Сөрөг хүчний сэргэлт, эрх баригч намын дотоод тэмцэл Монголын улс төрийн нөхцөл байдлыг шинээр тодорхойлов. 2025 оны зун, намрын заагаар Монголын улс төрийн нөхцөл байдал говийн их “угалзан” шуургад өртсөн шиг хүчтэй хувиралд оров.
Өнгөрсөн хорин жилийн ихэнх хугацаанд засаглалыг атгаж ирсэн Монгол Ардын Нам (МАН) дотоод удирдлагын хурц тэмцэлд нэрвэгдэж, харин гол өрсөлдөгч Ардчилсан Нам (АН) нь олон сарын үймээн самуунаас ангижирч, шинэчлэх зорилготой даргаа сонгож чадлаа.
"Эдийн засгийн хүндрэл, тогтолцооны авлига, нийгмийн уур хилэн зэрэг өсөн нэмэгдэж буй нөхцөлд өрнөсөн бөгөөд эдгээр хоёр үйл явдал нь зөвхөн улс төрийн үзэгдэл төдий зүйл биш юм. Улаанбаатар дахь эрх мэдлийн боломжит шинэ хуваарилалтыг илтгэж, цаашлаад Монгол Улсын Хятад, Орос, АНУ-ын хоорондох нарийн тэнцвэрт байдалд үр дагавар үзүүлэхээр байна. Пост-совет ардчилалд "удирдлагатай залгамж халаа"-гаараа эртнээс үнэлэгдэж ирсэн тус улсын хувьд 2025 он бол эргэлтийн цэг бөгөөд энэ нь ардчилсан институцийг нь бэхжүүлэх эсвэл улс төрийн шинэ түгжрэл, хямралын эринд аваачих хоёр замтай тулгараад байна.
Ардчилсан Намын Сэргэлт: О.Цогтгэрэл удирдлагад Гарав
Олон жилийн турш АН (Ардчилсан Нам) нь МАН (Монгол Ардын Намын) сүүдэрт дарагдаж ирсэн. Монголын хамгийн том сөрөг хүчин болох тус нам нь Улсын Их Хурал (УИХ)-ын 126 суудлаас 42-ыг эзэлдэг нь хэдийгээр боломжийн үзүүлэлт боловч, МАН-ын 68 суудлын үнэмлэхүй олонхын ард хол хоцорч байлаа. Дотоод фракцийн хагарал болон МАН-ын эдийн засаг, авлигын асуудлыг шийдвэрлэж буй байдалд ард түмний дургүйцлийг ашиглаж чадахгүйн улмаас АН нь улс төрийн тавцанд үл тоогдох эрсдэлтэй тулгарч байв. Тус байдал 2025 оны 8-р сарын 31-нд өөрчлөгдөв. Намын Үндэсний Бодлогын Хороо (ҮБХ) О.Цогтгэрэлийг даргаар сонгосноор, өмнөх дарга Л.Гантөмөр огцрох мэдэгдэл хийсний дараа үүссэн олон сарын тодорхойгүй байдалд цэг тавьсан юм.
О.Цогтгэрэлийн ялалт шийдвэрлэх байлаа. Эхний шатны санал хураалтаар 48 настай тэрээр оролцсон 314 хорооны гишүүнээс 196 санал авч, өрсөлдөгчид болох Б.Пүрэвдорж (82 санал), Ж.Баярмаа (33 санал), Б.Отгонбат (3 санал) нарыг илүүрхэн ялжээ.
Пүрэвдорж, Баярмаа нар нэрээ татсан тул төлөвлөж байсан хоёр дахь шатны санал хураалт шаардлагагүй болж, О.Цогтгэрэлийн ялалтыг баталгаажуулсан. Улсын Дээд Шүүх 9-р сарын 18-нд түүний бүрэн эрхийг албан ёсоор баталгаажуулж, намын захиргааны хүлээлтийг арилгаснаар 2028 оны УИХ-ын сонгуулийн өмнө АН-д дахин хүчээ нэгтгэх замыг нээж өгөв. О.Цогтгэрэл удирдлагад ирсэн нь АН-ын хувьд үе солигдож буйг илэрхийлж байна. Коммунист дэглэмийг төгсгөсөн 1990 оны ардчилсан хувьсгалын үеийн ахмад үеийнхнээс ялгаатай нь, Цогтгэрэл нь бизнес болон төрийн удирдлагын туршлагатай "технократ прагматизм"-ыг төлөөлж байна. Тэрээр Монголын томоохон компани болох Тесо Корпорацийг удирддаг байсан бөгөөд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг зөвлөх, АН-ын Увс аймгийн салбарын даргаар ажиллаж байжээ. УИХ-д хоёр удаа сонгогдож, 2022 оноос хойш АН-ын парламентын бүлгийг удирдаж байгаа нь түүнд ард түмний итгэл болон улс төрийн дотоод мэдлэгийг хослуулах боломжийг олгосон. Ялалтынхаа үгэнд О.Цогтгэрэл АН-ын эрхэм зорилгыг зөвхөн МАН-ыг эсэргүүцэх бус, харин "Монголын ард түмэнд үр дүнг хүргэж сонгуульд ялах" хэмээн тодорхойлсон.
Түүний мөрийн хөтөлбөр нь гурван тулгамдсан асуудалд чиглэж байна: авлигын эсрэг шинэчлэл (Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 6-р сард албан тушаалаас нь огцруулсан нь элитүүдийн баялаг, авлигын ойлголттой холбоотой), бюрократ тогтолцоог хялбарчлах зорилготой цахим засаглал, болон ашигт малтмалын баялаг нь элит олигархуудад бус энгийн иргэдэд хүртээлтэй байхыг хангах тогтвортой уул уурхайн зохицуулалт (2024 оны 5-р сард "Сант Марал" Сангийн судалгаагаар "уул уурхайн авлига" нь үндэсний хамгийн том асуудал гэж нэрлэгдсэн нь үүнийг нотолно). Эдгээр тэргүүлэх чиглэлүүд нь АН-д итгэл алдарсан хотын сэхээтнүүд болон залуучуудын дунд ихээхэн дэмжлэг хүлээж байна.
АН-ын хувьд хувь заяа шийдэгдэх чухал мөч иржээ. О.Цогтгэрэлийн манлайлал нь намын хувь заяаг сэргээх сүүлчийн боломж юм. Хэрэв тэрээр популист хөдөө орон нутгийн дэмжигчид болон хотын сэхээтэнүүд, шинэчлэгчид зэрэг намын доторх хуваагдсан жигүүрүүдийг нэгтгэж чадвал, 2028 оны сонгуульд МАН-ын “үнэмлэхүй” олонхийг бууруулж, 2010-аад оны үеийнхтэй төстэй эвслийн эрин үеийг авчрах боломжтой. Харин амжилтгүй болбол АН нь улс төрийн тавцангаас арчигдаж, МАН-ыг хяналтгүй ноёрхоход хүргэх бөгөөд энэ нь сонгогчдын улам бүр үл тоомсорлож буй авлига, зогсонги байдлыг гүнзгийрүүлэх эрсдэлтэй юм.
МАН-ын дотоод хямрал: Амарбаясгалан ба Занданшатар
АН (Ардчилсан Нам) хөлөө олох зуур, МАН (Монгол Ардын Нам) эмх замбараагүй байдалд шилжив. Нам доторх ширүүн тэмцэл нь 2025 оны эхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүгийнх нь тансаглалыг шүүмжилсэн олон нийтийн дургүйцэл, авлигын дуулианы улмаас огцорсноор эхэлсэн. Үүний дараа Монголын уул уурхайн элитүүдтэй гүн холбоотой, 70-аад оны үеийнхний төлөөлөл 55 настай “консерватив” Г.Занданшатар Ерөнхий сайдын албан тушаалыг гартаа авав. Улмаар Занданшатар Ерөнхий сайдын алба болон МАН-ын даргын албан тушаалыг хоёуланг нь хавсарч эрх мэдлээ бэхжүүлэх гэж оролдсон— тус үйлдлийг УИХ-ын дарга, МАН-ын 80-аад оны залуучуудын төлөөлөл "Залуу Шинэчлэгчид"-ийн удирдагч, 44 настай Д.Амарбаясгалан “ардчилсан зарчимд харш” бөгөөд хяналт-тэнцвэрт байдалд аюул учруулж байна хэмээн буруушаасан.
Зөрчил 9-р сарын 27-28-нд Улаанбаатарт болсон МАН-ын “төв хорооны” (Бага Хурал) наймдугаар чуулганаар оргилдоо хүрсэн. Хуралдаан нь 49 гишүүнийг (заримыг нь хүсэлтээр, заримыг нь төрийн албатай гэх шалтгаанаар) намаас хасах үйл явцаар эхэлж, тэдний оронд орон нутгийн удирдлагуудыг томилсон нь цаашдын бүлэг фракцийн ширүүн тэмцлийн өмнөх дохио болсон юм. Уг хурлын гол үйл явдал болох Намын даргын сонгууль нь Амарбаясгалан, Занданшатар нарын хоорондох хоёр шаттай шийдвэрлэх тулаан болж, намын үзэл суртлын болон үе хоорондын хагарлыг ил тод дэлгэж харууллаа. МАН-ын дүрмээр бол намын дарга бага хурлын гишүүдийн гуравны хоёрын саналаар шууд сонгогдох ёстой. Эхний шатанд Д.Амарбаясгалан 56.1 хувь, Г.Занданшатар 44 хувийн санал авсан нь хэн хэнийх нь санал хүрээгүй юм.
Буулт хийхээр хэлэлцэхээс татгалзаж, Г.Занданшатар болон түүний гол дэмжигчид хоёр дахь шатны санал хураалтыг бойкотолсон. Үлдсэн 321 гишүүн (ирц хангагдсан) оролцсон санал хураалтаар Д.Амарбаясгалан 275 санал буюу нийт саналын 85.67 хувийг авч ялалт байгууллаа.
МАН албан ёсоор намын даргын сонгуулийн үр дүнг баталгаажуулах зорилгоор 2025 оны 11-р сарын 15–16-нд 31-р Их Хурлыг товлож, үр дүнг эцэслэн баталгаажуулах 90 хоногийн хугацааг (Улсын Дээд Шүүхэд бүртгэлийг шилжүүлэх 60 хоног, нэмэх 30 хоногийн хяналт) тогтоов. Энэхүү сонгууль нь зөвхөн удирдагч солигдсон төдийгүй, МАН-ын ахмад үеийнхнийг үгүйсгэсэн үйл явдал байлаа. Д.Амарбаясгалангийн "Залуу Шинэчлэгчид" (45-аас доош насны албан тушаалтнууд, намын 80,90-ээд оны харьцангуй залуу кадрууд) Монголын 2000-аад оны уул уурхай эрдэс баялагийн үйлдвэрлэлийн өсөлт, дараагийн уналтын үед улс төрд орж ирсэн; тэд залуучуудын ажилгүйдэл (ойролцоогоор 15 хувь хэвээр байгаа), ДНБ-ий 70 хувийг хянадаг боловч цөөн тооны гэр бүлийг баяжуулдаг уул уурхайн салбар, нийт ажлын байрны 50 гаруй хувийг бий болгодог ч боломжит зээлийн ердөө 20 орчим хувийг авдаг жижиг, дунд аж ахуйн нэгжийн (ЖДҮ) салбар зэрэг асуудлууд дээр төвлөрч кампанит ажлаа явуулсан.
Занданшатарын "Тогтвортой Консервативчууд" (дундаж нас 50-аас дээш, намын харьцангуй дунд ахмад үеийн кадрууд) фракци нь хурдан шинэчлэл нь аль хэдийн хүндрэлтэй байгаа эдийн засгийг тогтворгүй болгоно хэмээн анхааруулж, статус-квог хамгаалсан.
Тухайлбал, Монголын 2025 оны эхний хагас жилийн ДНБ-ий өсөлт 5.6 хувь байсан нь төсөөлж байснаас доогуур үзүүлэлт. Азийн Хөгжлийн Банк (АХБ) Монголын өсөлтийг 6.6 хувь, Дэлхийн Банк 6.3 хувь байна гэж таамаглаж байсан. Нэмж дурдахад, 2025 оны эхний хагаст нүүрсний экспортын орлого 40 гаруй хувиар буурч, засгийн газрын ерөнхий төсвийн тэнцэл 758 тэрбум төгрөг ($211 сая) алдагдалтай гарсан. Гэсэн хэдий ч Д.Амарбаясгалангийн ялалт нь бүх асуудлыг шийдэх баталгаа биш. Г.Занданшатар нь гүйцэтгэх засаглалын хяналтыг болон өөрт нь үнэнч намын гишүүдийн хүрээгээ хадгалж үлдсэн нь "хамтын ажиллагааны зогсонгишил" (cohabitation deadlock) үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. 2010-аад онд үүнтэй төстэй фракцийн тэмцэл нь намын шинэчлэлийн ажлыг сулруулж, уул уурхайн монополийг шинэчлэх зэрэг гол асуудлуудыг шийдвэрлэлгүй орхиж байсан түүхтэй. Намын 11-р сарын Их Хурал нь чухал сорилт болно. Хэрэв Д.Амарбаясгалан “буулт” хийж (тухайлбал, консерватив үзэлтнүүдэд зарим гол албан тушаал өгөх г.м) чадахгүй бол МАН цаашид хуваагдаж, эрх барих засаглах чадварыг нь сулруулж болзошгүй.
Үймээн самууны үндэс: Эдийн засгийн хямрал ба Тогтолцооны авлига
Хоёр намын дарга, удирдлагын төлөөх тэмцэл нь нийгмийн гүнзгий хямралын илрэл юм. Монголын эдийн засаг нүүрс, зэсийн экспортоос хамааралтай хэвээр байгаа нь дэлхийн түүхий эдийн үнийн хэлбэлзэлд эмзэг болгож байна. Олон Улсын Валютын Сан (ОУВС) 2025 оны ДНБ-ий өсөлтийг 6.0 хувь гэж төсөөлж байгаа—энэ нь 2024 оноос сэргэсэн хэдий ч бүтцийн шинэчлэлээр бус, харин нүүрсний тээвэрлэлт түр нэмэгдсэнтэй холбоотой. Инфляци 9 орчим хувьтай тогтворжиж, өрхийн худалдан авах чадварыг бууруулж байгаа бол өрхийн өр их хэмжээгээр нэмэгдсэн.
Монголчуудын 30 хувь нь ядуурлын түвшингээс доогуур амьдарч байна. Сонгуулийн өмнөх үрэлгэн зардал нь макро эдийн засгийн тогтвортой байдалд аюул учруулж байна. Авлига нь нөхцөл байдлыг хурцатгагч гол хүчин зүйл юм.
2022 оны нүүрсний хулгайн дуулиан, (жилийн экспортын 10 гаруй хувьтай тэнцэх хэмжээний мөнгө завшсан г.м) нь МАН-д итгэх олон нийтийн итгэлийг үндсээр нь алдагдуулсан. Энэ хавар зуны иргэдийн бослого тэмцлээр Л.Оюун-Эрдэнэ огцорсон нь улс төр, бизнесийн элит бүлэглэлүүд хэрхэн уул уурхайн орлогыг “хувьдаа” авч байгааг илчилсэн мөрдөн байцаалтын үр дүнд эдгээр асуудлыг улам тодотгосон. Транспэрэнси Интернэшнл-ийн 2024 оны Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 180 орноос 114-т жагссан нь ивээн тэтгэгчийн сүлжээ хоёр том намын аль алинд нь хэвээр байгаа бөгөөд энэ нь шударга ёс, тэгш байдлыг боомилж байгааг нотолж байна. Байгаль орчны доройтол нь эдгээр хямралыг улам хүндрүүлж байна. Бэлчээрийн хэт ашиглалт болон зохицуулалтгүй уул уурхай нь цөлжилтийг хурдасгаж, цасан болон бусад байгалийн гамшиг хосолсон "зуд" улам ойр ойрхон тохиолдох боллоо. 2023-2024 оны зудаар улсын нийт сүргийн 12 гаруй хувь буюу 8 сая гаруй мал хорогдож, МАН-ын хөдөө орон нутгийн “дэмжигчдийн” суурийг бүрдүүлдэг малчдыг сүйрүүлсэн.
Цаг уурын загварууд ийм гамшигт нөхцөл байдал цаашид ч үргэлжилнэ хэмээн таамаглаж байгаа нь удирдагчдыг уул уурхай ашигт малтмалын олборлолт болон тогтвортой хөгжлийг тэнцвэржүүлэх сорилттой тулгаруулж байгаа бөгөөд О.Цогтгэрэл, Д.Амарбаясгалан нар хоёулаа уг асуудлыг хөндсөн ч шийдвэрлэх тодорхой төлөвлөгөөгөө хараахан гаргаагүй байна.
Эдгээр хямралууд нь Монголын пост-совет шилжилтийн үеэс улбаатай. 1990-ээд оны "шокын эмчилгээ"-ний хувьчлал нь олигархийн давхаргыг төрүүлсэн бол, түүхий эдийн үнийн өсөлт нь засаглалын алдааг түр нуун дарагдуулж ирсэн. Өнөөдөр залуучуудын ажилгүйдэл 15 хувьтай, Монголчуудын 50 орчим хувь нь амьдардаг Улаанбаатар руу чиглэсэн “их нүүдэл” нь дэд бүтцэд хэт их ачаалал үүсгэж, идэвхгүй байдал ба идэвхтэй эсэргүүцлийн эмзэг хольцыг бий болгож байна. Энэ жилийн Монголын улс төрийн үйл явдлууд бол сонгогчид ардчиллын амлалтыг биелүүлж чадаагүй тогтолцооноос шинэчлэл шаардаж буй түүхэн тооцоо юм.
Геополитикийн нөлөө: Шинэ үеийн Их гүрнүүдийн тэнцвэр
Монголын дотоод улс төрийн хямрал нь хил хязгаараас давсан үр дагавартай. Хамгийн том худалдааны түншүүд болох Хятад, Орос хоёрын дунд оршиж, мөн АНУ-ын "Гуравдагч хөрш" стратегийн хүрээнд анхаарал татдаг Монголын гадаад бодлого нь нарийн тэнцвэрт байдлаас хамаарна.
2025 оны удирдлагын өөрчлөлт нь энэ тэнцвэрийг хөдөлгөх магадлалтай. Хятадын хувьд, Д.Амарбаясгалангийн ялалт хамтын ажиллагааг хурдасгаж магадгүй.
Монголын экспортын 60 гаруй хувийг Хятад дангаараа авдаг бөгөөд Д.Амарбаясгалангийн фракц нь "Сибирийн Хүч 2" хийн хоолойн олон тэрбум долларын төслийг (Оросын 50 тэрбум шоо метр хийг Монголоор дамжуулан Хятадад хүргэх бөгөөд Улаанбаатар жилд 1 тэрбум долларын транзитын хураамж олох боломжтой) удаан хугацаанд дэмжиж ирсэн. Г.Занданшатарын консервативчууд илүү сайн нөхцөл шаардаж, төслийг хойшлуулж байсан ч Амарбаясгалан оны эцэс гэхэд процедурын ажлыг түргэсгэхийг дэмжих төлөвтэй байна. Тэрээр мөн Өмнөговь дахь нүүрсний экспортод чухал ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг бүтээн байгуулалтыг яаравчлуулж магадгүй—Австрали, Индонезээс хамааралгүйгээр нийлүүлэлтээ төрөлжүүлэх хүсэлтэй Бээжингийн хувьд энэ нь сайн мэдээ юм.
Оросын хувьд, болгоомжтой өөдрөг байх шалтгаан бий. Хэдийгээр МАН-ын “шинэ дарга” Д.Амарбаясгалан Хятадтай харилцах харилцаагаа түлхүү анхаарах нь зарим болгоомжлол төрүүлж болох ч, "Сибирийн Хүч 2" төсөл нь нийтлэг ашиг сонирхол хэвээр үлдэнэ.
Европоос эрчим хүчний хамаарлаа бууруулж буй Орос улс Хятадад байгалийн хий, газрын тос зарснаар орлогын чухал эх үүсвэртэй болно. Д.Амарбаясгалан мөн НАТО-той үүссэн хурцадмал байдлын үед Кремлийн хувьд тэргүүлэх ач холбогдолтой хилийн хамтарсан эргүүл зэрэг цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг дэмжихээ илэрхийлж магадгүй. Нэг тодорхой бус зүйл бол Амарбаясгалан байгалийн хийн шинэ хоолойноос Монголын дотоодын хийн хэрэгцээндээ илүү их хувь нэмэр шаардах эсэх нь юм. Энэ нь хоёр талын харилцааг сорих магадлалтай ч төслийг зогсоох магадлал багатай.
АНУ-ын хувьд, энэхүү эрх баригч намын удирдлагын өөрчлөлт нь харилцааны ухралт болж магадгүй. Вашингтон “Станфорд”-ын гэх Г.Занданшатарын консервативчуудыг нууцхан дэмжиж байсан нь тэднийг АНУ-ын тусламж (2023 оноос хойш 50 сая гаруй долларын амлалт) болон жил бүрийн "Хааны эрэлд" цэргийн сургуулилалтыг илүү нээлттэй хүлээж авна гэж үзэж байсантай холбоотой.
Харин Д.Амарбаясгалан нь АНУ-ын тусламжийг Монголын 40 орчим тэрбум ам.долларын гадаад өрийг (ДНБ-ий 150 орчим хувь) шийдвэрлэж чадахгүй "бэлэг тэмдгийн үйлдэл" хэмээн үзэх магадлалтай. Тэрээр хоёр талын харилцааг бүрэн хүйтрүүлэх элдэв алхам хийхгүй ч (Монгол Улс олон улсын санхүүгийн байгууллагуудад АНУ-ын дэмжлэгийг өндрөөр үнэлдэг), хэдий ч тэрээр Хятад-Оросын түншлэлийг тэргүүлэх ач холбогдол өгөх болно. 9-р сард Хятад улс Монгол, Орос хоёрыг оролцуулсан "Хилийн хамгаалалтын хамтын ажиллагаа 2025" цэргийн сургуулилалтыг зохион байгуулсан нь үүнийг баталж байгаа бөгөөд АНУ-ын албан тушаалтнууд зарим талаар үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзэж магадгүй. АН-ын “шинэ дарга” О.Цогтгэрэл нөхцөл байдалд бас нэгэн төвөгтэй байдлыг бий болгож магадгүй. Түүний бизнесийн туршлага нь гадны хөрөнгө оруулагчидтай харилцах харилцааг сайжруулж болох ч, АН нь өнгөрсөн сонгуулиудад түүхэн, үндэстний улбаа маргаантай холбоотой Хятадын эсрэг риторик хэрэглэж ирсэн түүхтэй. Хэрэв Цогтгэрэл хөдөө орон нутаг, үндсэрхэг дэмжигчдээ цуглуулахын тулд үүнд тулгуурлавал, Хятадын эрэлтээс хамааралтай Монголын эдийн засгийн харилцааг улам хүндрүүлэх эрсдэлтэй.
Дүгнэлт
Монголын 2025 оны улс төрийн газар хөдлөлт нь түүний тэмцлийн төгсгөл бус, харин шийдвэрлэх үе шатын эхлэл юм. Ардчилсан Нам (АН) сэргэж буй нь өрсөлдөөнт ардчиллын гэрэл гэгээг өгч, харин МАН-ын (Монгол Ардын Нам) дотоод хагарал нь олон арван жилийн ноёрхлоо эргэн харах шаардлагыг тавьж байна. О.Цогтгэрэл, Д.Амарбаясгалан нарын хувьд ирэх зургаан сар нь хувь заяаг нь тодорхойлох мөч байх болно. О.Цогтгэрэл АН-ыг нэгтгэж, мөрийн хөтөлбөрөө бодит ажил болгох ёстой бол, Д.Амарбаясгалан МАН-ын 11-р сарын их хурлаар бусад талуудтай буулт хэлэлцээ хийж, шинэчлэлийн амлалтаа биелүүлэхийг шаардана.
Эрсдэл өндөр байна. Хэрэв тэд амжилт олвол эдийн засгийн өсөлтийг тэгш байдал, байгаль орчны тогтвортой байдалтай тэнцвэржүүлсэн, илүү хариуцлагатай улс төрийн тогтолцоог бий болгоно. Харин бүтэлгүйтэл нь Монголыг улс төрийн мухардлуудад оруулж, авлига, олигархийн тогтолцоог гүнзгийрүүлэхээс гадна Хятад, Оростой харилцах харилцаанд нь тогтворгүй байдлыг үүсгэх аюултай.
Олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд Монголын цаашдын замнал чухал ач холбогдолтой. Улаанбаатар өөрөө Төв Азийн тогтвортой ардчиллын ховор жишээ бөгөөд улс төрийн өөрчлөлтийг их гүрнүүдийн тэнцвэртэй байдалтай хослуулан удирдах чадвар нь бүс нутагт үлгэр дуурайл болох боломжтой. Монголын нэрээ хэлэхийг хүсээгүй улс төрийн шинжээч хэлснээр: “2025 он бол МАН, АН хоёрын аль нэгийг сонгох тухай бус, харин бүх нийтэд үйлчилдэг ардчилал, эсвэл цөөнхөд үйлчилдэг ардчиллын аль нэгийг сонгох тухай юм.” Монгол Улс аль замыг сонгохыг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна.
Тус өгүүлэл The Diplomat сэтгүүлд 2025 оны есдүгээр сарын 30-нд "Mongolia’s 2025 Political Earthquake" нэртэйгээр англи хэл дээр нийтлэгдсэн.
Судлаач Ч.Сумъяа
Сэтгэгдэл8
Ард түмэн нь харанхуй бүдүүлэг байх тусам төр засаг нь дураараа аашилдаг.
МАН дотор үё хоорондын зодоон эхэлсэн ! эцэстээ залуучууд нь дийлнэ !
Гадаад бодлого мэдэхгүй Амарбаясгалангаар битгий ийм чадахгүй мэдэхгүй зүйлсийг нь хийлгээд бай. Угтаа бол хурган даргаас дээш ажил хийж чадахгүй хүн Монголд л зөвхөн ингэж том дарга хийгээд явж байхийн.
Баялгийн хараал мөн дөө.
Амарбаясгалан Хятадтай илүү саын харилцана гээд байгаа юм уу даа
Оджаргалыг шоронд хий. Бүхэл бүтэн 18 жил ухаа худаг ордоос нүүрс хулгайлж байгаа М Си Эс компанийг татан буулгаж, Оджаргалыг шоронд хий. Худал ярьж Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан хоёрыг гүтгээд байх хэрэггүй.
Оджаргалыг буудаж алах хэрэгтэй. 18 жилийн турш ганцхан Оджаргалын гэр бүл нүүрснээс асар их мөнгө хулгайлж байхад бусад жирийн ард иргэд дуугай байсаар ирлээ. Тэвчээрт хязгаар бий, Оджаргалын компанийг дампууруулж, ард түмний хохиролыг барагдуул.
МАН-д найдвартай, хувийн эрх ашгаас илүү улс орныхоо эрх ашгийн тавьдаг этгээд үгүй шахам болж, боорцгоо булаалдан шившгээ тэрьж байна. Энэ намыыг татан буулгаж шинээр байгуулан Энхбаяр мэтийн туршлагатай лиидэр тавих хэрэгтэй болжээ. Тэгээд их хурлын тарааж сонгууль явуулъя. АН-ын мхулгайядыг л дахин гаргахгүй юмсан. Элбэгдорж, Сайханбилэг, Баярцогт нар гарч ирнэ гэсэн үг.