sonin.mn

Би Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул. Хуучнаар бол Засагт хан аймгийн Дайчин засгийн хошуу гэсэн үг. Халх урианханы хоёр хошууны нэг л дээ. Өчигдөр хэдүүлээ хууч хөөрч суутал нэг маань “Өнөөдөр чинь баруун хилийн тулгаралт дууссан тэмдэглэлт өдөр. Засгийн газрын тогтоолтой” гэж хэлснээр ярианы сэдэв өөрчлөгдөв. “Монголын хасгуудын нэлээд олных нь өвөг дээдэс манай суманд түр зуур нутагласан удаатай. Оспаны дээрэм бол жич бөгөөд тодорхой асуудал. Харин тухайн үеийн Шинжааны улстөрийн нөхцөл байдлаас болоод амар амгаланг хүсч Монголыг авралаа болгож ирсэн энгийн номхон хасаг хүмүүс олон байсан нь өөр асуудал” гэж хэлтэл өөрийгөө түүхч гэж танилцуулсан нэг залуу “Та түүхч биш, сэтгүүлч хүн болохоор түүхтэй холбоотой элдэв мэдээллийг нягталж чадахгүй сенсаацалж байна” гэж буруутгав. Бусад нөхдөө тухгүй байдалд оруулахгүйн тулд би түүнтэй мэтгэлцэхийг хүсээгүй ч залуу үе маань, бүр мэргэжлийн түүхч нь хүртэл түүхээ мэдэхгүй болж байгаад харамсах сэтгэл төрж сүүлчийн буун дуун 1952 онд гарснаас хойш сая нэг амар жимэр болсон баруун хилийн будилааны талаар мэдэх зйүлээ бичиж байх ёстой юм байна гэж бодов. Тэгээд бидний хэдэн нөхөд 2023 онд хэвлүүлсэн “Говь-Алтай түгээмэл толь”-д орсон “Хил хамгаалал, хасгийн дээрэм”, “Османы дээрэм”, “Орж ирсэн дүрвэгсэд” гэсэн хэд хэдэн бичвэрээс “Орж ирсэн дүрвэгсэд” гэж толгойлсон бичвэрээ дор хуулан толилуулж байна.


Тэнд: “БНМАУ-ын хилийн баруун өмнөд тал буюу шинээр байгуулагдсан Алтай аймгийн нутаг [Алтай аймаг нь 1931 онд байгуулагдсан 13 аймгийн нэг, Ховд, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, өмнүүр болон баруугаар гадаадтай хиллэдэг байсан.


–Б.Г.] Элст мянганаар 1931 оны арванхоёрдугаар сард Хятадын талаас олон тооны хасаг, чантуу иргэд нэвтрэн орж иржээ. Нийт 447 өрх, 2447 хүн, 44913 толгой малтай дүрвэгсэд орж ирэхдээ 300 гаруй хурдан буу, 100 гаруй бирдаан болон цахиур буутай байжээ.


Тэдгээр хасаг, чантуу нь бид Шинжаанд байхдаа өөрийн гэсэн газар нутаггүй, Хятадын дотоод дахь дайн байлдааны хөлөөс дайжин ууланд орогносон ч тэндээсээ хятадын хар цэрэгт хөөгдөн хоргодох газаргүй болж Монголд орж ирсэн, танайд дагаар орно гэж мэдүүлжээ. Тэдний олонхи нь Ардын засгийн бодлогыг дагаж, амар жимэр суухыг хүссэн ядуу дорой, энгийн номхон иргэд боловч, Монголд тогтвортой амьдарч дагаар орох найдвар багатай нааш цааш орж гарсан нэг хэсэг бас байжээ. Цагаачид хилийн ойр нутаглах хүсэлтэй, Монголын тал болохоор тэднийг аль болох нутгийн гүн рүү суурьшуулах сонирхолтой байв. Бидний толгойг цавчсан ч Тамч, Бугатын даваагаар давахгүй, харин Бүс хайрханаас баруун тийш, Тахийн шар нуруу хүртэлх газарт нутаглан сууна гэж хасгууд амлажээ [Одоогийн Говь-Алтай аймгийн Тонхил, Бугат сумын нутгууд. –Б.Г.].. Тэднийг эхлээд Тамч, Могойн гол, Урд хулд хавиар, дараа нь Тамчийн даваа, Биж, Дэрстэй, Гашууны худаг [одоогийн Тонхил, Бугатын нутаг. –Б.Г.], сүүлдээ хүсэлтийнх нь дагуу хойшоогоо Цэцэг нуур [Ховдын нутаг. –Б.Г.], урагшаа Алаг нуур [Бугатын нутаг. –Б.Г.] хүртэл ихээхэн газарт нутаглуулжээ. Алтай аймагт орж ирсэн хасгуудын зарим толгойлогч Улаанбаатар хот орж Засгийн газрын холбогдох хүмүүстэй уулзан яриа тохироо хийж байхад, зарим нь бусдыгаа буцаж нүүхийг ятгах, дарлаж дээрэлхэх, гадаадтай холбоо тогтоохыг эрмэлзэх зэргээр зүйл бүрийн араншин гаргаж байв. Монголчуудын нэг хэсэг нь нутаг орноосоо оргож босон гарч байх тэр цаг үед, тэдэнтэй бараг зөрөн орж ирсэн, урьд өмнө өөрсдийг нь алж талж, тонож дээрэмдэж байсан харийн цагаач хасаг чантуу нарт Алтайн ард түмэн уужуу тусч сэтгэл гарган, буудал бууцаа хуваалцан болж бүтэхээрээ багтан сууцгаасан байна.


Буцаж нүүсэн цагаач нар монголчуудын мал хөрөнгөнөөс авч явсан, нутагшин суухдаа өвөлжөө бууцыг эзэрхийлэн эзэмшсэн гэхээс өөр ноцтой хэрэг зөрчил гаралгүй гурван жил шахам нутаглаж байгаад зарим нь хойшоо нутаг тэлж, Ховд руу нүүн суурьшжээ.


Дотооддоо олон бэрхшээл, хүндрэлтэй байсан Алтай аймгийнхан хасгуудыг аль болох амар тайван байлгахын тулд эд мөнгө, эмнэлгийн тусламж үзүүлж, өвөлжөө бууцаа өгч, тэдний дотор ухуулга хийж, хүн (хүүхэн) худалдах үйлдлийг нь хэлж сэнхрүүлэн хязгаарлах зэрэг ажил зохиожээ. Дүрвэн ирэгсдийг хил орчимд байлгаж, дураар нь хоёр улсын хил зөрчүүлж, нааш цааш холхиулан Шинжаанд болж буй цэрэг дайны хэрэгт оролцуулбал Хятадын дотоодод болж буй дайн самууныг дэмжигч түшиц газар нь Монгол Улс гэх ойлголт төрүүлж, тэр нь Монгол-Хятадын харилцаанд таагүй асуудал үүсгэнэ гэсэн болгоомжлол Монголын Засгийн газарт байсан учраас цагаач хасаг, чантуу нарын дотор Засгийн газрын төлөөлөгч томилон ажиллуулжээ. Мөн тэдэнтэй аймгийг төлөөлөн харьцах хасаг хүнийг түр томилон ажиллуулав. 1933 оны үеэс цагаач хасаг, чантуу нар хойшоогоо Ховдын Булган, Барлаг чигт нүүн суурьшихаар болоход Алтай аймгийн удирдлагууд Ховд аймгийн дарга нарт тусгай захидал илгээн хасаг, чантуунуудын Монголд ирсэн зорилго, одоогийн байдлын талаар нь ойлголт мэдээлэл өгч хамтран ажиллаж байжээ” (эх сурвалж: Б.Галаарид, Д.Дүгэрсүрэн, В.Түвшинтогтох, Э.Бишрэлт.


Говь-Алтай түгээмэл толь. –Уб, 2023. тал.319-20) хэмээн дурдсан нь буй. Энэхүү тольд зөвхөн одоогийн Говь-Алтай аймгийн газар нутагтай холбоотой мэдээллийг түүж оруулсан болохоор бусад аймагт холбогдох дүрвэгсдийн мэдээлэл байхгүй юм.


Тэгэхээр орогнол хүссэн хасаг, чантуу нар 1931-1933 оны хооронд манай сумын нутагт нутгийн иргэдтэй буудал нутаг хуваан амьдарч асан нь хөдөлбөргүй үнэн юм. Тэр бүү хэл хасгуудын гэрийн буурь гэх гэрийн орыг ахмадууд бидэнд зааж өгөхдөө тэд нар гэрээ хойш нь, манайхан урагш нь харуулж барьдаг байсан хэмээн хуучилдаг байсан нь санаад тодхон байна. Гэхдээ манай сумын хөгшчүүд хасаг л гэхээс чантуу гэж ер чрьж байгаагүй юм байна шүү.



Урианхан Б.ГАЛААРИД

2023.06.09.