sonin.mn

Хөвсгөлийн уужим тал, хөдөөгийн ахуйд өсөж, бүхнийг гэрэл дулаанаар хангах цахилгааны инженер болох хүсэл тээсэн сэргэлэн охин бол бидний нийтлэлийн гол дүр Монгол Улсын зөвлөх инженер, "Гэрэл төсөл" ХХК-ийн захирал О.Гэрэлээ. Нэр шигээ гэрэл түгээж, хөдөлмөрч зангаараа амьдралаа гийгүүлж, Монгол Улсын Эрчим хүчний салбарт үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн түүний амьдралын түүхээр аяласнаа энэ удаагийн “Амьдралын тойрог” булан­гаараа уншигч танд хүргэж байна. Манай нийтлэлийн баатар 1961 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд найман хүүхэдтэй айлын отгон охин болж мэндэлсэн. Түүний аав Олзвой нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын хүн. Харин түүний өвөөг Хайнзаннярав гэдэг бөгөөд тухайн үеийн Сайнноён Хан аймгийн Мэргэн гүний хошууны Жасын нярав байжээ. Тиймдээ ч нутгийнхан нь тэднийг “Дэрсээр дүүрэн дэрэн Хайнзангийнхан” хэмээн хочилдог аж. Харин ээж нь Ховд аймгийн уугуул хэдий ч мөн Хөвсгөл аймгийн Рашаант суманд гэр бүлээрээ нүүн ирж, үр тариа тарьцгаан аж төрснөөр тус суманд суурьшжээ.


“Лувсан даргынд цуглаад сонин дээр гарсан зүйлсийг уншиж, ярилцдаг байсан үе сайхан дурсамжуудын нэг”


Тэрээр энэ тухайгаа “Манайх “Социалист нийгмийн төлөө” бригадын гишүүн байсан. Ээж маань Фермд саальчин хийж тухайн үедээ таван жилийн гавшгайч гэх тэмдэгтэй байлаа. Аав ээж минь хоёулаа малчин ард байсан. 1965 оны үед 20, 30-аад айл нэгдэж нэг Ферм болдог байлаа.


Манайх ч мөн Лувсан даргатай авч байсан их хөдөлмөрч хүн байсан. Харин аав маань тухайн үедээ маш боловсролтой, соёлч хүн байсан бөгөөд найман наснаасаа Хялганатын хүрээнд шавилан сууж байсан гэдэг”. 


Тэртээ 1966 оны үе бол улс орон даяар соёлын довтолгоо өрнөж байсан түүхэн үе билээ. Тухайн үеийг хүн бүр соёлтой боловсон байдалд шилжиж нийгэм солигдох өрнүүн үе ч гэж хэлж болно. Энэ үед бидний нийтлэлийн гол дүр О.Гэрэлээ таван настай байсан бөгөөд түүний аав ээж охиноо багаас нь ажил хөдөлмөрт сургаж, хичээнгүй ажилсаг нэгэн болгож хүмүүжүүлжээ. 


Тэрээр таван наснаасаа эхлэн үнээ сааж сурсан гэдэг. Ингэхдээ ээж нь түүнд модон бортого өгч үнээ саах бүртээ гурав дахь эвлэгийг нь саалгаж сургажээ. 


Энэ тухайгаа “Тэр үед төрөөс сүү, өвс тэжээл бэлтгэх нормыг биелүүлэх үүрэг өгдөг байлаа. Ээжтэйгээ хамт нормыг биелүүлэхээр их хөдөлмөрлөдөг байсан. Багаасаа л малчин ахуйд өсөж, мал маллаж сурсан. Ээж минь намайг ажилд маш сайн сургасан гэж боддог. Хүүхэд байхад надад өвлийн хүйтэнд үхрийн баас цэвэрлэх их хэцүү санагддаг байж билээ. Ээжтэйгээ хамт өглөө 04.30 цагт босоод л ажлаа хийж эхэлнэ. Хөдөөний ажил гэдэг барагдахгүй” гэв. 


Түүний ээж дэнгийн гэрэлд монгол гутал оёж суудаг их уран агаад хөдөлмөрч нэгэн байсан гэдэг. О.Гэрэлээ өглөө сэрээд ээжийгээ харахад ээж нь галаа түлчихсэн, галынхаа гэрэлд юм оёод сууж байдаг нь түүний сэтгэлд тод үлджээ. 


Мөн тухайн үед фермийн айлууд оройдоо Лувсан даргынд цуглаж нам засгийн хэрэгжүүлж буй ажил, ойрын үеийн үйл явдлын талаар шинэ гарсан сонин дээрээс уншиж ярилцдаг байж. Үүгээр зогсохгүй фермийн залуус клуб барьж түүндээ дуулж, хуурдаж суудаг байсан нь түүний хүүхэд насны сайхан дурсамжуудын нэг болон үлджээ. 

 

О.Гэрэлээ нөхөр, хоёр ачийн хамт.


“Би заавал мэргэжилтэй хүн болж хотод ажиллана”


“Номхон морио унаад номтой цүнхээ үүрээд, ээждээ үнсүүлээд аавыгаа дагаад эрдэм сурахаар мордлоо доо” гэх дууг мэдэхгүй хүн үгүй биз. Яг л үүний нэгэн адил О.Гэрэлээ буурал морио унаад аавыгаа дагаж эрдэм сурахаар мордсон гэдэг. Тэрээр “Бидний үед найман настай сургуульд ордог байлаа.


Ээж маань ногоон даалимбан дээл хийж өгөөд л ахынхаа арьсан хар цүнхийг үүрээд сургуульд орж байсан. Тэр үед арьсан цүнх үүрнэ гэдэг их гоё санагддаг байлаа. Хүүхдүүд ихэвчлэн том таван хошуу наасан давуун цүнх үүрдэг байсан. Би айлын бага гээд дутах зүйлгүй их хангалуун өссөн.


Болохгүй бол өөрөө даалимбаар плаж, юбка хийгээд өмсчихнө. Намайг таван настай байхад аав маань оёдлын машин авч өгч би шулуун оёдол оёж сурч байсан. Ингээд бодоход ээж маань намайг ажилд сайн сургасан санагддаг” гэж байлаа. О.Гэрэлээ гуайг тавдугаар ангид орох жил нь Рашаант сумын сургууль долоон жилийн сургалттай болж, 1977 онд найман жилийн сургуулиа дүүргэсэн гэдэг. Ингээд ес, аравдугаар ангиа Хөвсгөл аймгийн Тариалан суманд сурч төгсжээ. 


Тэрээр элсэлтийн шалгалтаа амжилттай өгч, дээгүүр оноо авснаар өөрийнхөө хүссэн инженерийн мэргэжлээр Украйн улсын Жданаов хотын Металлургийн институтэд суралцахаар болжээ. Түүнийг хүссэн мэргэжлээрээ суралцахад нь үзэл бодолдоо үнэнч, өөрийн гэсэн бодолтой байсан нь нөлөөлсөн гэдэг. О.Гэрэлээг бага ангид байхад түүнийг аав нь “Миний охин хөдөө мал дээр гарчих. Аав ээж хоёрт нь туслах хүн хэрэгтэй байна” гэсэн гэдэг. Гэсэн хэдий ч тэрээр аавдаа “Үгүй ээ, би заавал мэргэжилтэй хүн болж хотод ажиллана” гэжээ. Ийн өөрийн үзэл бодолдоо итгэлтэй байснаар өнөөдрийн өөрийгөө бүтээж чадсан эмэгтэй бол О.Гэрэлээ гуай юм. 


Украин улсын Жданаов хотын Металлургийн институтын төгсөлтийн үе. 1984 он.


Ингээд Монголоос Украйн улсын Жданаов хотын Металлургийн институтэд цахилгааны инженерээр суралцахаар 12 хүүхэд явсны нэг нь О.Гэрэлээ гуай. Их сургуулийн дурсамжит он жилүүдийнхээ тухай тэрээр өгүүлэхдээ “Анх их сургуулийн хуваарь авч Украйн руу таван эрэгтэй, долоон эмэгтэй хүүхэд сурахаар явцгаасан юм.


Бидний очсон хот бол уур уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг байсан. Тухайн үед нам засаг мэргэжилтэн бэлтгэх тал дээр маш зөв бодлого хэрэгжүүлдэг байсан юм. Үүний буянаар ч бид гадаад улсад суралцаж, боловсрол эзэмшсэн.


Мөн цахилгааны инженерээс гадна бид Орос хэл заах эрхтэй болсон буюу хос мэргэжилтэй төгссөн. Ингээд 1984 онд сургуулиа дүүргэж ирээд тухайн үед яамны боловсон хүчин байсан инженер н.Өлзийбатаас хаана ажиллах тухайгаа асуухад “Та нар ТЭЦ-4, Багануурт баригдах гэж байгаа станц, Эрдэнэт үйлдвэр ТӨХК-д ажиллах боломжтой” гэсэн. Биднийг их сургуульд явах үед ТЭЦ-4 цахилгаан станц л гэхэд дөнгөж суурь нь тавигдаад баригдаж эхэлж байлаа. Ингээд бид 1984 онд төгсөж ирээд чиглэлийнхээ дагуу яамдуудад хуваарилагдан ажлын гараагаа эхэлж байлаа” гэв. 


Эрчим хүчний зураг төслийн институтээс эхлүүлсэн ажлын гараа


Анхны ажлын хамт олон, багш нарын хамт.


Тэрээр ийн ажил амьдралын анхны гараагаа 1984 оны долоодугаар сард Эрчим хүчний зураг төслийн институт гэх том айлаас эхэлжээ. Өөрийн эрхэлсэн ажил албандаа үнэнч, хариуцлагатайгаар 1996 оныг хүртэл ажилласаар амьдралынхаа 13 жилийг анхны ажлын гараагаа эхэлсэн байгууллагадаа зориулжээ. 


Тэрээр хүссэн мэргэжлээрээ ажиллаж, залуу насаа эрдэм ном, ажил хөдөлмөрт зориулж явсаар гэр бүл зохиох нас нь аль хэдийн болжээ. Ингээд хань Н.Дэмбэрэлтэйгээтанилцаж гэрлэжээ. Тэднийх хоёр охин, нэг хүүтэй.


Түүний хань Н.Дэмбэрэл Увс аймгийн Давст сумын харьяат бөгөөд Геодезийн инженер мэргэжилтэй, Монгол Улсын гавьяат барилгачин хүн юм. Мөн л насаараа барилгын салбарт тууштай зүтгэж, тод мөрөө үлдээсэн нэгэн. Харин түүний хүү нь ээжийнхээ мэргэжлийг өвлөж Реле хамгаалалт автоматикийн инженерээр суралцаж төгсөөд, одоо Герман улсаас гаралтай Шнайдер Электрик компанид ажилладаг байна. Харин том охин нь Эм зүйч, хоёр дахь охин нь нягтлан мэргэжилтэй. Ийн н.Дэмбэрэлийнх гэх айл ач зээгээ олуулаа өнөр өтгөн сайхан гэр бүлүүдийн нэг юм. 


Түүнчлэн О.Гэрэлээ гуай багын гарын ур дүй сайтай, юм оёж шидэх дуртай нэгэн. Тиймдээ ч 1991 оноос хойш нийгэм солигдож, зах зээлийн үе эхэлж байхад ажлынхаа хажуугаар нөхөртэйгөө хамт хөдөөнөөс тарваганы арьс авч элдэж шуба оёж Оросуудад 2000 гаруй төгрөгөөр зарж байсан гэдэг. 


Энэ тухайгаа тэрээр “Тухайн үед нийгэм солигдож зарим хүмүүс бүр ажил ч үгүй болж байсан. Манай байгууллагын хувьд ч хүндхэн үеүүд тохиож байлаа. Тэр үед нөхөртэйгөө хамт тарваганы арьс авч элдээд, өмнө нь хурган дээл хийж сурсан байсан учраас тэр аргаараа тарваганы арьснуудаа нийлүүлж оёж, дэлгүүрээс шубаны хэмжээ авч шубаа эсгээд л оёсон юм. Ингээд бүр Оросуудад зарах болж тухайн үедээ л нилээдгүй үнэтэй зарж билээ” гэсэн юм. 


Үүнээс гадна савхин тор, пиджак, цув гээд л төрөл бүрийн зүйл оёдог байсан гэдэг. Эдгээрийг зөвхөн ажлынхаа хажуугаар хобби болгон хийдэг хөдөлмөрч, ажилсаг, сэргэлэн нэгэн. 


Насаараа цахилгаан эрчим хүчний салбарт зүтгэсэн тэрээр Цахилгаан шугам сүлжээний газарт хяналтын инженер, Сонгино хайрханы эрчим хүчний байгууллагад борлуулалт харицсан ахлах мэргэжилтэн, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээнд төсөв тооцооны инженер зэрэг хариуцлагатай албан тушаалыг хашин иржээ. Мөн О.Гэрэлээ гуайг эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, хичээнгүй ажилласаар ирснийг түүний хийж бүтээсэн хөдөлмөр нь гэрчилнэ. 


Шавхагдашгүй хөдөлмөр


Түлш, эрчим хүчний эрдэм шинжилгээ, зураг төслийн институтын тоооцоолон бодох машин дээр ажиллаж буй нь. 1988 он.

 

Мөн томоохон төслүүдэд сууриас нь эхэлж ажиллан гар бие оролцож, удирдан зохион байгуулж ирсэн гавьяатай нэгэн. Тэрээр Эрчим хүчний яамнаас тавьсан саналын дагуу эрчим хүч, дулааны 20 обьектын төсөл, шинэ яармаг (одоогийн Ташгай) гэх дэд станц барих төсөл, 110 Мвт-ийн станц гээд нийт 10 станц барих төсөлд 2013-2016 оныг дуустал гар бие оролцож ажиллажээ.


Өдгөө гавьяаны амралтдаа гарсан ч гэлээ салбартаа хувь нэмрээ оруулан хөлөмөрлөсөөр явна. Тэрээр одоо өөрийн үүсгэн байгуулсан “Гэрэл төсөл” гэх зураг төслийн компанидаа ажиллаж, залуу үеийнхэндээ зааж, зөвлөж яваа. Түүнтэй ярилцах зуурт хөдөлмөрийн үр шимийг хүртэж яваа, ихэд гэгээлэг дайчин эмэгтэй санагдаж байлаа. 



О.Гэрэлээ гуай “Гэрэл төсөл” компаниа 1996 онд хувиараа эрхлэх өмч хэмээн байгуулж байсан бөгөөд өдгөө цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд өртөөний зураг төсөл, төсвийн компани болон өргөжин тэлжээ. Мөн компанидаа ажиллахын зэрэгцээ сонирхлынхоо дагуу эко саван үйлдвэрлэдэг байна. Тэрээр “Би янз бүрийн бодис, үнэрнээс харшлаад байдаг. Тиймээс органик, эко бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үзэж эхэлсэн. Гэтэл манай бэрийн ээж саван хийдэг гээд би анх хэрэглэж үзсэн юм. Ингээд өөрөө хийж сурмаар санагдаад худтайгаа хамтран төрөл бүрийн эко саван хийж байгаа” гэв. Хүний амьдрал сайн сайхан байх нь тухайн хүний хэлж байгаа үг, энергээс хамааралтай. Үг амьтай гэдэгт итгэдэг. Тиймээс үр хүүхдүүддээ үргэлж сайн сайхныг бодож, амнаас гарах үгээ цэнэж, бусдад дандаа сайхан энерги түгээж яваарай хэмээн захидаг хэмээн ярьж байсан юм. Үнэхээр л сайн сайхан энергийг түгээж явдаг, нэр шигээ гэрэл гэгээтэй түүний амьдралын тойргыг гэгээлэг хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж, хөдөлмөрийн үр шимийг хүртэж яваа нэгэн хэмээн тодотгое. 



Чулуунхүүгийн Бямбахажид

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин