sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн урилгаар 2024 оны 06 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо.

Энэ айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд анх удаа болж буй дээд түвшний айлчлал юм.


Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.


Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Узбекистан Улсын Парламент Олий Мажлис-ийн Сенатын дарга Т.Нарбаева, Ерөнхий сайд А.Арипов зэрэг албаны хүмүүс бараалхана.

Айлчлалын хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Элчин сайдын яамыг албан ёсоор нээж, Монгол-Узбекистаны бизнес форум, соёлын хамтарсан тоглолт зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.