sonin.mn

Энэ 2025 оны эхний 9 сарын нэг үр дүн буюу төрийн дээд түвшний төрийн айлчлалууд хоёр урсгалтай болж, гадаадын дээд өндөр түвшний зочид манай эх оронд түлхүү айлчилж буйн жишээ.


Мэдээж онцгой ач холбогдол өгөх нь Японы Цог жавхлант эзэн хааны Төрийн айлчлал. Тэгэхдээ бусад нь ч ач холбогдолтой. Бүгд анх удаа Монголд морилсон. Хоёр талын харилцааны түвшин шат ахисан, заримтай нь стратегийн ба иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосон, худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалтын боломж нээгдсэн гээд яривал олныг бичиж болно.


Төрийн тэргүүнээс гадна манай улсад БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга, Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга айлчилсныг нэмж дурдах нь зөв. ШХАБ-ын хурал, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үед Төрийн тэргүүний түвшинд явагдсан хоёр ба гурван талын уулзалтуудыг нэмчихвэл Гадаад харилцааны сэргэлтийн бодит жишээ олныг жагсаахаар байна.


Гадаад харилцааны сэргэлтийг монголчууд бултаараа сонирхож санаа оноогоо илэрхийлж, хэлэлцүүлэгт оролцож байгаа нь дэвшил мөн. Улайран эсэргүүцэж үгээр дайрч давшилдаг нь багассан боловч энэ сэргэлтийг зөвхөн санхүү-мөнгөний өнцөг (ядуулаг сэтгэлгээ), уран сайхны фантааз, хийсвэр дүрслэлээрээ хүлээн авч “ориг” санал санаачилга дэвшүүлж байгаа нь ч харагдаж мэдрэгдэж байна. Японы Цог жавхлант эзэн хааны Төрийн айлчлалыг бүхэлд нь нэн тааламжтай хүлээн авсныг ёстой том дэвшил гэж үзүүштэй.


Японы Эзэн хаан, Австралийн Амбан захирагч нар Монгол Улсад хамгийн олон хоног урт хугацаагаар айлчилсан нь наанадаж хоёр талын харилцааны түвшний илэрхийлэл, айлын талаас Монголтой тогтоосон харилцаа-хамтын ажиллагаандаа өгч буй тэдний талын ач холбогдол гэж үзэх нь зөв юм.


Бусад дагалдах үзүүлэлтүүдийг хүлээж болно, гол нь тийм үзүүлэлт байх, бий болох гүн бат хөрс суурийг нь тавьчихлаа, бэхжүүлчихлээ. Миний шүүмж байнаа, монголчууддаа хандаж. Японы Эзэн хааны айлчлал албан ёсоор эхэлсэн өдөр над руу утас цохиж шалж шаардаж гуйж гувшсан “ориг” санал. Монголын нэртэй нэгэн үзмэрч Японы Эзэн хаан ба Япон Улсыг аралтай ард түмэнтэй нь үзмэрдэж өгнө, тэр нь монгол үзмэрч өвгөнд хэрэгтэй биш, юуны өмнө Японд өөрт нь хэрэгтэй хэмээн ярьж сандаргав. Тэр үзмэрчийг зуучлахаар утас цохиж мэссэж бичсэн нь Дипломат албанд ажилласан нэгэн бүсгүй байж таарсан би “Наад шившгийн юмаа ГХЯ, Төрийн ёслолын алба руу ярьж очиж хөгөө чирэв, нүдний булай болно шүү” гэсгээд би яриагаа тасласан. Монголчуудаа үзмэрдээд болоод байдаг бол Японыг Эзэн хаантай нь, юутай хээтэй нь үзмэрдэж болно гэсэн монгол цөлх хар ухаан, уран сайхны фантааз, цуцашгүй горьдлого, дээр нь олж мэдэх ашиг (мөнгө, виз, үр хүүхдээ Японд сургах гэх мэт өөр юу ч байдаг юм, юмыг яаж мэдхэв?) бүгд монголд тархинд багтаад ирэхийн цагт ингэж дайрах нь арга ч үгүй юм биз гэсгээд орхиё.


Бизнесийн салбарт одтой яваа нэгээр зогсохгүй бизнесмэн Японы Эзэн хааны айлчлалыг үр бүтээлтэй өнгөрүүлсэнгүй, Монгол-Японы бизнес форум яав, ямар ч үйлдвэрээр оруулсангүй, зээл тусламж, хөрөнгө оруулалт ярьсангүй (бид зовлонгоо тоочсонгүй), хайран айлчлал, хайран боломж гэж хэл ам татласан. Хоёр чихээрээ сонссоноо би бичиж байна.  


“Японы Эзэн хаан гэж хэн бэ?” гэдэг хичээл тэдэнд япон судлаачдаар заалгалтай биш. Тэд энэ өндөр дээд зочныг зүгээр л “асар их амьд мөнгө” гээд харчихаж. Онч үгээр тайлбарлая. Хоромхон зуурт орлого олох хүсэл буюу ядуу, ядуулаг сэтгэлгээ. Гуйранч гуйлгачин сэтгэлгээ гэвэл арай хатуудах уу? Зөвхөн яг одоо, зөвхөн энэ мөчид шууд мөнгө олох чин хүсэл. Энэ бол бүтээгч биш хэрэглэгч хүний сэтгэхүй. Аль болох бага хүч зарцуулж их мөнгө тэр дор нь олохыг хүсдэг нь монголчуудад түгээмэл буй хандлага.


Айлчлалын цаана ядаж тэнд суугаа монгол иргэдэд үзүүлэх эерэг нөлөө, элдэв хөнгөлөлт, ажлын байр, орлого гэдгийг айлчлалын үед бодож тооцож үзсэн үү? Төрийн дээд түвшний айлчлалын цаана хоёр улсын жинхэнэ хамтын ажиллагаанд эерэг сүүдэр тусч, тэр нь худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалтын (нөгөө мөнгө чинь!) хамтын ажиллагаагаар баяжина, тэр нь удтал үргэлжилнэ гэдгийг тэвчээртэй хүлээх ур ухаан алга уу, монголчууд минь? Австрали, Монгол хоёр уул уурхайн хамтын ажиллагаан дээр босч сэргэж хөгжиж байгаа нь үнэн.


Албаны мэдээллээс үзвэл Австралиас Монголд оруулсан шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 680 сая авст.доллар (Австралийн 2023 оны мэдээлэл), Монголд Рио Тинто, Жэйд газ, Эликсир Энержи, Аспайр Майнинг, Монаделфус, Тийс, Уорли, Ножа Пауэр зэрэг Австралийн 60 орчим компани, тэр дундаа Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 12 компани үйл ажиллагаа явуулж байгаа.


Энэ мэдээлэл бол нөгөө хоёр талын харилцаа худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалтаар бэхжиж буйн бодит жишээ. Бодит үр дүн. Дэлхийн зах зээлд Монголын баялаг үнэлэгдэж байна. Харин Австралийн Амбан захирагч хатагтайн Төрийн айлчлалын үеэр “Тэр өөрийн компаниудаа эргэж явна”, “Монголыг дахин сайн ашиглах гэж хичээж явна” гэсэншүү яриа, цуурхал дэгдэж, элдэв пост оруулж байсныг эрхбиш залруулах нь зөв байх. Шүүмжлэх хардах эрх монголчуудад байна. Эрх чөлөөний мэдрэмж байна. Гэлээ гээд биетэй бодитой хамтын ажиллагаа руу ядуулаг сэтгэлгээгээр хардаж цовхчох нь илүүц.  Австрали бол ардчилсан улс, Монголын ардчилал, шинэчлэлийг эхнээс нь дэмжигч Өрнөдийн нэг улс. Ардчилал маань цаашаа төгөлдөржөөд бодит хамтын ажиллагаа руу шилжсэн. Австралийн Монгол дахь бодит ашиг сонирхол гэдэгт уул уурхай мэдээж хүндтэй байр эзэлнэ. Тийм бодит сонирхлыг нь бий болгож, түүнийг нь хамтран бэхжүүлж хамгаалж хөгжүүлж байж л харилцаа маань эдийн засгийн агуулгаар баяжна. Австралид 22 мянган монгол хүн аж төрж байна.


Гадаад дахь монголчуудын тоогоор жагсаавал


1. Өмнөд Солонгос; 

2. АНУ; 

3. Австрали; 

4. Япон;

5. Чех;

6. Швед... гээд явж өгнө. Би бүгдийг жагсаах гэсэнгүй. ГХЯ-ны консулын мэдээллээс сонирхож болно. Ингэсгээд азная. Цааш нь үргэлжлүүлж бичих болно. ТВ-ийн хэлэлцүүлгүүдэд оролцоно. Он дуустал бичнэ. Ярина. Оны төгсгөлд нэгтгэж дүгнэнэ. 


Гадаад харилцааны сэргэлт-эрдэмтдийн багийн гишүүн судлаач-профессор Д.Баярхүү