sonin.mn

Монголчууд бидний төр улсын түүх Хүннү улс, Хүннү гүрний үеэс нааш 3000 гаруй жилийн туршид үргэлжилсээр, Ази болон Европын зарим орны түүхийн эх сурвалжид ч дурдагдсаар иржээ. Хүннү гүрний үеийн олон хаадын (шанью нарын) нэр, намтар ч Хятадын түүх бичлэгт тэмдэглэгдэн үлджээ.


Төрийн гарамгай зүтгэлтэн, цэргийн том жанжид Монголын түүхэнд олон байв. Тэдний ачаар Монголын төрийн голомт 3000 гаруй жилийн туршид тусгаар байдал, бүрэн эрхээ хадгалсаар, харийн түрэмгийллийг ч няцаасаар байжээ.


Монгол төр улс хүчирхэгжих, доройтохыг бусад улсын адил л үзсээр байв. Нийтийн тооллын өмнөх (НТӨ) II, III зуунд, НТ-ын I, II зуунд, мөн НТ XIII, XIV зуунд Монгол төр улс ихэд хүчирхэгжиж тэр цаг үеийн дэлхий дахинд нөлөө, хамаарлаа тогтоож, Ази, Европыг дамнасан эзэнт гүрэн болж ч явжээ. Дурдсан зуунуудад төрийн гарамгай зүтгэлтнүүд ч олноороо төрөн гарчээ. Тухайн тэр цаг үеүдэд Төв Азийн өндөрлөг дэх олон хэл, олон угсааны нүүдэлчдийн хоорондын харилцаа, мөн нүүдэлчид ба Хятадын улсуудын (Ся, Шан, Чжоу) хоорондын харилцаа яалт ч үгүйгээр Монгол төрийн гарамгай зүтгэлтэн, цэргийн том жанждыг төрүүлэн гаргаж байжээ. Амьдрал, практикийн бодит хөрснөөс төрөн гарч, төлөвшиж, ухаажсан Монгол төрийн зүтгэлтнүүд Хятадын хаадтай эн чацууран дайн ба энхийн асуудал, нутаг дэвсгэр ба хилийн асуудал, монголчуудын аюулгүй байдлыг цаг цагтаа амжилттай шийдвэрлэсээр ирсэн түүхийг, сургамжийг бидэнд үлдээжээ. Харин өнөөдөр мөнхүү түүхэн уламжлалыг бид хэрхэн, яаж авч явж, алдаж бас оносоор байна вэ? Энэ тухай цөөн зүйл өгүүлье.


Нийгэм ашиг, сонирхлын бүлгүүдэд хуваагдах, тэдгээрийн эрхийг илэрхийлдэг хүмүүс (улстөрчид), хамгаалдаг улстөрийн нам, фракциуд олшрох хэрээр төрийн жинхэнэ зүтгэлтний тоо цөөрөн, цөөрсөөр бүр үгүй болдог үзэгдэл ХХ, XXI зуунд олон оронд ажиглагдлаа. “Монгол төрийн зүтгэлтэн”, “Монголын улстөрчид” гэдэг бол ялгаатай ойлголт, ижилгүй нэр томъёо, огт өөр хүмүүс юм.


Төр улсынхаа төлөө, үндэс угсааныхаа төлөө, ард олныхоо төлөө нэгэн сэтгэлээр зүтгэж, тэмцэж, амь амьдралаа зориулсан, хариуд нь юу ч горилоогүй (нэр алдар, шагнал урамшил, өмч баялаг гэх мэтийг), өндөр ёс суртахуунтай хүнийг л төрийн зүтгэлтэн, гарамгай эх оронч, үндэсний баатар гэдэг. Бүх улс, үндэстэнд энэ болзол, шаардлага адилхан. Жишээ нь АНУ-ын хүнд бэрх үед (иргэний дайн, сүйрэл, өлсгөлөн) анхны ерөнхийлөгч нь цалин хөлсгүй ажиллаж, хувийн хөрөнгөөрөө ядуусыг тэтгэж байв… Хүн амын дотор янз бүрийн ашиг, сонирхол бүхий олон бүлэг, давхраа буй болчихлоор олон жижиг нам үүсдэг, өөрийгөө “улстөрч” гэж тооцдог олон хүн бас буй болдог. Гэхдээ тэдний дийлэнх олонхи нь нийт олны ашиг, сонирхлыг илэрхийлдэггүй. Тэдэнд тийм хэмжээний, тийм түвшний мэдлэг, чадвар ч байдаггүй. Ингэхлээр улс үндэстний хэмжээ, түвшний улстөрч, төрийн зүтгэлтэн гэдэг бол ховор хүмүүс, цөөн хүмүүс, ихээхэн үнэ цэнтэй хүмүүс юм.


Амьдрал, тэмцэл дундаас шалгарч, тодорч, өргөн олон түмний итгэлийг олж, хүлээж, хэн болохыгоо харуулж, нотолж байж “төрийн зүтгэлтэн” гэдэг үнэлгээг ард түмнээс авдаг жамтай. Ийм нэр, үнэлгээтэй хүн, төрийн зүтгэлтэн өнөөдөр хэд байна вэ? Хэн хэн байна вэ?...


Орчин үед өөрийгөө улстөрч хэмээн нэрийдэж буй хүмүүсийн дийлэнх олонхид нь төрийн зүтгэлтний үнэр ч байхгүй. Дүрсэлж хэлэх аваас хүн амын доторхи аль нэгэн явцуу бүлэг, бүр цөөн хэдэн хүний ашиг, сонирхлыг дээдлэн үздэг, тэдний эрх, ашгийг хамгаалах зорилгоор нам байгуулаад төрийн өндөрлөгүүдрүү зүтгэж байдаг этгээдүүд ч буй болчихжээ. Ямар ч үнэ, аргаар хамаагүй “Саарал Ордонд” ороод, төрөөс төрсөн тэрбумтан болох л ганцхан зорилготой, тэгэхдээ өөрийгөө “улстөрч, төрийн түшээ” хэмээн өргөмжлөн нэрлэдэг хүний тоо өссөөр л байна. Ингэхлээр улстөрч бүхэн төрийн зүтгэлтэн биш юм. “Улсын Их хурлын гишүүн байсан гэх үгээр хувийн хэргээ баяжуулах зорилгоор л нэр дэвшиж сонгуульд оролцож байна” гэж хэлэх хүн ч надтай тааралдаж байв… Өнөөдөр Монголд дээд шүүхэд бүртгэлтэй 40 шахам тооны нам байгаа. Тэр олон намын ихэнх нь “тоглоомын” гэхээр шахуу “шинж, чанартай” болох нь ч тодорхой юм. Гэхдээ л тэд өөрсдийгөө “улстөрийн нам”, “улстөрчид”, “төрийн түшээ болох сонирхолтой” гэхчилэн дөвийлгөн ярьж, нэрлэж байна. Жинхэнэ утгаар нь, болзол ба шаардлагыг хангаж буй утгаар нь, уг хүний мэдлэг, боловсрол, туршлага, нэр хүнд, ёс суртахууны чанар, байдлаар нь “Монгол төрийн зүтгэлтэн” болж чадах бэлтгэлтэй хэмээн үнэлэхүйц түвшний эрэгтэй, эмэгтэй иргэд л “Саарал Ордонд” маань сонгогдон ороосой билээ! 30 гаруй жилийн уналт, доройтлоосоо Монгол улс маань гарчихаасай, тэргүүний гэгдэх улс орон, нийгмүүдийн нэг нь болчихоосой!


Төр засаг маань ард түмнээсээ төрдөг, төрмөгцөө л ард түмнийхээ аюулгүй байдал, эрүүл мэнд, амьдралын түвшний төлөө эцэг хүн, эзэн хүний сэтгэлээр зүтгэдэг, тэмцдэг байгаасай! Ийм цаг ирэх ёстой. Тэр цагийг ард иргэд бид л авч ирэх учиртай.


УИХ-ын сонгууль бол энэнд туслах хамгийн чухал арга хэмжээ, тайван замаар өөрчлөлт, шинэчлэлд хүрэх боломж юм. Монголын нийгэм, хүн ам өнөөдөр олон бүлэг, давхраанаас бүтэх, бүрэлдэх болжээ. Олигархиуд, баячууд, дундчууд, ядуус гэж ангилж болно. Олигархиудын гар хөл, баячуудын туслахууд, үйлчлэгчид, төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн газруудын ажилчид, хувийн секторт ажиллагчид, элдэв зүсмийн мөнгө хүүлэгчид, ганзагын наймаачид, малчид, тариачид гэж ч ангилж бас болно. Нийгэм, хүн ам дахь элдэв бүлгүүдийн төлөөлөл болсон популистуудын тоо ч хот, хөдөөгүй өссөөр байна. Улстөрийн популизм, популистуудад сайн нөлөө, сайн үр дагавар ч бий, бас сөрөг нөлөө, муу үр дагавар ч бий. Гэхдээ л төрийн зүтгэлтэн, том улстөрчдийг элдэв зүсмийн жижиг улстөрчид, утсан хүүхэлдэйнүүдээс ялгаж, салгаж, онцолж үзэж, өргөнөөр дэмжиж байх учиртай. Тэгж байж л төрийн жинхэнэ зүтгэлтнүүдийн тоо олширч, эгнээ нь өргөжиж, үйл ажиллагаа нь амжилт ба ялалтыг авч ирж байх болно. Өргөн олон түмний халуун дэмжлэггүйгээр Монгол төрийн жинхэнэ зүтгэлтэн төрөн гарах бололцоо үгүй. “Өндөр модтой ой дотор л хамгийн өндөр мод ургадаг”, ухаалаг, оюунлаг ард түмний дундаас л төрийн том зүтгэлтэн, үндэсний баатар төрөн гардаг. Ингэхлээр эзэд нь, ард иргэд нь, сонгогчид нь хичээх аваас л сайн хүн, зөв хүн, улс орноо өөд нь татаж чадах хүмүүс УИХ-д олонхи болох боломжтой. Хариуцлагагүй сонгогчид, үнэнээс хол сонгогчид төв төрөө чанаржуулж чаддаггүй. Чанаргүй төв төрийн балгаар улс орон, ард түмэн сүйрэлд ордог. Ингэсэн жишээ, баримт ч олон.


Төр, засгаа чанаржуулж болох энэ 2024 оны сонгуулийг эх орон нэгтнүүд минь жинхэнэ ёсоор ашиглаасай, хүсэн хүлээсэн үр дүн нь гараасай, Монгол төр маань ард түмнийхээ авралын од, алтан нар болон мандан бадраасай!


БНХАУ-ын иргэн монгол угсааны хүмүүс нийт тоогоороо БНМУ-ын иргэн монгол угсааны хүмүүсээсээ олон байдаг боловч тэд ясархах, нутгархах, жалга довоороо нэгнийгээ гадуурхах нь үгүй байна. Гэтэл гурван сая гаруйхан бид (бараг хагас нь хүүхэд, залуус) буриад, халх, баяд, дөрвөд гэхчилэн гадуурхах, муучлах өнгө аясаар хандах нь жигшмээр үзэгдэл юм. Цөөхөн хүн амтай улс орон дотроо хагарах, сөргөлдөх аваас харийнхны идэш, олз болдог, тусгаар тогтнолоо алддаг. Энэ бол түүхээр нотлогдсон үнэн, монголчууд бид ч энэ гамшгийг 200 гаруй жил үүрсэн, хохирсон...Ахархан бодолтой, бусармаг зорилготой, бүлгийнхээ л ашиг, сонирхлыг урьдал болгодог хүмүүс нам байгуулаад, талцаад, сөргөлдөөд, хагараад, иргэний дайнд уриалаад эхлэх аваас Монгол нэртэй тусгаар улс сөнөх, устах нь хэдхэн л жилийн дотор болж өнгөрнө. Эргээд засрах боломж огт байхгүй!


“Эвлэвэл бүтдэг, эвдэрвэл гутдаг” түгээмэл зүй тогтолд хүн төрөлхтөн, хүний нийгэм захирагддаг.


Намуудын нэр дэвшүүлсэн жагсаалтаас харах юм бол өмнө нь сонгогдож байсан, нэр ба нүүрээ багагүй хэмжээнд хиртүүлж амжсан хүмүүс ч цөөнгүй байна. Тэд дахин сонгогдож чадвал нэрээ цэвэрлэх, алдаагаа засах болов уу?, бүр эрэмшин танхайрагч, жолоогүй шуналтанд хувилах болов уу? “Саарал ордонд тухлах” өвчин шахуу болчихсон хүслийн нь цаана ямар зорилго нуугдаж байна вэ? Гай тарьсан хүнд ч гэсэн гавъяа байгуулах хүсэл, зорилго байж болно л доо... Тэд үгээ хэлж, үүрэг авах, зөв хүн, зөв улстөрч, жинхэнэ төрийн хүн болж төлөвшиж чадсанаа харуулах, нотлох эрхтэй л дээ. Гэхдээ сонгогч олныг итгүүлж чадна гэдэг бол тун ч амаргүй даваа, бараг л биелэшгүй зорилго болчихоод байгаа нь үнэн.


Олон хүн, олон намаас сонголт хийхээр болчихлоо. Хэн болохоо нэгэнт сөргөөр харуулчихсан хүмүүст сонгогдох магадлал бараг л үгүй байх...


Аль нам, аль хүн улс эх орон, ард түмнийхээ төлөө чин сэтгэлээсээ санаа зовниж, зөвийг хийж, алдааг засаж байна вэ? Сонгогчид зөвхөн ийм л байр, сууринаас хандаж санал өгөх ёстой. Нэр дэвшигчдийн дунд засаршгүй хулгайч, авилгачид ч буй, ганцхүү хувиа л хичээх сэтгэлтэй хачиг, хувалз ч буй, элдэв зүсмийн “савангийн хөөс, нолийн цааснууд ч” буй,... ингэж бодож л ялгах, салгах үүрэг сонгогчдод буй. Энэ үүргээ манай сонгогчид 9 дэх удаагийн оролцоогоороо хэрхэн биелүүлэх бол оо? Уул нь 9-ийн тоо тун ч их учир утгатай, бэлгэдэлтэй, шүтэгдэж, дээдлэгдэж ирсэн тоо юм шүү! Арга ядахдаа л энэнийг дурдлаа.


Судлаач, профессор Д.Чулуунжав