sonin.mn

Шинэ нэр томъёо–сонордуулга. Мэдэгдэл, мэдээлэл, уриалга, санал шүүмжлэл, дүгнэлт–бүгдийг нийлүүлээд нэг том текстэнд багтаадаг. Түүнийг нь сонордуулах, сонордуулга гэж нэрлэх саналтай.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оноос хойш НҮБ-ын Ерөнхий Ассамблейн сүүлийн 5 чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд дараалан үг хэлснийг даян дэлхий рүү хандуулж дэлхийн цорын ганц парламентын хүндэт индрээс цууриатуулсан сонордуулга гэж би хувьдаа үздэг юм.


Мэдээж 5 сонордуулга нь нэг хэвэнд цутгасан, хэвшмэл үг хэллэг голлосон, “байдаг л нэг” гэсэншүү үгс байдаггүй юм. Жил болгон ямар нэг ньюанс гаргасан, тухайн жилийн ба ойрын жилүүдийн онцлог, манай улсын хэрэгжүүлэх хөтөлбөр, даян дэлхийн энх тайван, хөгжил дэвшилд манай улсын оруулах, оруулж чадах хувь нэмэр, оролцоог тусгасан байдаг. Он дараалан бүгдэд нь анализ хийх гэсэнгүй. Уншигчид өмнөхүүдийг нь нөхөөд үзчихэд хүндрэлгүй. Харин энэ удаа НҮБ үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн босгон дээр зохион байгуулж буй энэ чуулганы индрээс дэлхийн хамтын нийгэмлэг рүү хандуулж юу гэж хэлсний гол агуулгыг хэсэгчлэн буулгая. Эх орныхоо баялаг их түүхээс Ерөнхийлөгч эхлэн ярьсан.


“Тэртээх найман зууны өмнө Их эзэн Чингис хаан Их Монгол Улсыг байгуулж, монголчууд бидний өвөг дээдэс өрнө, дорныг төрт ёс, хууль цаазын дор төвшитгөн, Евроазийн өргөн уудам нутагт “Монголын их амар амгалан”-г цогцлоож, хүн төрөлхтөн хөгжин дэвжих үндэс суурийг тавьсан түүхтэй” гээд “Монголын их амар амгалан” нь өнөөгийн дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахын төлөөх хамтын хүчин чармайлтын үндэс суурь болохуйц дэвшилтэт үзэл санааг агуулж байсныг тэмдэглэсэн.


XIII зууны Монголын түүх, тэр дундаа Евразийг хөндлөн дамнасан өвөг дээдсийн маань байлдан дагуулалтыг (гадаадын олонхи түүхчдийн он удаан жилийн дүгнэлт) шал өөрөөр, бүр НҮБ-ын индрээс “Монголын их амар амгалан” хэмээн анх удаа дүгнэжээ. Дэлхийн түүх бичлэгт шинэ санаа дэвшүүлжээ. Энэ 2025 он бол том утгаар хоёр том тэгш тоот ойн жил.


Хүн төрөлхтөн дэлхийн II дайнд бурангуй хүчнийг ялсны 80 жил, улмаар дахин дайн дэгдээхгүйн төлөө сэтгэл нэгдэж НҮБ байгуулсныхаа 80 жил гэсэн хоёр том ойг тэмдэглэж байна.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонордуулгынхаа дараагийн хэсгийг энэ сэдэв рүү чиглүүлж, “Найман арваны тэртээ дайны утаа замхраагүй, хүн төрөлхтний түгшүүр арилаагүй байсан тэр цаг үед НҮБ хэмээх их айл даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын баталгаа, дэлхийн улс орнуудын итгэл найдварын их өргөө болон сүндэрлэн боссон юм. Тэр цагаас хойш энэхүү байгууллага хүн төрөлхтний зам мөрийг гэрэлтүүлж, улс орнууд энх тайвнаар хамтдаа хөгжих итгэл найдварын голомт болон оршсоор ирлээ” хэмээн тэмдэглэсэн. Олон улсын нөхцөл байдал хүндхэн байгаа энэ цаг дор Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн сэдэв “Хамтдаа хүчтэй 80 жил болон энх тайван, хөгжил дэвшил, хүний эрхийн төлөөх илүү сайхан ирээдүй” (Better together: 80 years and more for peace, development and human rights) хэмээн тодорхойлсон. Миний хувьд “Better together” гэдгийг “Эвтэй байхдаа хүчтэй” хэмээх монгол хэлц үгээр хөрвүүлбэл илүү жинтэй ч юм шиг.

 

Энэ сэдэв нь “НҮБ-ын өнгөрсөн 80 жилийн ололт амжилт, алдаа оноог дүгнэн цэгнэж, үйл ажиллагааг нь түүний Дүрэм, олон улсын эрхзүйн зарчмуудын дагуу улам бүр бэхжүүлж, цаашид илүү тодорхой үр дүн гаргахын төлөө санал бодол, үйл хэргээ нэгтгэхэд биднийг уриалан дуудаж байна” хэмээн Ерөнхийлөгч дүгнээд манай улсын гадаад бодлогын байр суурийг илтгэн таниулах сэдэв рүүгээ шилжсэн.

 

“Монгол Улс аливаа улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, маргаантай асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах тухай НҮБ-ын Дүрэм, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг тууштай баримталсаар ирсэн. Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн 1961 оноос хойш олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөөх НҮБ-ын хүчин чармайлт, түүний дотор зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх санаачилгыг тууштай дэмжиж ирсэн бөгөөд өөрийн газар нутгийг цөмийн зэвсэггүй статустай болгон зарласан билээ”


–У.Хүрэлсүх. Цааш нь “Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизм байгуулахыг эрмэлзэж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцон, нийгэм, эдийн засгийн хөгжил, хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хөгжлийн бодлого, зорилгуудыг ханган хэрэгжүүлэх чиглэлээр олон санал, санаачилга гарган бүх түвшинд хамтран ажиллаж ирсэн” гэжээ.

 

Энд тодруулахад манай улс дэлхийн хамтын нийгэмлэгт гурван үйлсээрээ манлайлж байгаа ба тэр нь


  1. Цөмийн зэвсэггүй статус;
  2. Энхийг сахиулах ажиллагааны оролцоо;
  3. Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын ашиг сонирхлыг хамгаалах явдал ажээ.

 

НҮБ-ын энхийн үйл хэрэгт Монгол Улсын оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Антонио Гутерреш 2022 онд манай улсад айлчлахдаа “Монгол Улс бол зөрчил тэмцэлтэй дэлхий ертөнцөд энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс” хэмээн дүгнэснийг Ерөнхийлөгч тэмдэглэсэн. НҮБ-ын удирдлагаас гишүүн улс бүртээ тэр бүр олгоод хүргээд байдаггүй мялаалгын үг (магтаалын үг) шүү дээ. Манай улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод 23 жилийн нүүр үзэж байна. Хэрэв 80 жилд нь тооцвол их биш хугацаа, шинэ зуунд бол том урт хугацаа. Зэвсэгт хүчний дайчдаа тасралтгүй 23 жил дэлхийн халуун цэгүүдэд илгээжээ. НҮБ-ын энхийг сахиулах 16 ажиллагаанд манай 23000 гаруй энхийг сахиулагчид оролцож, энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, цагдаа илгээгч 126 улс (НҮБ-ын гишүүн 193 улсаас) дотор эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 16 дугаарт, нийт энхийг сахиулагчдын тоогоор 18 дугаарт эрэмбэлэгдэж, энэ үзүүлэлтээр “126” дотроо тогтмол топ 20 дотор жагсаж байна.

 

Ерөнхийлөгч сонордуулгадаа “Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог үе шаттайгаар нэмэгдүүлэн 14 хувьд хүргэснийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоол батлагдсаны 25 жилийн ойн босгон дээр тэмдэглэн хэлэхэд таатай байна” гэсэн нь жендэрийн асуудал Монгол Төрийн хувьд тэргүүлэх хэмжээнд тавигддагийг илтгэсэн хэрэг болов уу. Ерөнхийлөгчийн сонордуулгын дарааллыг алгасаад жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлогын хэсэг рүү оръё. “Эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн манлайлал, үүрэг оролцоог бүх түвшинд нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно” гэж онцлон тэмдэглэсэн. Эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломж, тэгш хандлагын баталгааг хангах нөхцөлийг бүрдүүлэх, жендэрийн ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, түүнийг арилгахад манай улс бүх хүч чармайлтаа чиглүүлдэг. Тухайлбал шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц гаргасны үр дүнд Парламентын гишүүдийн 25 хувийг эмэгтэй гишүүд эзлэх болсон.


“Дэлхийн эдийн засгийн форум”-ын жендэрийн зөрүүтэй байдлын үнэлгээний 2025 оны тайланд Монгол Улс өнгөрсөн оноос 20 байраар урагшилж, 65 дугаар байрт орсон бөгөөд Ази, Номхон далайн бүс нутагт 5 дугаар байрт эрэмбэлэгдсэн тухай сонордуулгад дурдсан.


Жишээ татаж ярьсан. Эмэгтэйчүүдийн олон улсын арга хэмжээг уламжлал болгон эх орондоо жил болгон зохион байгуулж хэвшүүлсэн, 2022 онд “Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурал”, 2023 онд “Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт”, 2024 онд НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”, 2025 онд, ердөө саяхан “Урам зориг өгөх, нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулалт хийх” гэсэн уриан дор “Дэлхийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулсныг тэмдэглээд, НҮБ рүү хандуулж зарчмын гэмээр өвөрмөц шинэ саналаа дэвшүүлсэн. Тэр нь Олон улсын хамтын нийгэмлэгийн удирдах албан тушаалд жендэрийн тэгш байдлыг хангах үүднээс “Бид НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад эмэгтэй хүн нэр дэвшүүлэх болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы даргаар жил сөөлжүүлэн эмэгтэй хүн томилох тухай санаачилгыг дэмжиж байна” гэсэн нь НҮБ-ын хүндэт индэрт үг хэлсэн гадаадын олон улс орны Төрийн тэргүүн, төлөөлөгчдийн тэргүүний сонордуулгаас ялгарч байв. Нийгэм-эдийн засгийн асуудал мэдээж Ерөнхийлөгчийн сонордуулгад тусгагдсан. 


“Тогтвортой хөгжлийн 2030” хөтөлбөр дуусахад ердөө 5 жил үлдээд буйг анхааруулсан. Анхааруулга гэж би хүч оруулсан нь Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт дэлхий дахинаа дөнгөж 17 хувьтай явж байгаад нь манай улс санаа зовинож байгааг Ерөнхийлөгч онцолсныг хэлж буй хэрэг.


“Тогтвортой хөгжлийн 2025 оны илтгэлд дурдсанаар Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт 66.7 хувьд хүрч, НҮБ-ын Олон талт хамтын ажиллагааны индексээр 14 дүгээр байранд орсон нь бидний олон арван жилийн хүчин чармайлтын үр дүн, зохих амжилт юм” хэмээн тэрээр тэмдэглэсэн. Тогтвортой хөгжлийн зорилтуудын амин чухал асуудал болох санхүүжилтэд манай улс санаа зовинон буйг Ерөнхийлөгч илэрхийлж хөгжлийн санхүүжилтийн асуудлаар улс орнууд санал нэгдэж, хөгжиж буй орнуудын оролцоог нэмэгдүүлэн, олон улсын санхүүгийн өнөөгийн бүтцийг шинэчлэхийг уриалсан. Үүнд олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг хамгийн хэрэгцээтэй, нэн эмзэг бүлгийн хүмүүсийг дэмжин туслах, үүнтэй холбоотой сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд чиглүүлэх нь нэн чухал байна гээд цааш нь НҮБ-ын хүрээнд манай улс далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын ашиг сонирхлыг хамгаалах чармайлтыг дэлгэрүүлж ярьсан.


Чармайлт маань манлайлал болон шат ахисныг ч онцолсон. Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаар НҮБ “2024-2034 оны Авазагийн Үйл ажиллагааны хөтөлбөр” баталсан. Газар зүйн байршлаас шалтгаалж худалдаа, эдийн засгийн хувьд ямагт сорилт, бэрхшээлтэй тулгарч байдаг далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийг ирэх 10 жилд тодорхой хэмжээгээр урагшлуулах, тэдгээр улс оронд амьдарч буй 600 гаруй сая хүний амьдрал ахуйд эерэг өөрчлөлт авчрах тус хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүрэг амлалтыг улс орнууд авсныг Ерөнхийлөгч дурдаад “Авазагийн Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг бодит ажил хэрэг болгохын тулд далайд гарцгүй хөгжиж буй орнууд уг хөтөлбөрийг үндэснийхээ хөгжлийн хөтөлбөрүүдтэй уялдуулахын сацуу бүх талын нөөц, бололцоог ашиглан бүс нутгийн интеграцчлал, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудыг дэмжин, бодитой дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтарч ажиллахыг олон улсын хамтын нийгэмлэг, банк, санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүдэд уриалж байна хэмээн тэмдэглэсэн.

 

Сонордуулгад эх дэлхий–байгаль орчны сэдэв мэдээж хүндтэй байр эзэлнэ. Маш оновчтой дүгнэсэн нь:–Эх дэлхий бол хүн төрөлхтөн та бидний цорын ганц гэр орон билээ. Гэтэл хүн төрөлхтөн эх дэлхий, байгаль орчиндоо хоноцын сэтгэлээр хандсаны уршгаар эх дэлхийн оршин тогтнохуйд түгшүүрийн харанга дэлдэж, сэхээний тасагт амь тэмцэн хэвтэх өвчтөн мэт болсныг бид бүхэн харж байна. Хэрвээ Та бид дэлхий ертөнцөө хамгаалах эрс шийдэмгий замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид Та бидэнгүйгээр оршин тогтнох өөрийн замаа сонгох нь лавтай гэжээ.

 

Монголын түүхийн хэсэг залгаад “Монголчууд бид эрт дээр үеэс тэнгэрийн доорх юмс бүхэн амьтай хэмээн үзэж уул, ус, ургамал, амьтан бүхэнд хүндэтгэлтэй хандаж, сав, шим ертөнцийн зохилдлого нь хүмүүний дотоод ертөнц, ухамсарт үйлдлээс салшгүй хамааралтай хэмээн үзэж ирсэн билээ.


Өдгөөгөөс хоёр мянганы тэртээ монголчууд бидний өвөг дээдэс Хүннүгийн их хаан Модун “Газар бол улсын үндэс” хэмээн айлдсан бөгөөд байгаль дэлхийгээ шүтэж ирсэн манай ард түмний уламжлалыг ЮНЕСКО “Уул овоо тахих монгол зан үйл” хэмээн нэрлэж, Дэлхийн соёлын өвд бүртгэсэн. Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2005 онд гаргасан тогтоолд монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлсэн төдийгүй “Монголчуудын соёл иргэншилд уламжлагдан ирсэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах ёсны ач холбогдол өнөөгийн дэлхий ертөнцөд улам бүр өсөн нэмэгдэж буйг онцолж байна” хэмээн цохон тэмдэглэснийг Ерөнхийлөгч эшлэж ярьсан. Монгол Улсын хувьд 2026 он үлэмж онцлог жил болно. Учир нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг бид эх орондоо зохион байгуулна. Тиймээс “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах цогц шийдлийг эрэлхийлэх зорилготой Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд Та бүхнийг өндөр түвшин, өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг урьж байна” гэсэн нь цаг үеийн дуудлага мэт цууриатна.


Даян дэлхийд ундны усны хүртээмж буурч, дэлхийн 3.6 тэрбум хүн усны хомсдолд өртөөд байгаа энэ цаг үед улс орнууд газар болон усны нөөцийн нэгдсэн менежментийг уялдаа холбоотой хэрэгжүүлэх, усны хомсдолоос сэргийлэхэд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай хэмээн сонордуулгадаа тэрээр уриалжээ.

 

Монгол Улс жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэж байх тухай тогтоол санаачилсан бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025.06.03-ны бүгд хуралдаанаар тэрхүү тогтоолоо батлуулсан тухай сонордуулгад дурдсан. Монгол морь, монгол хүн хоёр ямар холбоотой тухай, тэр нь дэлхийн түүхнээ хэрхэн бичигдсэн тухай, Төрийнхөө сүлдэнд хүлэг морио дээдлэн залдаг тухай, аргамаг хурдан хүлгийнхээ дэл, сүүлээр Төрийн тугаа нандигнан урлаж, морин хуурынхаа аялгуугаар хорвоо ертөнцийг уяраадаг тухай Ерөнхийлөгч ярьсан.


“Дэлхийн адууны өдөр”-ийг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын өвийн жагсаалтад бүртгэлтэй Монголын Үндэсний их баяр наадмын тэр өдөр тэмдэглэж байх тогтоолыг дэмжин баталсан нь хэрэг дээрээ Монгол мориороо, адуугаараа Тусгаар тогтнолоо монголчууд бид баталгаажуулсныг тэмдэглэн хэлсэнтэй адил буухаар юм.


Сонордуулгын төгсгөл хэсэг НҮБ-ын шинэчлэлд зориулагджээ. НҮБ-ын үе үеийн удирдлага, гишүүн улс орнуудын дэмжлэгтэйгээр энэ их айлын бүтэц, үйл ажиллагааг бүх талаар ямагт өөрчлөн сайжруулахыг эрмэлзэж ирсэн, энэ хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн дэвшүүлсэн “НҮБ-80” санаачилгыг Монгол Улс талархан дэмжиж байна, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн хэм хэмжээний зарчмуудыг дээдлэн хэрэгжүүлж, НҮБ төвтэй олон талт тогтолцоог хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, НҮБ-ын шинэчлэл, тэр дундаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг өнөөгийн бодит байдалд нийцүүлж, тэгш шударга төлөөлөлтэй, хүртээмжтэй, ил тод, үр дүнтэй, ардчилсан, хариуцлагатай тогтолцоо болгон шинэчлэхийн төлөө Монгол Улс зогсож байна гэсэн байр сууриа нотлон илэрхийлсэн. Дэлхий ертөнц амаргүй байна, үл ойлголцлын ангал улам гүнзгийрч, олон улсын харилцаа талцал хуваагдал руу явж байна хэмээн анхааруулаад олон туйлт бус, харин аливаа улс орны үүх түүх, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэсэн олон тулгуурт зарчмаар даян дэлхийг цогцлоон хөгжүүлэх нь улам чухал хэмээв. Олон туйлт биш, олон тулгуурт!


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын хүндэт индрээс Пакс Глобалика хэмээх цоо шинэ үзэл санаа дэвшүүлсэн нь энэхүү сонордуулгын тайлал байлаа. Эшлэе:–НҮБ-ыг ижил тэгш эрхтэй, адил нөлөөтэй олон тулгуурт ган бат баганаар бэхжүүлэн хүчирхэгжүүлэх шаардлагатай байна.

НҮБ-ын анхлан тунхагласан эрхэм зорилго бүрэн хэрэгжиж чадсан эсэхийг нухацтай эргэцүүлэн бодож, найман зууны тэртээ улс орнууд энх тайвнаар зэрэгцэн оршиж, хүн төрөлхтөн хөгжин дэвжих үндэс суурийг тавьсан “Монголын их амар амгалан”-гийн үзэл санааг шингээн, Пакс Глобалика буюу “Дэлхий нийтийн амар амгалан”-г тогтоож чадахуйц хүчирхэг НҮБ болгохын төлөө бүх гишүүн улс орон хамтран зүтгэцгээе гэжээ.

 

Найман зууны дараа “Пакс Монголика” нь “Пакс Глобалика” болж өртөөллөө. Пакс Глобалика нь эгзэгтэй эмзэг энэ цаг үед дэлхийн улс орнуудын харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан хүндлэлийг улам бэхжүүлж, дайн дажингүй, амар амгалан, энх тунх, тогтвортой, хамтдаа хөгжин дэвжихэд гол уриа нь, үзэл санаа нь байх болтугай! Энэ үзэл санааг дэлхий дахинд хэрэгжүүлэхэд Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлого тууштай үйлчлэх болно. Тэгснээр манай улс нь олон улсын энх тайван, тогтвортой хөгжилд бодитой хувь нэмрээ оруулсаар байх болно!




Д.Баярхүү