sonin.mn

Азийн Эмэгтэй Парламентчдын бүлгийн чуулга уулзалт “Эдийн засгийн эрх мэдлийг тэлэх замаар жендэрийн тэгш байдлыг хангах нь: Тогтвортой ирээдүйн бодлого” сэдвээр Монгол Улсад хоёр дахь өдрөө (2025.09.16) үргэлжилж байна.


Монгол Улсын Их Хурлаас ХБНГУ-ын Конрад Аденауэрийн сантай хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн уулзалт нь бүс нутгийн улс төрийн эмэгтэй манлайлагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцол, эв нэгдлийг бататгах зорилготой юм.


Чуулга уулзалтад Бутан, Япон, Энэтхэг, Малайз, Малдив, Непал, Филиппин, Сингапур, Солонгос, Шри Ланка, Тайланд, Монгол, Герман улсын эмэгтэй парламентчид болон хүний эрх, жендэр, эдийн засаг, эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл, эрх мэдэл бүхий эмэгтэйчүүд оролцож байна.


Уг арга хэмжээ Монгол Улсын Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд өнөөдөр “Ажиллах хүч бүрдүүлэгч эмэгтэйчүүд: Цалингийн зөрүүг арилгах нь” эхний салбар хуралдаанаар үргэлжиллээ. “Ижил хөдөлмөрт ижил цалин олгох” олон улсын хүний эрхийн зарчим зарим улс оронд харилцан адилгүй байгаа асуудлыг хэлэлцэв. Тухайлбал эмэгтэйчүүд голдуу ажилладаг салбарт хөдөлмөрийн маш доогуур үнэлгээтэй, зарим тохиолдолд хөлс тооцдоггүй явж ирсэн хэвшмэл ойлголт, хандлага нь энэ хүйсийн хүмүүсийг ядууралд өртөх шалтгааны нэг болдог.



Газар зүйн байршил, тухайн улс орны соёл, эдийн засгийн нөхцөл байдлаас хамаараад үнэлгээ өндөртэй ажлын байруудад ихэвчлэн эрчүүд ажиллах боломжтой зэрэг нь алсуураа санхүүгийн эрх чөлөөг боомилж, улмаар шийдвэр гаргах түвшинд охид, бүсгүйчүүд манлайлахад саад учруулж байна.



Тиймээс зарим улс орон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байр бий болгох тогтвортой бодлогыг баримталсан нь эхнээсээ үр дүнгээ өгчээ. Манай улсын хувьд уул уурхай, барилга зэрэг салбарт харьцангуй өндөр цалин хөлстэй гэгдэх ажлын байруудад ихэвчлэн эрэгтэйчүүд ажилладаг нь хөдөлмөрийн хөлсний ялгавартай байдлыг даамжруулдаг тухай жишээг УИХ-ын гишүүн Б.Жаргалан дурдаж, энэ мэтчилэн асуудалд анхаарал хандуулах нь чухал гэсэн байр суурийг илэрхийллээ. 





Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эрх мэдлийг тэлэх бодлогыг чухалчилж үзэх нь зөвхөн хүйсийн тэгш эрхийн асуудал бус, дэлхийн улс орнуудын ядуурлыг бууруулах, ирээдүйн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх тогтвортой байдлын үндэс болдог онцлогтой.


Жендэрийн тэгш байдлыг хангаснаар эдийн засаг тэлэх боломжтой хэмээн чуулга уулзалтыг үедээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан онцлон тэмдэглэж байсан.


Манай УИХ-ын хувьд эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог бодитоор нэмэгдүүлэх бодлого баримталж, 2025 оны хавраас УИХ-ын даргын ивээл дор “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдэх үйл ажиллагааг бүс нутгийн хэмжээнд анхлан эхлүүлсэн нь эмэгтэйчүүд бизнес эрхлэхэд олон улсаас санхүүгийн дэмжлэг авах боломж бүрдэнэ гэсэн юм.



Азийн эмэгтэй парламентчдын чуулганы хоёр дахь салбар хуралдаан “Хүйсэд суурилсан төсвийн бодлогыг хэрэгжүүлэхэд парламентын үүрэг, оролцоо” сэдвээр үргэлжиллээ. Тус хуралдааныг Монгол Улсын Их Хурлын гишүүн Баатаржавын Мөнхсоёл удирдан чиглүүлж, Бүгд Найрамдах Шри Ланка Улсын Парламентын гишүүн, доктор Каушаля Арияратне, Конрад Аденуэрын Сангийн Азийн бүсийн хөтөлбөрийн менежер Мегха Сарма нар мэдээлэл танилцуулсан.


Улс орнуудын төсөвт нийгмийн зорилтот бүлгүүдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хэрэгцээ, шаардлага, асуудлыг шийдвэрлэхэд зориулан хэдий хэмжээний санхүү, хөрөнгийг хуваарилж байгаагаар нь тухайн орны хууль тогтоох байгууллагын хүний эрх, жендэрийн мэдрэмж, хандлагыг тодорхойлж болох юм гэсэн агуулгыг хөндөв.






Чуулга уулзалт үдээс хойш “Хүйсийн тэгш байдлыг хангах дижитал шилжилт: Хиймэл оюун ба дижитал санхүүгийн тэгш хүртээмж”, “Цалин хөлсгүй асаргаа, халамжийн хөдөлмөрийг үнэлж, дэмжих шилдэг туршлага: Азийн сургамж”, “Эмэгтэйчүүд, бизнес эрхлэлт ба санхүүжилтийн хүртээмж” сэдвийн хүрээнд таван салбар хуралдаанаар хаалттай хуралдаж байна