sonin.mn

За ийм л дүр зураг харагдаад байгаа юм даа. МАН-ын уураг тархи нь Амарбаясгалан, дүр төрх нь Оюун-Эрдэнэ болох гэсэн хосолсон тоглолт хэдэн жил үргэлжилсэн. Амарбаясгалан аль ч сонин хэвлэлд чөлөөтэй ярилцлага өгдөг, нээлттэй ханддаг бол Оюун-Эрдэнэ шууд ярилцлагад хэзээ ч ордоггүй, нүүр тулсан ярилцлага өгөлгүй байсаар байгаад албанаасаа буусан. Энэ талын айдастай, эсвэл намын өөрчлөлтийн бодлогоо улстөрийн шинжлэх ухаан талаас нь ул суурьтай тайлбарлах чадамжгүй.


Гэтэл Амарбаясгалан Улстөрийн намын тухай хууль, парламентийн чадамж гэхчлэн ул сууриар нь ухаад хэдэн цаг ч ярьж чадна. Гэвч Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан хоёр ийм ялгаатай атлаа удаан хугацаанд хосолсон тоглолт хийсээр ирсэн.


Энэ явц анхны төлөвлөснөөсөө гажсан ганц шалтгаан нь Оюун-Эрдэнэ Женкогоосоо салж чадаагүй, угаасаа салахгүй. За тэгсэн, үнэн үхэр тэргээр туулай гүйцээд, Оюун-Эрдэнэ уначихлаа, бид бүгд харсан, хэнээр удирдуулж, хэрхэн тархиа угаалгаж, хэрхэн хөгжил гэхээсээ илүү ухралтын араан дээр арай ядан тогтож байснаа мэдсэн. Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсон үеэс бүх юм Амарбаясгалангийн хяналтаас, төлөвлөгөөнөөс гарч, Хэро, Жэнок хоёрт шилжсэн. Юу үнэн, энэ үнэн. Тэдний засаглалын үед 2025 оны улсын төсөв чинь эхний зургаан сард 9.8 их наядын зөрчилтэй гарсан шүү дээ, мартах аргагүй тоо. Нэг зүйл сануулахад Амарбаясгаланг УИХ-ын дарга болоход татгалзсан санал өгсөн тавхан хүний нэг нь Х.Баттулга. За ингээд Оюун-Эрдэнэ нь уналаа, МАН чухам халаасаа ухаж, хатавчаа нэгжиж байгаад Занданшатарыгаа Ерөнхий сайд болгоод гаргаад ирлээ. УИХ-ыг дөрвөн жил удирдсан, D parliament-г санаачлагч, Нээлттэй сонсгол явуулах журмыг батлуулагч Занданшатар гээд тодотгочихъё. Занданшатарыг Ерөнхий сайдаар сонгогдох үед урдуур нь Амарбаясгалан гишгэж болох байсан, тэгээгүй. Гэтэл одоо болсон хойно Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөнө гээд зүтгэчихлээ. Үнэндээ бол Гүйцэтгэх засаглал буюу Ерөнхий сайдын албыг намаараа барьцаалчихлаа гэсэн үг.


Улс төрийн намд барьцаалагдсан хөөрхийлөлтэй төр ба парламент. Үүнийг ялангуяа Амарбаясгалан шиг онол ярьдаг хүн дотоод мөн чанараараа хүлээн зөвшөөрч чадахгүй. Амарбаясгалангийн нүд, чихийг угаах Гэрэгэ15 давхрынханд бол юу ч биш лдээ. Эхлүүлсэн өөрчлөлтөө авч үлдэх, үеэ аврах, найзыгаа хамгаалах гэхчлэн эрчүүдийн мөн чанарыг хөнддөг сэдвүүдийг аваачаад наачихаж байгаа юм. Нөгөө талд нь Хүрэлсүх гэдэг хүрлэгэр мешок байрлуулахаа мартахгүй. Өнөө Амарбаясгалан нь энэ тохиолдолд МАН дахь ардчиллыг цээжээрээ хамгаалдаг Матрасов болоод гүйчихнэ дээ. Ямар ч хүнд байдаг өөрийгөө хамгаалах мэдрэмж дадлыг маш сайн ашигласан гэсэн үг. Гэхдээ Амарбаясгалан үүнийхээ төлөө үнэт зүйл, мөн чанараасаа урвахад хүрнэ. Өнөөг хүртэл өчнөөн ярьсан төрийн тогтвортой байдал, намын нэгдмэл оюун санаа энэ тэр будаа болоод, буланд үлдэнэ. МАН маш том хагарна. Дээр нь Гэрэгэ15 давхрынхан түүний PR-г хэтрүүлж хийгээд олон дайсан, олон олон хагаралын төв цэг дээр аваачиж хаяна. Үндсэндээ золиос болгоно, давхар Оюун-Эрдэнийгээ дээш шидсэн PR хийгээд байгааг бүгд хараад сууж байна. МАН сууриараа ганхана, энэ ангал хагаралаа нөхөх гэж нэгэн үеийг өм цөм алдана. Үүнийг нь Амарбаясгалан бас тэвчихгүй, учир нь МАН-ын генсекээр найман жил ажилласан энэ хүн бол амаргүй бодлого тодорхойлогч, бодлого гажуудахад цагаан ордонтойгоо цайны цаггүй үлдэнэ гэдгээ ойлгодог хүн.


Товчхондоо бол Женко МАН-ыг Амарбаясгалангаар өөрөөр нь самруулах хор найруулж чаджээ. Даажинтай хорвоо шүү, МАН-ын төлөө удаан хугацаанд зүтгэсэн нэг зүтгүүрээр нь буцаагаад талхлуулна гэдэг...гэвч Амарбаясгалан намаа хагаран бутарч, талцан тарамдаж байгааг харж чадахгүй, мөн чанараа тэвэрч үлдэнэ, тэгэхдээ нэрээ татах л болов уу даа! Учир нь ойрын өдрүүдэд Женко Оюун-Эрдэнэ гэдэг хуучин багаа Амарбаясгалан гэдэг шинэ багаар солих уу, үгүй юү гэдгийг шийдэх гэж байна, хоржоонтой нь, үүнийг МАН-ын бага хурлынхан шийднэ, ха ха хо хо л гэе дээ! Ер нь бол Оюун-Эрдэнийн Ерөнхий сайд болохдоо ардаа чирч орж ирсэн Жэнок, Хэро хоёрын уртаас урт сүүдэр дор МАН байтугай Монгол Улс удаан жиндэнэ. АН-аар дамжуулж хэдэн жил самарсан, одоо МАН-аар дамжуулж дахиад хэдэн жил улсаараа шал арчина!


Сэтгүүлч Р.Эмүжин