sonin.mn

ЛЮЦЕРН, 2024 оны зургаадугаар сарын 15 /AP/. Украинд энх тайван тогтоох эхний алхмуудыг төлөвлөх бага хурал Швейцарын Люцерн хотод өнөөдөр эхэлнэ. Швейцарын эрх баригчдын мэдээлснээр, “Украины энх тайвны дээд хэмжээний уулзалт”-д 92 улс, найман байгууллага оролцох бөгөөд төр, засгийн тэргүүний түвшинд 57 улс, сайдын түвшинд 29 улс, элч төлөөлөгчийн түвшинд 6 улс оролцох ажээ. Европын улстөрчдөөс Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Чехийн Ерөнхийлөгч Петр Павел, Финландын Ерөнхийлөгч Александр Стубб, Литва улсын төрийн тэргүүн Гитанас Науседа, Австрийн Ерөнхийлөгч Карл Нехаммер, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Италийн Засгийн газрын тэргүүн Жоржия Мелони, Эстонийн Ерөнхий сайд Кая Каллас, Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто, Сербийн Гадаад хэргийн сайд Марко Журич зэрэг хүмүүс оролцоно. 


АНУ-ыг дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Канад улсыг Ерөнхий сайд Жастин Трюдо төлөөлөх бол Өмнөд Америкийн орнуудаас Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Бразилын төлөөлөгч Франческа Буззи (ажиглагчийн хувиар), Эквадорын Ерөнхийлөгч Даниэль Нобоа, Мексикийн Гадаад хэргийн сайд Алисия Барсена зэрэг төлөөлөгчид ирэх ажээ. 


Ойрх Дорнодын орнуудаас Катарын Ерөнхий сайд шейх Мохаммед бин Абдулрахман бин Жассим Аль Тани, Бахрейны Гадаад хэргийн сайд Абдуллатиф бин Рашид Аль-Заяни, Израилын элч, Кнессетийн дарга асан Юлий Йоэль Эдельштейн болон бусад хүмүүс хүрэлцэн ирнэ. ТУХН-ийн орнууд болон ОХУ-ын хөрш орнуудаас Армени (Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Армен Григорян), Гүрж (Ерөнхийлөгч Саломе Зурабишвили) улсууд оролцоно гэдгээ мэдэгджээ.


Турк улсаас Гадаад хэргийн сайд Хакан Фидан оролцоно. Дээд хэмжээний уулзалтад Азийн орнуудаас Япон, Энэтхэг улс оролцох бөгөөд Японыг Ерөнхий сайд Кишида Фүмио, Энэтхэгийг Орост Элчин сайдаар сууж асан Капур Паван төлөөлөн оролцох аж. 


Африк тивээс Ливи улсын ерөнхийлөгчийн зөвлөлийн дарга Мухаммад Юнис аль-Манфа, Сомалийн Ерөнхийлөгч Хасан Шейх Махмуд, ӨАБНУ-ын сайд нарын танхимын гишүүн асан Сидни Муфамади болон бусад төлөөлөгч ирнэ. НҮБ бага хурлын ажиглагчаар оролцохоор болсон байна. ОХУ-ыг уг уулзалтад уриагүй бол Хятад улс оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг