sonin.mn

БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо /ЕХ/ гадаадаас нийлүүлэх гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлж, татвар ногдуулахаас өмнө тус холбооны импортын хэмжээг хоёр дахин бууруулахаар төлөвлөж байгаагаа мягмар гарагт мэдэгджээ. Европын гангийн салбар тус холбооны үйлдвэрлэл буурахад нөлөөлж буй Хятадын өрсөлдөөнтэй тулгарч байгаа үед Аж үйлдвэрийн комиссар Стефан Сежурне дээрх саналуудыг танилцуулсан байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мөн Азийн тус улсаас хямд металл импортлохгүйн тулд 50 хувийн татвар ногдуулсны дараа ЕХ ийм алхам хийж байна.  


“Европын гангийн үйлдвэрлэл сүйрлийн ирмэг дээр ирээд байна. Тиймээс бид хөрөнгө оруулж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулж, эргэн өрсөлдөх чадвартай болгохын тулд гангийн салбараа хамгаалж байна” гэж С.Сежурне дээрх мэдэгдлийг хийхийнхээ өмнө сэтгүүлчдэд хэлжээ. Энэхүү стратеги нь “Европыг дахин аж үйлдвэржүүлэх” зорилготой гэж тэрбээр X хуудсандаа бичсэн байна. Энэхүү саналыг одоо ЕХ-ны 27 гишүүн орон болон Европын парламент батлах ёстой.


Өнгөрсөн онд Хятадад нэг тэрбум гаруй тонн ган үйлдвэрлэснээр 149 сая тонныг үйлдвэрлэсэн өрсөлдөгч Энэтхэгийг хол давсан байна. Тус хоёр улсын араас Япон 84 сая тонн, АНУ 79 сая тонноор тус тус удаалжээ.


Харин Герман 37 сая тонныг үйлдвэрлэсэн бол Францын үйлдвэрлэл 11 сая тонноос бага, ЕХ бүхэлдээ 129.5 сая тонныг үйлдвэрлэсэн байна. Европт гангийн салбарт 300 мянга орчим хүн ажилладаг. Гэсэн хэдий ч сүүлийн 15 жилийн хугацаанд 100 мянга орчим ажлын байр алга болсон гэдгийг тус салбарынхан хэлж байна. Европын гангийн холбооны мэдээлснээр, одоогийн хямралын улмаас мөн 2.3 сая шууд бус ажлын байр эрсдэлд ороод байгаа ажээ.




Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг