sonin.mn

Эргэлт.мн мэдээллийн сайтын Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатартай ярилцлаа.

 

 -“Еrgelt.mn” мэдээллийн сайтын хамт олон “Сүүлчийн нүүдэлчид” номоороо салбартаа өнгө, хүч нэмсэн. Ер нь мэдээллийн сайт мэргэжлийн, бүтээлч байж чаддагийг танай хамт олноос олж хардаг. Хэвлэлийн мэдээллийн салбарт өөрийн гэсэн онцлогийг бий болгож яваа редакцыг ямар бодлогоор зангидаж, юунд зорьж явна вэ. Энэ талаар эхлээд асуумаар байна?


-Баярлалаа. Манай Эргэлт.мн мэдээллийн сайтын хамт олон уншигч, үзэгчдэд өдөр тутмын мэдээ мэдээлэл хүргэхээс гадна цаг ямагт сэтгүүл зүйн сайн бүтээл хийх зорилго тавин ажиллаад зургаан жил болжээ. Энэ зорилгодоо хүрэхээр жил бүр шинэ ажил санаачлан хэрэгжүүлдэг. 2025 онд бид гурван ажил төлөвлөн биелүүлээд байна.


Нэгдүгээрт, УИХ-ын сонгуулиар анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдсэн. Үүнтэй холбоотой 126 гишүүний хэн нь хэн бэ, улс төрийн аль бүлэглэл, фракцад байдаг, хамаарал бүхий компаниараа төрөөс тендер тэргүүтэй ямар нэг эрх ашигтаа нийцсэн зүйл давуу эрхээрээ авдаг эсэх баримтыг “126” буюу “Эргэлт” сэтгүүлийн IV дугаартаа дэлгэсэн.


Хоёрдугаарт, “Давс үүрсэн 40 жил” нийтлэлээ баримтат кино болгож, олон улсын кино наадмуудад оролцуулахаар төсөл болгосон. “Давс үүрсэн 40 жил” баримтат кино төслөөрөө Монгол Улсад болдог хэд хэдэн кино төслийн уралдаанд амжилттай оролцоод байна. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард Берлиний кино наадамд баримтат киногоо танилцуулаад ирлээ. Гуравдугаарт, бид “Сүүлчийн нүүдэлчид” хэмээх 32 хүний хөрөг нийтлэл номоо монгол, англи хэлээр эмхэтгэн өнгөрсөн арваннэгдүгээр сард Европын зургаан оронд, сарын өмнө Монголдоо нээлээ.


-“Сүүлчийн нүүдэлчид” номыг яагаад хийхээр болов. Сэдэл санаа яаж төрөв. Бас ном бүтээхэд санаагаа хадгалаад явахаас илүүтэй ханцуй шамлан орох нь маш чухал байдаг. Та бүхнийг уран бүтээлийн энэ замд түлхэж, зоригжуулсан зүйл гэвэл юуг нэрлэх вэ?


-Монгол Улсад хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагаа явуулахад санхүүгийн асуудал маш хүндрэлтэй байдаг. Дийлэнх хэвлэлийн байгууллага улстөрчид болон төр, төрд орсон бизнесийнхэн, улс төрийн намаас санхүүждэг нь бодит үнэн. Энэ нь хараат сэтгүүл зүйг бий болгож байгаа нь ч нууц биш. Дээр нь сэтгүүл зүй соён гэгээрүүлэх үүргээ гүйцэтгэж чадахаа больсон. Нийгмийн асуудлыг хөндөхөөс илүү улс төрийн сэдэв л чухал юм шиг ажилладаг болчихлоо. Энэ зогсолтгүй өрнөөд буй асуудлуудыг амьсгаа аваад анзаарах гэж, улс төрийн хараат байдлаас хэсэг ч болтугай ангижрах үүднээс бид энэ уран бүтээлийн эрэлд гарч, номоо гаднын улсад нээхээр зорьсон юм. Мөн гаднын хэвлэл мэдээллийн байгууллагууд чухам ямар зарчмаар үйл ажиллагаа явуулж байна вэ, гаднын зах зээлд ямар боломж байна вэ гэдгийг давхар судлах зорилготой байлаа.


-Номонд багтсан түүхүүдээс сонирхуулж болох уу?


-Монгол Улсын онцлог, ондоошлыг харуулсан сэтгүүл зүйн бүтээлийг яаж гаднын уншигчдад хүргэх вэ гэдэг дээр бид нэлээд бодсон. Ингээд хүний амьдралд тохиолдсон бодит түүхийг хүмүүс их сонирхдог болсныг, амьдралын бодит түүхийг харуулсан ном, сэтгүүл, киног дэлхий нийт хүлээн зөвшөөрч, уншигч, үзэгчид энэ чиглэл рүү шуурч байгааг бид анзаарсан. Ингээд нүүдэлчин монголчуудын үнэт зүйлсийг харуулсан 32 хүний түүхийг “Сүүлчийн нүүдэлчид” номонд багтаагаад байна.


Тухайлбал, тэнгэрийн байдлыг шинжиж, таньдаг шинжээч, хүн амьтны мөрийг алдалгүй таньдаг мөрчийн түүх, зэрлэг ан амьтдыг устаж үгүй болохоос аварч усалдаг өвгөний түүх, байгалийн давсны ордоо элсэнд дарагдахаас хамгаалж байгаа дөрвөн хөгшний нөхөрлөлийн түүх, цээжээр татсан цасыг туулж, зах хязгаар нутгийн иргэддээ эмнэлгийн тусламж үзүүлдэг залуухан эмч, сургуульдаа мориор явдаг ах дүүс, хөвч тайгад төөрсөн ч эсэн мэнд олдсон 10 настай хүү, өвлийн тэсгэм хүйтэнд осгосон дөрвөн настай хүүхдийг монгол арга ухаанаар аварсан эмчийн түүх зэрэг хүний амьдралын сайн сайхны дууль болж байгаа эгэл жирийн хэрнээ эгэлгүй баатруудын түүхийг хөрөг нийтлэл болгон эмхэтгээд байна. Энэ сэдвүүд монголчуудын дунд байдаг л аж байдлын түүх юм шиг боловч суурин иргэншлийн хувьд ховор содон баримт юм. Өөрөөр хэлбэл, байгалиа таньж, шинждэг, зэрлэг ан амьтдаа усалдаг, өвс тэжээл тавьж өгдөг, авран хамгаалдаг, ширэнгэн ойд төөрсөн ч байгальдаа дасан зохицож амьд гарч чаддаг эр зориг нүүдэлчин монголчуудад л бий. Дээр нь Малайзад амиа алдсан охиныхоо төлөө үнэн мөнийг олохоор тэмцэж яваа аавын түүх, хогийн цэгийн амьдралаас яаж хувьцааны гол тоглогч болсон сонин түүхийг ч энэ номонд багтаасан.


Хөдөөгийн буйдхан сургуулийн сурагчид өвлийн хүйтэн, хаврын хавсарганд, намрын бороотойд ч мориор сургуульдаа явдаг гээд бод доо. Тэд дулаан гэрээсээ машинд суугаад сургуульдаа хүргүүлэх боломжтой ч мориор сургуульдаа явах нь амьдралынх нь хамгийн том туршлага, дурсамж болж байна.


Сургуулиасаа гэр рүүгээ, гэрээсээ сургууль руугаа морин дэл дээр давхиж явахдаа хүүхдүүд олон зүйлийн талаар эргэцүүлж бодно. Эндээс амьдралд тэвчээртэй байхаас эхлээд эргэцүүлэн бодох арга ухаанд суралцаж байгаа юм. Иймээс л бид монголчуудын аж байдлын тайлагдашгүй нууц, арга ухааныг хөрөг нийтлэлээрээ дэлхийн уншигчдад хүргэх гэж зорьсон нь энэ.


-Танай хамт олон номоо тэврээд нэн тэргүүнд дэлхийг зорьсон. Гаднынхан нүүдэлчдийн амьдралыг хэрхэн хүлээн авч байсан бэ. Яагаад өөр улс оронд нэн тэргүүнд нээж, танилцуулах нь чухал гэж үзсэн юм бэ?


 -Бүгд найрамдах Унгар, Чех, Австри, Франц, Итали, Щвейцарийн Холбооны Улс зэрэг Европын зургаан улсад номынхоо нээлтийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хийсэн. Европын улсууд бол хүн төрөлхтний соёл иргэншил, сонгодог урлагийн өлгий нутаг. Эртний соёл урлагийн түүхээс эхлээд, орчин цагийн соёл урлагийн гайхамшигт бүтээлүүд бий. Сэтгүүл зүйн бүтээлээр дамжуулан орчин цагийн Монгол Улс, нүүдэлчдийн амьдралыг дэлхийн уншигчдад хүргэх зорилго тавиад эхний ээлжинд дэлхий нийтийн хэл болсон англи хэлээр номоо гаргалаа. Дэлхийд Монгол Улс, монголчуудын талаар судалдаг Монгол судлалын төвүүд, эрдэмтэн, судлаачид цөөнгүй. Гэхдээ ихэвчлэн Чингис хаан болон Монголын эзэнт гүрэн, эртний түүхийн талаарх судалгаа их хийсэн байдаг юм байна. Харин орчин цагийн монголчуудын амьдралын талаар хийсэн баримтат кино, өгүүлэл нийтлэлүүд нь шүүмжлэлт тал руугаа илүү байгаа нь ажиглагдсан. Өөрөөр хэлбэл, нүүдэлчид гэхээрээ зэрлэг бүдүүлэг, ядуу зүдүү амьдралтай гэх ойлголт нэгэнт бий болсон байна. Харин бид нүүдэлчин монголчууд бол байгаль эх дэлхийтэйгээ зохицон амьдардаг, байгалиа хайрлаж, хамгаалдаг, нүүдэлчин ахуй амьдралаас ирээдүйн суутнууд төрж болдог юм гэдгийг харуулсан гэгээн түүхүүдийг энэ номондоо багтаахыг зорьсон.


-Олон бүтээл туурвилын ертөнцөд бид амьдарч байна. “Сүүлчийн нүүдэлчид”-ийг унших шалтгааныг та юу гэж хэлэх вэ?


-“Сүүлчийн нүүдэлчид” гэхээр устаж үгүй болох гэж байгаа гунигтай түүх юм уу” гэдэг асуулт олон ирсэн. Нүүдэлчдийн гол голомт нь Монгол Улс. Дэлхийд нүүдэлчин соёлтой Киргиз, Тува, Казахстан, Өвөр Монгол гээд улс бий бий. Гэхдээ өдрөөс өдөрт нүүдэлчин соёл хумигдаж байна. Харин Монголд таван хошуу малаа тааваар нь өсгөж, нүүдэллэн амьдардаг малчид өнөөдрийг хүртэл байсаар байна. Хүн төрөлхтөн суурин соёл иргэншилд шилжих тусам байгалиасаа алсарч, байгалийн зүй тогтолоо таньж чадахаа больж байгааг эрдэмтэн, судлаачид сануулсаар ирсэн.


Хамгийн сүүлийн жишээгээр авч үзэхэд Балбад болсон газар хөдлөлтийн жишээ. Тухайн бүс нутгийн иргэд эрт үеэс загасныхаа зан байдлыг шинжиж, газар хөдлөлтөөс сэргийлдэг байж. Гэтэл сүүлийн үед загасаа их хэмжээгээр агнаж, устгаж, үлдсэн цөөхөн загасныхаа зан байдлыг таньж чадахаа байсан гэдэг.


Улмаар газар хөдлөлт болоход хэн ч мэдэлгүй олон хүн аюулд нэрвэгдсэн. Харин Монголд Хөвсгөл аймгийн Ханх суманд хүчтэй газар хөдлөлт саяхан болсон байдаг. Газар хөдлөлтийн өмнө мал, нохой зэрэг амьтдын зан байдал, өгч буй сонин авираар малчид газар хөдлөхийг мэдээд, гэрээсээ гарч, мал хуйгаа эрсдлээс хамгаалснаар газар хөдлөлтийн аюулаас сэргийлсэн түүх саяхных шүү дээ. Тэгэхээр байгаль, амьтадтайгаа харилцах, байгалийн тайлагдашгүй нууцыг монголчууд л мэдэх юм байна гэдэг дээр олон эрдэмтэн санал нийлдэг юм байна. Тиймээс бид “Сүүлчийн нүүдэлчид”-ийн ондоошил, өвөрмөц, сонин зан заншил, ахуйн байдал нь дэлхийд илүү удаан оршин тогтноосой, хадгалагдаасай гэдэг утга санааг илэрхийлж, номоо ингэж нэрлэсэн. Эгэл амьдралын түүх, нүүдэлчин монголчуудын ондоошлыг бидний бүтээсэн номоос олж хараасай гэж бодож байна.


-Гаднын уншигчид ямар сэтгэгдэл, санаа хэлж байсан бэ. Англиас өөр хэл дээр уг номоо хөрвүүлэх зорилго бий юү?


-Монголын олон зохиолч, уран бүтээлч утга, уран зохиолын номоо гаднын олон хэлээр хэвлүүлсэн байдаг. Харин сэтгүүл зүйн бүтээлийг эмхэтгэн гаднын уншигчдад хүргэж байгаа нь анхных байлаа. Тиймээс уншигч, судлаачид маш их олзуурхан хүлээж авсан. Бидний номын нээлтэд гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд, оюутан, судлаачид, монголч эрдэмтэд, хэвлэлийнхэн, ховор содон сэдэв ирж хайдаг урлаг судлаачид, кино найруулагчид оролцсон.


Гадаадад байгаа монголчуудын хувьд суурин иргэншилд дассан хүүхдүүддээ орчин цагийн монголчуудын аж байдлыг харуулсан, ном зохиол уншуулах сонирхол их байгааг илэрхийлсэн бол судлаачдын хувьд орчин цагийн монголчуудыг судлах гарын авлага болохуйц бүтээл болсон байна хэмээн онцолж байсан.


Тухайлбал, Унгар Улсын Өтвөш Лорандын их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Бирталан Агнеш монголчуудын амьдралыг харуулсан хөрөг бүтээлийг Унгарын уншигчдад хүргэж байгаад чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлсэн. Тус тэнхимийн багш нар шашин, эртний түүх, өв уламжлалын талаар Монголын тухай маш олон жил судалгаа хийсэн юм билээ. Ингээд бидний ном орчин цагийн монголчуудын аж байдлыг шинээр нээх судалгааны бүтээл болж, тус тэнхимийн судлаачдын гарын авлага болохуйц бүтээл болсныг тэрбээр онцолсон. Улмаар Унгар дахь Элчин сайдын яам, Монгол ба Төв Ази судлалын тэнхимийн дэмжлэгтэй “Сүүлчийн нүүдэлчид” номоо серби хэл дээр хөрвүүлэн хэвлүүлэхээр болсон. Мөн Австри Улсын олон улсын сэтгүүлчдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Бирол Клеч болон Герман Улсад суугаа соёлын элч Б.Гэрлээ нар бидний номыг герман хэл дээр орчуулан Австри, Герман, Щвейцарийн Холбооны Улсын уншигчдад хүргэх боломжтойгоо илэрхийлсэн. Түүнчлэн Монгол Улсаас Чех Улсад суугаа Элчин сайд болон тус улсад амьдарч байгаа багш, судлаачид манай номыг чех хэлнээ орчуулан уншигчдад хүргэх боломжтой гэдгээ биднийг Монголдоо ирсний дараа мэдэгдсэн.


Итали Улсын Сапиенза их сургуулийн Хүн ам зүй, антропологи судлалын багш Кристина Жиюфичи “Энэхүү ном монголчуудыг хүн ам зүйн талаас нь судлах шинэ судалгаа болж байна” гэж онцолсон бол Франц Улсад суугаа монгол судлаач, эрдэмтэд мөн манай номыг франц хэл дээр орчуулан гаргах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.


Энэ мэтчилэн бидний бүтээсэн “Сүүлчийн нүүдэлчид” ном Монгол Улсыг, монголчуудыг судалдаг олон улсын судлаачдын анхаарлыг татсан бүтээл болсонд бид баяртай байгаа. Үүнээс гадна бид гаднын хэвлэлийн компаниудтай харилцаа холбоо тогтоож, Европын улсуудад хэвлэлийн зах зээл дээр маш том боломж байгааг олж харлаа. Өөрөөр хэлбэл, бид сайн ном бүтээсэн бол дэлхийн хэвлэлийн компаниуд өөрсдөө хэвлээд, борлуулдаг. Үүнээс нь зохиогчид ашгаа авах байдлаар ажилладаг зарчимтай юм байна. Тэгэхээр зохиогчид зарж, борлуулах гэхээсээ илүү сайн бүтээл хийхэд анхаарах боломж байгааг олж харлаа. Дээр нь монголчуудын тайлагдашгүй содон түүхүүдээр баримтат кино хийх сонирхолтой уран бүтээлч ч олон байгааг мэдэрч, танилцлаа.


-Зарим уншигч “Эргэлтийнхнээс одоо ямар санаа, шинэ зүйл гарах бол” гэсэн хүлээлттэй байдаг болсон санагддаг. Танай баг хамт олон одоо ямар бүтээл дээр төвлөрч байна вэ?


-Бидний бүтээсэн “Сүүлчийн нүүдэлчид” ном дэлхийг шуугиулсан, мундаг сайн ном биш ч байж болно. Гэхдээ шинэ залуу уран бүтээлчид, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад дэлхийд, олон улсад өөрсдийн бүтээлээ нээх, алдаршуулах боломж бий шүү гэдгийг нээх эхний шанг татаж өгсөн гэдэгт эргэлзэхгүй байна. Харин одоо бол Эргэлтийнхэн дараагийн уран бүтээлийнхээ эрэлд мордож, эрэл хайгуул хийсээр явна. Бид төлөвлөсөн ажлынхаа эхлэлийг тавьчихлаа. Одоо баримтат кино төслөө олон улсад өрсөлдөхүйц кино болгон бүтээх амбийцтай байна.


Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин