БНСУ-д анагаахын сургуульд элсэгчдийн тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөг эсэргүүцэж дадлагажигч эмч нар ажил хаялт зарлаад байгаа. Засгийн газраас анагаахын сургуульд элсэгчдийн тоог 2025 оноос эхлэн 2000-аар нэмэгдүүлэхээр төлөвлөснийг эсэргүүцэн тус улсын 13 мянган дадлагажигч эмчийн 90 гаруй хувь нь ажил хаялтад нэгджээ.
Тэгвэл тус улсын ерөнхийлөгч Юн Сог Ёль Засгийн газар хэлэлцээ хийхэд бэлэн байна хэмээн мэдэгдлээ. Тэрээр 50 минутын турш ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудлаар зөвшилцөлд хүрэхийг эрмэлзэж байна хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Мөн тэрээр, эмч нар ажил хаясны улмаас хүндрэл учирч байгаад хүлцэл өчөөд өөрсдийн ашиг сонирхлыг нийгмийн эрүүл мэндээс дээгүүрт тавьж байгаа нь буруу гэж эрүүл мэндийн салбарынхныг шүүмжлэв.
“Хэрэв та бүхэн илүү оновчтой, үндэслэлтэй шийдлүүд гаргавал бид тэдгээрийг хэлэлцэхэд бэлэн байна. Төрийн бодлого илүү сайн тал руугаа өөрчлөгдөх боломжтой” гэлээ.
Харин эрүүл мэндийн байгууллагын зарим мэргэжилтнүүд Юн Сог Ёлийн засаг захиргаа тэдэнтэй урьдчилан зөвлөлдөөгүйг дурдаад, түүний засгийн газар дадлагажигч эмч нарын цалин бага байгаа зэргийг засаж залруулах чиглэлд дорвитой алхам хийхгүй байгааг шүүмжилсэн байна.
52 сая хүн амтай Өмнөд Солонгост 2022 оны байдлаар 1000 хүнд 2.6 их эмч ногдож байгаа нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /OECD/ гишүүн орнуудын дундаж үзүүлэлтээс /3.7/ хавьгүй доогуур байгаа аж.
Б.НАНДИН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл3
Өмнөд Солонгост төрөлт буурч байгаа шалтгаан нь олон хүүхэд төрүүлвэл зардал их гарна. Дээр нь солонгос эмэгтэйчүүд хүнтэй гэрлэж нөхөртөө хүчирхийлүүлэх хадмууддаа гадуурхагдаж явнаас хүүхэдгүй ганцаараа ганц бие амьдарсан дээр гэж боддог.
хүн ам нь нэг их өсөөгүй биз дээ. гэхдээ элсэгч их. ажлын байранд очих хүний тоо их биз
Өмнөд Солонгос бол америкуудыг хэт их шүтэж дуурайснаасаа болоод оюун санааны үнэт зүйлсээ бүрэн гээж золбирсон үндэстний тод жишээ юм. Бурханы шашнаа хүртэл христийн шашнаар сольж золбинтсон хүмүүс. Манай монголчууд нүүдэлчид болохоор шинэ сонин юманд их татагддаг, сониуч, саваагүй хүмүүс гэж боддог байсан чинь хаа очиж солонгосуудын дэргэд төлөвшсөн зангарагтай үндэстэн юм биш үү. Энэ ёл бол их өвчигнүүр хөнгөмсөг маягийн этгээд дээ.