
ЙЕРУСАЛИМ, 2025 оны есдүгээр сарын 10 /NHK/. Израилын арми ХАМАС бүлэглэлийн эсрэг явуулж буй ажиллагаагаа өргөжүүлж, Катар дахь тус бүлэглэлийн удирдагчдын эсрэг цохилт өгсний улмаас таван хүн амиа алджээ. Ерөнхий сайд Биньямин Нетаньяху цохилтыг зөвтгөж, Израилд үйлдсэн террорист халдлагын хариу арга хэмжээ гэж мэдэгдсэн байна.
Мягмар гарагт нийслэл Доха хотод хэд хэдэн дэлбэрэлт болжээ. Тун удалгүй Израилын Батлан хамгаалах хүчин мэдэгдэхдээ, ХАМАС бүлэглэлийн удирдагчдын эсрэг “нарийвчилсан цохилт” өгсөн гэсэн байна. Израилын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Газын зурваст гал зогсоох асуудлаарх хэлэлцээг ахалж байсан Халиль аль-Хайя зэрэг хүмүүсийг онилж цохилт өгчээ. ХАМАС-ын зүгээс төлөөлөгчдийн бүрэлдэхүүний бүх гишүүн аюулгүй байгаа гэж мэдэгдсэн боловч өөр таван хүн амь үрэгдсэний нэг нь Х.Хайягийн хүү байжээ.
Харин Б.Нетаньяху хэлсэн үгэндээ “Террористуудын удирдагчид ямарваа халдашгүй эрх эдлэх цаг дууссан. Би ийм халдашгүй байдал оршин байхыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, даваа гарагт Йерусалимд зэвсэгт этгээдүүд гал нээж зургаан хүний аминд хүрсний хариуд цохилт өгсөн байна. Уг халдлагын хариуцлагыг ХАМАС бүлэглэлийнхэн хүлээжээ.
Катарын албаны хүмүүс гал зогсоох хэлэлцээнд гол үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Тэд Израилын цохилтыг зэмлэн буруушаажээ. “Энэ халдлага нь олон улсын бүх хууль тогтоомж, дүрэм журмыг бүдүүлгээр зөрчиж, катарчууд болон Катар улсад оршин сууж буй хүмүүсийн аюулгүй байдалд ноцтой заналхийлж байна” гэж Катарын телевизээр гаргасан мэдэгдэлд дурдсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гал зогсоох шинэ саналыг дэвшүүлсний дараахан уг халдлага болжээ. Тэрбээр Израилын цохилтын талаар мэдээлэл авсан талаараа нийгмийн сүлжээндээ нийтэлсэн байна. Гэсэн хэдий ч “халдлагыг зогсооход хэтэрхий оройтсон байсан. Уг шийдвэрийг өөрөө биш Нетаньяху гаргасан” гэж Д.Трамп мэдэгджээ.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Левитт мэдэгдэхдээ "Ерөнхийлөгч мөн Катарын Эмир, Ерөнхий сайд нартай ярилцаж, манай улсыг дэмжиж, найрамдалт харилцаатай байгаад нь талархал илэрхийлээд, тэдний газар нутагт ийм зүйл дахин давтагдахгүй гэдгийг баталсан" гэсэн байна.
NHK телевиз халдлага болохын өмнөхөн ХАМАС бүлэглэлийн өндөр албан тушаалтан Осама Хамдантай Катарт ярилцлага хийжээ. Тэрбээр хэлэхдээ, сүүлийн үеийн хэлэлцээнүүдэд найдлага тавьж байгаа боловч АНУ ямар арга хэмжээ авахыг хүлээх хэрэгтэй хэмээн ярьсан байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Израйль их даварч байна даа трамп энэ новшнуудыг их дараах Америкд их муудаа
Америкд яагаад муу байх билээ,,,,нэг сайхан тайлбарлаад өгөөч,,,,