Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.11.13/ хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Тогтоолын төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг “Шинэ итгэл-Эрс шинэтгэл”-д зорин “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл", “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын 8 чиглэлээс бүрдэхээр боловсруулж, энэ хүрээнд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүн, нийт 330 үр дүнг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтүүдтэй уялдуулан тодорхойлжээ.
Дээрх бодлогын найман чиглэлийн хүрээнд үндэсний 10 үр дүнг тодорхойлон тусгасан байна. Үүнд:
1. Чанартай, хүртээмжтэй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүрд тэгш хүргэж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэн, хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах;
2. Хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, цалин хөлс, нийгмийн даатгалын уялдаа холбоог сайжруулах замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, дундаж давхаргын эзлэх хувийг нэмэгдүүлэх;
3. Эх хэл, түүх, өв соёлоо дээдэлсэн үндэсний соёлын дархлааг бэхжүүлэн, эв нэгдлийг бататган үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн үзүүлэлтийг сайжруулах;
4. Эрүүл, аюулгүй амьдрах орчин, хүртээмжтэй орон сууц, чанартай нийгмийн хамгааллын үйлчилгээгээр амьдралын чанарыг дээшлүүлж, гэр бүлийн эрүүл тогтвортой байдлыг бэхжүүлж, хүүхдийн хөгжил хамгааллыг шинэ шатанд гаргаж, нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг сайжруулах;
5. Боловсруулах салбарын боловсруулалтын түвшнийг дээшлүүлж, бүтээмж, төрөлжилтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалах;
6. Анхдагч экосистемийн тэнцвэрийг хангаж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, байгалийн нөөц баялгийн нөхөн сэргээлт, зохистой ашиглалтыг дэмжин, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлж байгаль орчны гүйцэтгэлийн үзүүлэлтийг сайжруулах;
7. Авлигыг бууруулж, шударга ёсны тогтолцоог бэхжүүлж, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлж, цахим засаглалыг дэмжиж, иргэн төвтэй үйлчилгээг бүрдүүлж зөв засаглалын үзүүлэлтийг сайжруулах;
8. Бүс, орон нутгийн хөгжлийн ялгааг багасгаж, эдийн засгийн хувьд төрөлжүүлж, хүн амын шилжилт хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх замаар орон нутгийн хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах;
9. Бизнес эрхлэх орчныг сайжруулж, зах зээл дэх төрийн оролцоог багасгах, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, татварын болон гаалийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, Монгол Улсын өрсөлдөх чадварын үзүүлэлтийг сайжруулах;
10. Монгол Улсын хөгжилд оруулах шинжлэх ухаан, технологи, инновацын хувь нэмрийг дээшлүүлж, төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, Дэлхийн мэдлэгийн индексийг сайжруулна хэмээн тусгажээ.
Тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Энхцэцэг танилцуулсан юм.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Уянга төрийн өмчит компаниудын хэдэн хувийг, хэзээ, яаж хувьчлах талаар, мөн уул уурхайн салбарын тогтвортой байдлыг хангахын тулд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хэрхэн хамгаалах талаар, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд инфляцыг хянаж салбар хоорондын дундын зохицуулалтыг хийхэд ямар бодлогын арга хэмжээ төлөвлөсөн талаар, мөн Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой ямар бүтцийн өөрчлөлт хийж бодлогын арга хэмжээ авах талаар, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг ирэх 5 жилд эрчим хүчний салбарын хэдэн хувийг либералчилж, чөлөөт өрсөлдөөнтэй болгох талаар, УИХ-ын гишүүн П.Батчимэг Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл нь өмнөх бодлогын баримт бичгүүдээс ахиц дэвшил авчрах ямар бодлого боловсруулсан талаар, УИХ-ын гишүүн Г.Очирбат Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэсэн эсэх талаар, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нүүрс, химийн үйлдвэрлэлийг яагаад орхигдуулсан талаар, УИХ-ын гишүүн М.Мандхай хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх бодлого, үүнд чиглэсэн хөтөлбөрүүдийн талаар асуулт асууж, хариулт авсан байна.
Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад 50 хувийн саналаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.
Тогтоолын төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Э.Мөнхсоёл, Татварын орлого ба ДНБ-ий харьцаа олон улсын түвшинд 15-20 хувь байдаг бол Монгол Улсад 34.2 хувьтай байна. Засгийн газрын зарлагыг ДНБ-д харьцуулсан харьцаа олон улсын түвшинд 25-30 хувь байдаг бол манай улсад 37.9 хувь байна гэсэн судалгаа гарчээ. Үүнээс харахад эдийн засаг дахь төрийн оролцоо өндөр байна. Биенесийнхэн, аж ахуйн нэгжүүд үүнийг маш их шүүмжилдэг. Үүнийг залруулах ямар бодлого хэрэгжүүлэх вэ хэмээн асуусан.
Ерөнхий сайд Г.Занданшатар, Эдийн засаг дахь төрийн оролцоог төрөөс оролцож байгаа монополын эсрэг хууль, төрийн татаас, татварын ачаалал зэрэг олон үзүүлэлтүүдээр хэмждэг. Татварын ачаалал одоо 33.6 хувьтай байгаа бөгөөд 2026 онд 31.5 хувь болгон 1.9 функтээр бууруулж тооцсон. Цаашдаа татварын ачаалал хэр хэмжээгээр буурна тэр хэмжээгээр төрийн оролцоо буурна гэсэн чиглэлтэй байна. Олон жилийн дунджаар манай улсын нийт орлогод эзлэх татварын болон татварын бус орлогын харьцаа 90:10-тай байгаа. Сүүлийн хоёр, гурван жилд татварын орлого өссөн нь уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт, экспортын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааны түвшин нэмэгдсэнээр татварын орлого өсөж 92 орчим хувь руу дөхөж, энэ хэмжээгээр төсөв тэлсэн. Төсөв тэлээд данхайх тусам төрийн оролцоо бас томорсон. Одоо бид мөчлөг сөрсөн бодлого явуулж төсвөө хумих чиглэл баримталж байна. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа төрөлжүүлж, солонгоруулах, дотоодын үйлдвэрлэлээ бойжуулж бусад улстай өрсөлдөх чадвартай болгож хөгжүүлэх шаардлагатай байна гэсэн хариулт өгсөн.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль 11 жилийн өмнө батлагдан, зургаан жилийн өмнө шинэчилэн найруулж баталснаас хойш хоёр дахь удаагийн улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Өмнөх таван жилийн үндсэн чиглэлийн төлөвлөлтийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэх үеэр ярьсан. Үндсэн шалтгаан нь хэмжиж чадахгүй, хянаж чадахгүй, асуудлыг удирдаж шийдвэрлэж чадахгүй байгаатай холбоотой хэмээлээ.
Тэрбээр, Үндсэн чиглэлийн хүрээнд зорилго, үр дүн, шалгуур үзүүлэлт, арга хэмжээ, төсөв гэсэн гинжин холбоосыг бүх салбарт нэг загвараар мөрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл үндсэн чиглэлийн хэрэгжилтийн үр дүнг дөрвөн жилийн эцэст нэг удаа дүгнэх биш, явцыг жил бүр, сар бүрээр нь хянаж явбал зөв байна. Сүүлийн үеийн судалгаагаар хиймэл оюуны үр өгөөж төрийн ашигт үйлийн коэффициентыг нэмэгдүүлж, хэмнэлт бий болгож байгаа үр дүн гарч байна. Тиймээс хяналтыг цахим, тэр дундаа хиймэл оюун ашиглан хийх хэлбэрт оруулмаар байна хэмээгээд шаардлагатай бол хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар Өнгөрсөн 30 жилийн алдаа бол хөгжлийн бодлогын баримт бичгүүд хоорондоо уялдаа холбоогүй, хэрэгждэггүй, уриа лоозонгийн шинж чанартай, хэмжих боломжгүй байсныг хүлээн зөвшөөрөөд, ийм учраас Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөгжлийн төлөвлөлтөд хэмжигдэхүйц зорилго, зорилтуудыг үе шаттайгаар, тодорхой хугацаанд хэрэгжүүлэхээр тусгахаар тодорхойлсон.
Хөтөлбөр боловсруулах үйл ажиллагааг хүртэл тодорхойлоод шинжлэх ухааны үндэстэй байхаар заасан. Урт хугацааны хөгжлийн бодлого, дунд хугацааны хөгжлийн баримт бичиг буюу таван жилийн үндсэн чиглэл дээрээ үндэслээд аймаг, орон нутгийг хөгжүүлэх таван жилийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх нэгдсэн бодлоготой болж байгаа юм.
Хуулийн дагуу улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг баталж, үүний дагуу улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө батална. Жилийн төлөвлөгөө нь хэмжигдэхүйц байж, жилийн төлөвлөгөөндөө үндэслэж улсын төсөв батлах ёстой юм. Улсын жилийн төлөвлөгөө нь таван жилийн үндсэн чиглэлтэйгээ уялдаж батлагдах ёстой атал мөрөөдлийн жагсаалт болгоод баталчихсан тохиолдол өнгөрсөн хугацаанд гарсан. Тиймээс хаа хаанаа анхаарч, хөгжлийн бодлого төлөвлөлт нэгдсэн байх зарчмыг УИХ, Засгийн газрын бүх салбарын түвшинд анхаарч ажиллах шаардлагатай гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Энхнасан эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх, төрөлжүүлэх томоохон салбарын нэг нь аялал жуулчлал бөгөөд жуулчдын тоог нэмэгдүүлэхэд дэд бүтэц чухал болохыг онцолж, олон улсын нислэгийг нэмэгдүүлэх эсэх, иргэний нисэхийн паркын шинэчлэлийг төлөвлөсөн эсэхийг тодруулав.
Мөн монгол залуус олимп, тив, дэлхийн аваргын тэмжээнээс гадна “Physical: Asia” зэрэг дэлхийн хэмжээний шоу, тэмцээнд оролцож, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж байна. Дагаад Монголыг зорих жуулчдын тоо олширох хандлагатай байгаа тул улс хоорондын нислэгийн тоо хүрэлцээтэй эсэх, орон нутгийн нисэх буудлыг шинэчлэлийг аль аль аймгуудад хийх талаар лавласан.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аялал жуучлалыг хөгжүүлэх зорилгоор өвлийн улирлын нислэгийг Вьетнам, Тайланд, Сингапур зэрэг улсын зарим хот руу нэмсэн. Зуны аялал жуулчлалын хүрээнд Шанхай, Хөх хот, Эрээний чиглэлийн нислэг шинээр нээсэн. Агаарын тээврийн цаашдын бодлого нь транзит аялал жуучлалыг татахад төвлөрнө. Одоогоор транзит нислэгийг 41 мянган зорчигч татсан. Цаашдаа 100 мянгад хүргэхээр төлөвлөсөн.
Дотоодын нислэгүүд болох Өмнөговь, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгуудын нислэг ашиггүй байгаа ч зуны улирлын нислэгийг нэмэх бодлого баримталж байна.
Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төлөвлөгөөнд Өмнөговь аймгийн Гурвансайхан, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөлийн онгоцны буудлыг С ангиллын буудал болгохоор төлөвлөсөн. Өмнөговь аймгийн тухайд аймгийн удирдлагуудтай ярилцаж, тохироод судалгаа хийж байна. БНСУ-ын хувьд дотоод, гадаадын авиа компаниуд өдөрт 10-аас дээш нислэг хийж байгаа гэлээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, 2026 оны улсын төсөвт аялал жуучлалын салбарыг дэмжихэд чиглэсэн нэн хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаасыг суулгасан. Батлагдсан дүнгээр 150 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулж олгоно. Журмыг нь салбарын холбоод, мэргэжилтнүүдийг оролцуулсан удаа дараагийн хэлэлцүүлгийн үндсэн дээр боловсруулж, Монголбанканд хүргүүлсэн.
Энэ хөнгөлөлттэй зээл нь орон нутагт зочид буудал байгуулах, зочид буудлын зэрэглэл ахиулах, зам дагуух ариун цэврийн байгууламж байгуулах зэргээр квоттой олгогдоно. Нислэгтэй холбоотой Улаанбаатараар дамжих нислэг бус орон нутгаар дамжих нислэгүүдийг бодлогоор дэмжиж байгаа. Энэ жилийн тухайд БНСУ-аас Хөвсгөл аймаг руу хоёр удаагийн нислэг хийсэн. Ирэх 2026 онд 20 орчим удаагийн нислэг зохион байгуулж, Ховдоос Шинжань руу гэх мэтчилэн баруун, зүүн, хойд, урд бүс рүү чиглэсэн нислэгүүдийг төлөвлөсөн гэсэн хариулт өглөө.
УИХ-ын гишүүн С.Зулпхар, Таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлд хүний хөгжлийг тэргүүлэх чиглэлээ болгоно гээд тодорхойлжээ. Боловсролын салбарын зардлыг төсвийн зургаан хувьд хүргэх талаар ярьж байгаа. Үүнтэй холбоотой ямар тооцоо байгаа вэ хэмээн асуув. Сурагчдын англи хэлний мэдлэгийг ямар түвшинд хүргэх, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт хиймэл оюун ухааны хичээлийг оруулах эсэх, мэргэжлийн боловсролын сургалтад хамрагдах хувийг хэрхэн нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацын зардал, цалин хөлсийг ДНБ-ий хэдэн хувьд хүргэх зорилт тавьж буйг тодруулав.
Ерөнхий сайд Г.Занданшатар, Монгол Улсын ДНБ-д цалин хөлсний эзлэх хувь адил төстэй улсуудаас 8.3-13.3 хувиар доогуур байна. Үүнийг нэмэгдүүлж 45.9-50.5 хувьд хүрэх зорилтыг үндсэн чиглэлд тусгасан. Ингэхдээ технологийн шинэчлэл, инновац, хөрөнгө оруулалтыг дэмжиж, ажилтныг ур чадварт сургаж, дахин дадлагажуулах, үндэсний бүтээмжийг нэмэгдүүлэх замаар бодит цалинг өсгөхөөр төлөвлөж байна. Төрийн албан хаагч нарын цалин хөлсний реформыг хийж, бүтцийг оновчтой болгож, бүтээмж, гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний тогтолцоог бий болгохоор төлөвлөсөн. Үндэсний бүтээмжийн мастер төлөвлөгөөг Засгийн газар хэрэгжүүлнэ.
Боловсролын салбарт технологи, инновацыг ашиглах замаар суралцахуйн хувьсгал хийнэ гэж сүүлийн үед ярьж байна. Цахим платформыг ашигласнаар хүүхдүүдийн сурлагын чанар эрс сайжирсныг судалгаагаар тогтоосон. Элсэлтийн ерөнхий шалгалт, олимпиадуудад өндөр оноо авч байгаа хүүхдүүдийн олонх цахим платформ, өөрөө суралцахуйг дэмжин үр дүнтэй суралцаж байгаа нь батлагдсан. Тийм учраас технологийн дэвшлийг ашиглаж суралцахуйн реформ хийнэ гэв.
Боловсролын сайд П.Наранбаяр, Энэ жил ДНБ-д эзлэх боловсролын салбарын санхүүжилт 5.2 хувьд, төсвийн 16.4 хувьд хүрсэн байгаа. Үүнийг төсвийн 20 хувьд хүргэснээр боловсролын салбарт хуримтлагдсан асуудлуудыг шийдэх боломжоор хангагдах юм. Англи хэлийг гуравдугаар ангиас зааж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн дагуу хүүхдүүд 12 дугаар анги төгсөхдөө дунджаас дээш түвшний англи хэлтэй болох боломжтой гэж харж байгаа. Үндэсний хөтөлбөр болгож хөгжүүлэлтийг хийж байгаа. Өнөөдөр их, дээд сургуульд шууд хүүхдийг сургах гэхээсээ илүүтэйгээр төгсөөд мэргэжлийн боловсролоор дамжиж хөдөлмөрийн зах зээлд гардаг байх нь хөдөлмөрийн зах зээлийг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах туйлын чухал арга хэмжээ юм. Бид мэргэжлийн боловсролын чиглэлээр элсэлтийг нэмэгдүүлэх бодлогыг тууштай барьж, 2026 онд 26673 хүүхдээр нэмэхээр төлөвлөж байгаа. Мөн хиймэл оюун ухааны талаарх бага сургуулийн хөтөлбөрийг шинэчилж компьютерын ухаан гэж хичээл орж ирж байгаа. Үүний нэг салшгүй хэсэг нь хиймэл оюун ухаантай ажиллах, хиймэл оюун ухааныг зөв ашиглах, хиймэл оюун ухааныг ойлгох хөтөлбөрүүд багтаж байгаа гэж хариулав.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Өнөөдөр ядуурлыг бууруулъя, дундаж давхаргыг нэмэгдүүлье гэж ярьж байгаа ч дундаж давхаргыг бүрдүүлж байгаа 50 хувь нь гадаа жагсаж байгааг дурдаад, Засгийн газар хүн төвтэй бодлогоо хэрхэн хэрэгжүүлэхийг тодруулав. Тэрбээр, тэтгэвэр авч байгаа ахмадуудын 50 хувь нь 689 мянган төгрөгийн, 93 хувь нь 1.5 саяас доош тэтгэвэртэй байна. Тэтгэврийг хувьчлан нэмэхээр өндөр тэтгэвэртэй хүмүүсийнх ихээр нэмэгдээд явдаг. 50 хувь нь ядуурлын шугамаас доогуур амьдарч байгаа ахмадуудын тэтгэврийг нэмэх аргачлалыг хэрхэн өөрчлөх вэ гэлээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар, Тэтгэврийг мөнгөн дүнгээр нэмэгдүүлнэ. Хувьчилж нэмэхээр тэтгэврийн зөрүү улам нэмэгдээд байдаг. Тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр 4.5 сая төгрөгийн тэтгэвэртэй хүнийх 400-гаад мянган төгрөгөөр, 689 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүнийх 60-аад мянган төгрөгөөр нэмэгдэх жишээтэй. Тийм учраас бид бага тэтгэвэр авч байгаа иргэдийнхээ тэтгэврийг илүү нэмэгдүүлэх аргачлал ашиглана гэж салбарын сайдтай ярилцаж тохирсон гэж хариуллаа.
Тогтоолын төслийн талаарх хэлэлцүүлэг үдээс хойших хуралдаанаар үргэлжилнэ.
Баасан - 11 сарын 14,
2025

Сэтгэгдэл2
Занданшатар өөрийн эхнэрийг залуухан хүүхнээр сольж завхайрч явна. Угаас гудамжинд гарсан Занданшатар өөрийнхөө охинтой адилхан насны хүүхэнтэй завхайрч явна.
zandansatar chamaig taban jil syylgana baih daa,muu nohoin geleg chini chamaar dytahgyi ee!!!eer chadbartai ter bariad yabahaar byren beltgegdsen hyn heregtei baina,cham sig alban tysaaliin telee maniabertei etgeedyyd zebhen ylas teriinhee hyreend ergeldeed ter ylas ard tymenii telee yuch hiihgyi gaihaluud bna..........................odoo harlaa bayslaa hyyrtagdlaa,odoo ta nariig zailuulna.heseghen hygazaand gelegnyyd tongochij l baigl dee!!!Haaa holdoh be?.................