sonin.mn

Өнөөдөр давхар баяр. Манай улс 1961.10.27-ны өдөр НҮБ-д элсэж, тусгаар улс гэдгээ дэлхийн дахинд нотлон харуулсан, дахинтаа тунхагласан өдөр. Ердөө гурван өдрийн өмнө Төрийн ордны нүүрнээ, төв талбайдаа хоёр далбаа мандуулж гадаадын ямар хүндэт зочин морилов гэмээр сэтгэгдэл төрж байсан бол жил бүрийн “10 дугаар сарын 24”– Нэгдсэн Үндэстний Байгууллагын өдөр. Тэртээх 80 жилийн тэртээ байгуулагдаж байсны ойн өдөр. Хоёр далбаа зэрэгцэн мандуулаад гадаадын өндөр дээд зочны Төрийн айлчлалыг угтдагсан. Энэ удаа ямар нэгэн зочин бус НҮБ өөрөө Монголд маань “морилон ирсэн” нь тэр байлаа. 

 

Манай улсад анх удаа ийнхүү НҮБ-ын өдрийг Төрийн баяр ёслол болгон тэмдэглэлээ.

 

Дэлхийн II дайныг дуусгасан 80 жилийн түүхт ойн энэ 2025 онд гамшигт энэ дайныг дуусгаж хүн төрөлхтөнийг энх тайванд хүргэхэд түүхэн хувь нэмрээ монголчууд бид оруулсан юм шүү гэдгийг тэмдэглэх нь зүй. Тэртээх 1945 оны 8 дугаар сард тухай үеийн милитарист Японд дайн зарлаж, Хойд Хятадыг чөлөөлөхөд Монголын зэвсэгт хүчин дайчин тугаа мандуулан байлдаж давшиж явсныг түүх гэрчилнэ. Зөвлөлтийн Эх орны дайнд тухайн үеийн Монгол улс, монголчууд бид чадлынхаа хэрээр туслаж байсныг түүх гэрчилнэ. Дэлхийн хамтын нийгэмлэг болох НҮБ байгуулагдсаны дараахан Монгол Улс НҮБ-д элсэх өргөдлөө өргөн барьж, 1946 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралд уригдан байсныг бас түүх гэрчилнэ. Түүх хүүрнэе. Сонины зурагнууд сонирхоорой. Тэр чигтээ түүх!


Дэлхийн II дайны үед “Нэгдсэн үндэстнүүд”-ийн талд тууштай зогсож, дайны ялалтад түүхэн хувь нэмрээ оруулсан Монгол улсын хувьд 1946 онд НҮБ-д элсчих алтан боломж тохиосон боловч хойшилжээ. 1911 оноос эхлэн дэлхий нийтээр ялангуяа хүчирхэг гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх хүсэл эрмэлзлэл оргилж явсаар 1946 он хүргэсэн ба тэр үедээ Зөвлөлт, Хятад (ДИУ) хоёроор хоёулангаар нь тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн монголчууд шинэ байгуулагдсан НҮБ болон дэлхийн хүчирхэг гүрнүүдээр олон жилийн тэмцлийн үр дүнгээ хүлээн зөвшөөрүүлэхээр зориг шулуудан Ерөнхий сайд Чойбалсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Трюгве Ли-д захидал бичин Монголыг энэ байгууллагад элсүүлэхийг хүсчээ. Ингээд Нью-Йорк руу төлөөлөгчдөө илгээжээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өргөдлийг хэлэлцэв. Хэрэв АНУ-ын дэвшүүлсэн универсализм хэмээх хавтгайруулан элсүүлсэх зарчмыг Зөвлөлтийн төлөөлөгч хүлээн авчихсан л бол нэр дэвшсэн 9 улс (Албани, Монгол, Афганистан, Трансиордан, Ирланд, Португал, Исланд, Швед, Сиам) зэрэг НҮБ-д элсчих байсан ба харин зөвлөлт нөхөд “улс орнуудыг эд бараа биш, улс орон бүрийг нэг бүрчлэн хэлэлцъе” гэж зүтгэсээр байгаад америкийн саналыг унагав. Зөвлөлтийнхөн Португал, Иорданыг элсүүлэхгүй хэмээн чичлэн дайрав. Хариуд нь Америк, Британи хоёр Албани, Монгол хоёр дээр саад хийв. Ингээд Афганистан, Исланд, Швед гурав тунаж Ерөнхий Ассамблейд орохоор болжээ.


Уг нь өргөдөл өргөн барьсан 9 улсын жагсаалтын хоёрт нь Монгол байна. Хэрэв хавтгайруулан элсүүлсэх зарчмаар элсчихсэн бол НҮБ-ын 53 дахь гишүүн нь буюу үндэслэгчдийн хоёрдугаар эгнээнд мөнхрөх байжээ.


Манай төлөөлөгчдийн тэргүүн Ю.Цэдэнбал нь Нью-Йоркоос буцаж ирээд хотын намын идэвхтний хурал дээр “БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд аваагүйн шалтгаан” хэмээх илтгэл тавьж, АНУ-ын универсализм хэмээх хавтгайруулан элсүүлсэх зарчмыг шүүмжилж нэг бүрчлэн хэлэлцэж элсүүлэх Зөвлөлтийн зарчмыг хамгаалж магтсан нь 1961 он хүртэл дахин 15 жил хүлээх үйлийн үр рүү хөтөлжээ.


1946 оноос хойш яг 15 жилийн дараа манай улс НҮБ-д хууль ёсны суудлаа эзэлсэн. Эдүгээ 64 жилийн (ой нь жил бүрийн 10 дугаар сарын 27 буюу өнөөдөр) нүүр үзэж байна. Түүх. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 16 дугаар чуулганаар 1961.10.27-ны 15 цагт (Улаанбаатарын цагаар 10 дугаар сарын 28-ны үүрийн 04.00 цаг) БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх тухай Аюулгүйн Зөвлөлийн зөвлөмжийг Ерөнхий Ассамблейн чуулганаар хэлэлцэх үест чуулганы даргаас “БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлсэнд тооцох уу?” гэхэд чуулганы төлөөлөгчид заал дүүрэн алга нижигнүүлэн ташиж хүлээн авснаар НҮБ-ын гишүүнээр манай улс батлагдав. Санал хураалтгүйгээр шүү.


Тэр цагаас хойшхи түүх нийтэд илэрхий. Эдүгээ НҮБ-ын нэн идэвхтэй, тулхтай, итгэлтэй гишүүн улсын нэгд тооцогдож байна. Олон жишээ татан тайлбарлаж болох авч нийтлэлээ төгсгөх дүгнэлтээ бичье. Хэдийгээр хүн төрөлхтөн дараагийн дэлхийн дайнтай тулгараагүй боловч өнөөгийн цаг үеийн байдал хүндхэн байгаа.


Дэлхийн II дайны үеийн нэг хүндхэн талбар болж байсан Зүүн хойд Азид геополитикийн хуваагдал, зөрчил нүүрлэсээр байна. Тэгвэл энэ бүс нутгийн бүх улс оронтой бүгдтэй нь найрсаг харилцаатай цорын ганц улс бол Монгол юм.


Эдүгээ манай улс нь Орос, Хятадтай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай, Япон, БНСУ-тай стратегийн түншлэлийн харилцаатай, БНАСАУ-тай Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсан, АНУ-тай Стратегийн гуравдагч хөршийн түншлэл, Канадтай Xамтын хөгжил цэцэглэлт, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө Иж бүрэн түншлэл тогтоосон, ийнхүү бүгдтэй нь нэгэн зэрэг энх тайвнаар хамтран ажиллаж чадаж байгаа нь Монгол Улсын давуу тал юм. Ухаалаг гадаад бодлогын давуу тал гэе дээ. Дэлхийн геополитикийн хуваагдал, зөрчлийн өнөө үед Монгол шиг ийм гадаад бодлого явуулж байгаа улс дэлхийд тун цөөхөн шүү!




Д.Баярхүү