sonin.mn

МАНАМА, 2024 оны зургаадугаар сарын 24 /BNA/. Бахрейн, Ираны Гадаад хэргийн сайд нар хоёр улсын харилцааг хэвийн болгоход чиглэсэн хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон тухай Бахрейны төрийн мэдээллийн агентлаг мэдээлэв.


Бахрейны Гадаад хэргийн сайд Абдель Латиф бен Рашед аль-Заяни, Ираны Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Али Багери Кани нар зургаадугаар сарын 23-нд Техранд уулзах үеэрээ хоёр орны харилцааг хэвийн болгох үйл явцыг эхлүүлэхээр тохиролцжээ.


Энэ удаагийн уулзалтаар “талууд хоёр улсын хооронд хэлэлцээ эхлүүлэхэд шаардлагатай механизмыг бий болгож, улс төрийн харилцаагаа сэргээх арга замуудыг судлахаар шийдвэрлэсэн байна”. 2016 оны нэгдүгээр сард Ираны нийслэл хот дахь Саудын Арабын Элчин сайдын яамны байр луу халдсаны дараа Бахрейн, Саудын Араб улсууд Ирантай дипломат харилцаагаа тасалжээ.


Иран, Саудын Араб улсууд харилцаагаа хэвийн болгох, Элчин сайдын яамдынхаа үйл ажиллагааг сэргээх тохиролцоонд хүрсэн тухайгаа өнгөрсөн оны гуравдугаар сарын 10-нд мэдэгдсэн юм.


Бахрейны эрх баригчид Ирантай харилцаагаа сэргээхэд бэлэн байгаагаа өнгөрсөн оны гуравдугаар сарын 12-нд илэрхийлсэн бол гуравдугаар сарын 14-нд Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Нассер Канани тус улс Бахрейн зэрэг бүх хөрш улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд бэлэн байгааг мэдэгджээ.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг