sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 /Daily Mail/. Дуучин Бейонсе албан ёсоор тэрбумтан болж, орчин үеийн хөгжмийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг гэдгээ баталж, маш цөөн тооны чинээлэг уран бүтээлчдийн эгнээнд нэгдлээ.


Forbes сэтгүүлд бичсэнээр, өдгөө 44 настай супер од тэрбээр 2.5-2.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй нөхөр Jay-Z, Тейлор Свифт, Брюс Спрингстин, Рианна нарын хамт тэрбумтан болсон таван уран бүтээлчийн нэг болжээ.


2023 онд хийсэн түүний “Renaissance” аялан тоглолт нь уран бүтээлийнх нь замналын оргил амжилт бөгөөд уг аялан тоглолтоос 600 сая орчим ам.долларын орлого олсон нь хөгжмийн түүхэн дэх хамгийн их орлоготой аялан тоглолтуудын нэг байв. 2024 онд Бейонсе анхны кантри цомгоо “Cowboy Carter” нэртэйгээр гаргасан нь түүнд Үндэсний хөл бөмбөгийн лигийн Зул сарын баярын тоглолтын завсарлагаар тоглох, мөн 2025 оны хамгийн ашиг орлоготой аялан тоглолтод оролцох зэрэг бизнесийн шинэ боломжуудыг нээжээ.


Гэхдээ Бейонсегийн хөрөнгийн ихэнх нь 10 гаруй жилийн өмнө гаргасан бизнесийн чухал шийдвэртэй нь холбоотой. 2010 онд тэрбээр “Parkwood Entertainment” компанийг байгуулж, уран бүтээлтэй нь холбогдсон бүх гол үйл ажиллагааг өөрийн хяналтад авсан юм.


“Өөрөө менежментээ хийнэ гэж шийдэхдээ би ямар нэгэн том компанид хандах шаардлагагүй гэж бодсон. Мадоннагийн замаар явж, өөрийн гэсэн нөлөө бүхий эзэнт гүрэнтэй болохыг хүссэн юм. Замналынхаа оргил түвшинд хүрсэн бол өөр хэн нэгэнтэй гэрээ байгуулж, мөнгө, амжилтаа хуваалцах шаардлагагүй гэдгийг бусад эмэгтэйчүүдэд харуулахыг хүссэн” гэж Бейонсе 2013 онд ярилцлага өгөхдөө хэлж байв. Тэрбээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн ба хөрөнгийнх нь ихэнх нь хөгжмийн салбартай холбоотой хэвээр байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг