sonin.mn

УИХ ирэх оны төсвийг хэлэлцэж эхэлсэн ч улс төрийн гацааны улмаас тодорхойгүй байдал үүсээд байгаа. Гэхдээ нэгэнт Засгийн газраас өргөн барьсан ирэх оны Төсвийн тухай хуулийг хуулийн хугацаанд нь хэлэлцэн батлах нь Их хурлын гишүүдийн үүрэг учир улс төржилтөөс ангижирч улс орны төсвөө батлах нь цаг хугацааны асуудал хэмээн олон нийт хүлээсээр байгаа.


Тэгвэл энэ удаагийн “Бүсийн мэдээ” баруун аймгуудын төсвийг онцолж өнгөрсөн оныхоос нэмэгдсэн үү, эсвэл буурсан уу гэдгийг харьцуулан бэлтгэлээ. Засгийн газраас өргөн бариад байгаа ирэх оны төсвөөс баруун аймгуудынхыг салгаж харвал багагүй сонирхол татахаар тоо харагдаж байна.


Орон нутгийн асуудал тэр дундаа төсөв хэлэлцэж эхлэхэд жил бүр л тэр аймагт их, тэнд бага хуваариллаа гэсэн маргаан гардаг. Ялангуяа улсын төсөвт жил бүр орлого төвлөрүүлж үүрэг хүлээдэг Төв болон Говийн бүсийн хэдэн аймгуудын зүгээс зөвхөн төрөөс татаас авдаг аймгуудад их мөнгө төсөвлөлөө хэмээн гомдол мэдүүлэх нь бий. Нөгөө талаар бүс нутгийн гол онцлог нь баруун буюу алслагдсан газар нутагт байгаагийн хэрээр зам тээвэр, дэд бүтэц, эрчим хүчний хувьд тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт илүүтэй шаардагдахуйц гэж бүсийн онцлогийг үзэж болно.


Энэ жилийн хувьд Засгийн газраас төсвийг өргөн барихдаа орон нутгийн төсвийн суурь орлого, зарлагыг төлөвлөж, аймгуудад олгох санхүүгийн дэмжлэгийг 2026 онд 297.5 тэрбум төгрөг байхаар тооцлоо хэмээн төсвийн төсөлд онцолсон байсан. Тэгвэл эдгээрээс хэд нь баруун бүст ногдож байгааг хамтдаа харцгаая.


Баруун бүсээс хамгийн өндөр буюу 39 тэрбум төгрөгийг Завхан аймагт төсөвлөжээ. Харин энэ төсвийн төслийг өнгөрсөн жилийн тус аймгийн төсөвтэй харьцуулахад гурван тэрбум 357 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүн дээр орон нутгийн хөгжлийг дэмжих сангаас мөн 11 тэрбум 862 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.

Харин Говь-Алтай аймгийн хувьд 16 тэрбум 68 сая төгрөгийн төсөв тавигдсан нь өнгөрсөн жилийнхээс гурван тэрбумаар багасчээ. Орон нутгийн дэмжлэг нь харин бүс дотроо хамгийн өндөр буюу 19 тэрбум 801 сая байхаар төсвийн төсөлд оруулсан байна.


Увс аймгийн хувьд 37 тэрбум 831 сая төгрөгийг төсөвт тусгасан нь өнгөрсөн жилийн төсвөөс бараг 10 тэрбумаар нэмэгджээ. Үүнийг хувиар тооцоход бараг 33 буюу огцом нэмэгдэл харагдаж байна. Мөн орон нутгийн дэмжлэг тус аймагт 12 тэрбум 455 сая байхаар тусгажээ.


Баян-Өлгий аймгийг хувьд өнгөрсөн жилийн төсвөөс хоёр тэрбум 800 сая төгрөгөөр буурсан буюу 16 тэрбум 555 сая төгрөгийг төсвийн дэмжлэгээр авахаар одоогоор төсөвт оруулж ирсэн. Гэхдээ орон нутгийн дэмжлэгийн хувьд бүс дотроо дундаж буюу 10 тэрбум 829 сая төгрөг байна. Ховд аймгийн хувьд бүстээ төдийгүй улсдаа хамгийн бага төсвийг Төсвийн тухай хуульд тусгажээ. Аймгийн хэмжээнд дөрвөн тэрбум хүрэхгүй буюу гурван тэрбум 992 сая төгрөгийг тус аймагт улсаас дэмжлэг болгон зарцуулна. Харин Орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэг харьцангуй өндөр буюу бараг 19 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.


Дээрх тоон мэдээллээс харахад хэдийгээр энэ жилийн хувьд Засгийн газар аль болох хэмнэлттэй, алдагдал багатай төсөв батлахаар зорьсон гэж байгаа ч баруун аймгуудын хувьд төсөв дээр төдийлөн хэмнэлт гарсан нь тойм тооноос харагдсангүй.


Өнгөрсөн жилээс зарим аймагт 33 хүртэлх хувийн нэмэгдэлтэй төсөв оруулжээ. Таван аймгийн хоёрынх нь төсөв өмнөх оноос багасах үзүүлэлттэй байгаа бол гурван аймагт өнгөрсөн жилийнхээс илүү байх төлөвтэй байна. Энэ бол Засгийн газраас өргөн барьсан хуульд дурдагдсан тоонууд. Мэдээж ирэх жилийн төсвийг хэлэлцэж эхэлмэгц танай манай аймгийн эрх ашиг гэдэг асуудал хөндөгдөж халуухан хэлэлцүүлгүүд болох нь тодорхой. Ялангуяа Төсвийн тухай хуулийн дагуу энэ жилээс төсвийг таван шаттай хэлэлцүүлж батлах ёстой гэсэн өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн. Энэ утгаараа Их хурлын гишүүдийн зүгээс 100 хувь энэ төсвийг батлан явуулна гэдэг эргэлзээтэй юм.




Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин