sonin.mn

ВЕЛЛИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 14 /AFP/. Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Шинэ Зеландын хойд нутгийн төв болох Окленд хотод өнөө өглөө хүрэлцэн иржээ.


Ли Чян Шинэ Зеландаас гадна, Австрали улсад айлчлах бөгөөд түүний айлчлал зургаан өдөр үргэлжилнэ. Тэрбээр 2017 онд Ли Көчяны хийсэн айлчлалаас хойш эдгээр улсад айлчилж буй Хятадын хамгийн өндөр албан тушаалтан болж байна.



Дэлхийн банкны мэдээллээр, Хятад улс нь Шинэ Зеландын экспортын орлогын 30 хувийг бүрдүүлдэг боловч дэлхийн хоёр дахь том эдийн засгийн өсөлт саарсаар байвал энэ хувь хэмжээ үгүй болж болзошгүй гэж болгоомжилж байна. Хятадын томоохон экспортлогчид, хамгийн нөлөө бүхий компаниудыг төлөөлдөг Шинэ Зеланд дахь Хятадын зөвлөл баасан гаргийн орой Ли Чянтай уулзахаар төлөвлөжээ.


Хоёр талын харилцааг хөгжүүлэх боломжит шинэ талбаруудын талаар Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын санаа бодлыг сонсох гэж байгаадаа бид баяртай байна гэж тус зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. 


Шинэ Зеландын Засгийн газрын Шинжлэх ухааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Марк Пайпер өнөөдөр Ли Чянтай судалгааны байгууламжтай танилцах үеэр нь уулзсан байна. “Тэрбээр судалгаа болон мэргэжилтэн солилцоог нэмэгдүүлэх талаар ярьж байсан нь бидний ихээхэн сонирхож байгаа зүйл мөн.


Түүний хувьд хамтын ажиллагаа, Шинэ Зеландаас Хятадад, Хятадаас Шинэ Зеландад авчрах боломжтой үнэ цэнийн талаар сонирхлоо илэрхийлсэн” гэж М.Пайпер “Франс Пресс” агентлагт мэдээлжээ.


Шинэ Зеланд бол Бээжинтэй чөлөөт худалдааны иж бүрэн хэлэлцээр байгуулсан анхны хөгжингүй орнуудын нэг юм. Хятадын хэрэглэгчдийн хувьд Шинэ Зеландын дээд зэрэглэлийн мах, цагаан идээ, дарс зэрэгт дуртай байдаг. Ли Чян пүрэв гарагт Шинэ Зеландын нийслэл Веллингтон хотоос айлчлалаа эхлүүлэх үеэрээ худалдаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөрөнгө оруулах боломжуудын талаар дурджээ. Гэхдээ хоёр улсын хооронд үүсэж буй санал зөрөлдөөн нь “бидний харилцан солилцоо, хамтын ажиллагаанд саад учруулах ёсгүй” хэмээн хэлсэн байна. Бүс нутагтаа Хятадын хамгийн ойрын түншүүдийн нэг гэгдэж ирсэн Шинэ Зеланд улс нь Номхон далайн өмнөд хэсэгт явуулж буй Бээжингийн бодлогыг улам зоригтой шүүмжлэх болоод байгаа юм.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг