sonin.mn

ХБНГУ-ын Мюнхен хотод аюулгүй байдлын асуудлаарх бага хурал болсон билээ.

Хурлын уур амьсгал, хэлэлцэж буй асуудлын тухайд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И: "Мюнхений аюулгүй байдлын бага хурлын илтгэл гутранга сонсогдсон. Энэ нь олон хүний анхаарлыг татсан байх. Мэдээж, нэг талаар Европын орнууд олон улсын нөхцөл байдал, дэлхийд нүүрлэсэн хямралд цөхөрч буйг харуулж байна. Дэлхий дахинд засаглалын хямрал нүүрлэж, геополитикийн нөхцөл байдал хүндэрч, аз туршсан дүрэмгүй тоглолт ихсэж буй нь ийм эмгэнэлт байдалд хүргэж байгаа нь гарцаагүй. Ийм нөхцөлд олон улсын хамтын нийгэмлэг Хятадын байр суурийг сонсохыг эрмэлзэж байна. Ийм учир Мюнхений бага хурал тусгайлан Хятадын салбар хурал зохион байгууллаа. Бидний байр суурь бол тодорхой. Тодорхойгүй, савлагаа ихтэй дэлхий дахинд Хятад улс тогтвортой хүчин зүйл болохыг хүсэж байна. Хятад Улс харилцан хүндэтгэсэн, харилцан итгэлцсэн байдалд олон улсын хамтын ажиллагаа явуулж, дэлхийн халуун цэгийн асуудлыг яриа хэлэлцээ зөвшилцлийн замаар шийдэх байр суурьтай. Би сая хурлын үеэр Америк, Англи, Франц, Герман, Европын холбоо, Канад, Аргентин, Украйны талтай ярилцаж, уужуу багтаамжтай, нээлттэй, олон талт бодлого хэрэгжүүлж, дарангуйллаас татгалзах хэрэгтэй тухай санал солилцсон.


Украин болон Израил-Палестины асуудал бол дэлхийн хоёр том халуун цэг болоод байна. Эдгээр халуун цэгт зэвсэгт мөргөлдөөн намжих төлөв ажиглагдахгүй байгаа ч талуудын нийтлэг ойлголт ойртож, хамтран ажиллах эрмэлзэл нэмэгдэж байна.


Би тэдэнд Хятадын байр суурийг танилцуулсан. Бид улс төрийн аргаар зохицуулах зарчим барьж, хэлэлцээний ширээнд суулгахаар хичээж байна. Бид шударга, зүй зохистой хувилбар хайж олох ёстой, тэгэхгүй бол байдал улам ноцтой үр дүнд хүрч мэднэ. Украины хямрал удаан үргэлжлэх нь олон улсын хамтын нийгэмлэгийн ашиг сонирхолд нийцэхгүй. Ямар ч мөргөлдөөнийг ширээний ард сууж хэлэлцээрийн аргаар шийддэг. Украины хямралд түүх зөв дүгнэлт хийх болно. Палестин-Израилийн мөргөлдөөн 100 гаруй хоног үргэлжилж, 30 мянган хүн амиа алдаж, 1.9 сая хүн орон гэрээ орхин дүрвээд байна. Газын зурвасын нөхцөл цаашид хүндэрвэл хүмүүнлэгийн улам ноцтой хямрал бий болно. XXI зуунд олон улсын хамтын нийгэмлэг хүний ертөнцийн ийм их гаслан зовлонг ойшоохгүй байж яаж болох билээ" гэжээ.


Г.Бямба