсан байна. Харин Трампын байр суурь эсрэгээрээ бэхжиж, түүний рейтинг 40 хувиас 43 хувь хүртэл өсжээ. Телевиз үзэгчдийн 48 хувь нь Трампыг ерөнхийлөгчийн албыг хаших чадварын хувьд давуу гэж дүгнэсэн бол 23 хувь нь Байденыг төрийн тэргүүний хувьд илүү сайн ажиллана гэж үзсэн байна. 22 хувь нь хоёр нэр дэвшигчид хоёуланд нь сэтгэл дундуур үлджээ.


CNN-ийн санал асуулгыг мэтгэлцээнийг үзсэн 565 сонгогчдын дунд явуулжээ. Санал асуулгад оролцох сонгогчдыг олон нийтийн дунд санал асуулга явуулах зорилгоор "SSRS" компанид бүтээсэн платформоор түүврийн аргаар сонгосон байна.


Д.Трампын хувьд төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшихэд хангалттай тооны төлөөлөгчдийн саналыг Бүгд найрамдах намаас хэдийнээ аваад байгаа. Харин АНУ-ын Ардчилсан намын зарим төлөөлөгч Байденыг мэтгэлцээнд бүтэлгүйтсэнтэй холбогдуулан түүнийг өөр нэр дэвшигчээр солих асуудлыг ярилцаж эхэлжээ. 



Д.Жаргал

эх сурвалж: "Монцамэ" агентлаг