sonin.mn

“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр Увс, Ховд аймгийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Уулзалтын эхэнд тэрээр “Монголын улс төрд “Үндэсний Эвсэл” үүсгэн байгуулагдсан. Бидэнд үүд хаалга гэж байхгүй.


Өнгөрсөн 34 жилийн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлыг дүгнээд үзэхээр монголчууд бид улс төрийн намуудад хуваагдаж, хоорондоо тэмцэлдэж, хэмлэлдэж иржээ. Эцсийн дүнд нь өнөөдрийн Монгол бий болсон.


Иргэд бухимдалтай, залуучууд сэтгэл гутралтай байгаагийн гол шалтгаан нь улс төрийн намуудаас болсон байдаг. Эдийн засаг, нийгмийн тогтолцоондоо өөрчлөлт оруулж, чөлөөт зах зээлийн зарчим руу орсон ч төдийлөн өөрчлөгдөж чадсангүй.  Ялангуяа сүүлийн найман жил бид нэг намын тогтолцоо руу аажмаар гулсан орж байна. Бид өнөөдрийг хүртэл коммунист тогтолцооны суурьтай, цалин, нийгмийн даатгал, төсвийн бодлого гээд өөрчлөгдөж амжаагүй маш олон зүйлүүд байна.


Тэр үүднээсээ бид үндэсний ардчилсан үзлийг удирдлага болгож, төр, нийгмийн зүтгэлтэн Солийн Данзангийн “Иргэн баян бол улс баян” бодлогыг суурь зарчмаа болгон “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстнээрээ баяжъя” уриатай сонгуульд орж байна. Бид үнэнтэй зоригтойгоор тулж өөрчлөлт, шинэчлэлт хийнэ. Дээр хэлсэнчлэн бидэнд үүд хаалга гэж байхгүй. Улс орын төлөө гэсэн хэн бүхэнтэй бид хамтраад явах болно. Энэ ч утгаараа 10 мандаттай Баруун бүсэд бид дөрвөн нэр дэвшигчээ иргэдийн санал асуулга дээр тулгуурлаж илгээсэн” гэлээ. “Үндэсний Эвсэл”-ээс УИХ-ын 2 дугаар тойрогт буюу Баруун бүсэд Ц.Батдорж, Н.Цэвээн, Д.Авирмэд, Н.Давааням нар нэр дэвшиж байгаа билээ.


Уулзалтын үеэр Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр “Үндэсний Эвсэл”-д үүд, хаалга гэж байхгүй. Жагаа ахыгаа тайзнаа урьж байна. Бид улс эх орноо нэг намын тогтолцоо руу орохоос хамгаалах, хувийн хэвшлээ дэмжих нэг зорилго, чиглэлтэй явж байгаа” гээд мөн сонгуулийн сурталчилгааны уулзалтаар явж буй Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайханыг тайзнаа урьж гаргасан юм.


БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Та нар энэ Эвслийн залуусыг дэмжээрэй. Номтойбаярыг гаргаж ирье гэвэл саналын хуудасны нам, эвслийн хэсгээс нь “Үндэсний Эвсэл” гэснийг дугуйлах юм шүү. Мөнгө өгснийг нь сонгочихдог шүү, та нар. Өнгөрсөн 34 жил бид зөв сонголт хийсэн бол өнөөдөр ийм байдалтай байхгүй” гэлээ.