sonin.mn

КАБУЛ, 2025 оны есдүгээр сарын 2 /Anadolu/. Афганистаны зүүн нутагт өнгөрсөн ням гаргийн орой 6 магнитудын хүчтэй газар хөдөлсөнтэй холбогдуулан аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа энэ үед амиа алдагсдын тоо 800-д хүрсэн талаар албаны хүмүүс болон орон нутгийн хэвлэлүүд даваа гарагт мэдээлжээ. 


 Афганистаны түр засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахидын мэдэгдсэнээр, гэмтэж бэртсэн хүмүүсийн ​​тоо 2500-д хүрсэн байна. АНУ-ын Геологийн албаны /USGS/ мэдээллээр, ням гарагт орон нутгийн цагаар 23.47 цагт газар хөдөлсөн бөгөөд голомт нь Жалалабад хотоос зүүн хойд зүгт 27 км-ийн зайд 8 км-ийн гүнд байжээ.


Кунар мужийн Нургал, Савки, Ватпур, Маноги, Чапа-Дара дүүрэгт хүний ​​амь нас эрсэдсэн гэж хэвлэлүүд мэдээлж байна. Албаны хүмүүс алслагдсан олон бүс нутгийн оршин суугчидтай холбоо тогтоох ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа тул амь үрэгдэгсэд болон гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо эцсийн байдлаар гараагүй байгааг тэмдэглээд, тусламжийн баг нурангид дарагдсан хүмүүсийг аврахаар очиж байгааг дурджээ. Хөрс нурсны улмаас зарим зам хаагдсан байна.


USGS-ийн мэдээлснээр, хүчтэй газар хөдөлсний дараа тус бүр нь 5.2 магнитудын хүчтэй хоёр өөр газар хөдлөлт ижил бүсэд бүртгэгджээ. Хөрс нурснаас үүдэн зам хаагдаж, аврах багийнхан гамшигт нэрвэгдсэн хэд хэдэн бүсэд хүрч очиход хүндрэлтэй тулгараад байгаа тул гэмтэж бэмтсэн хүмүүсийг аварч, нисэх онгоцоор зөөвөрлөхийн тулд эрх баригчид нислэг тэрэгнүүдийг дайчилсан гэж Мэдээллийн яамны ажилтан “Anadolu” агентлагт мэдээлсэн байна.


Одоогийн байдлаар Нангархарын нисэх онгоцны буудлаас Кунар муж руу 35 нислэг үйлдэж, гэмтэж бэртсэн 335 хүнийг Нангархарын эмнэлэгт хүргэсэн бөгөөд үлдсэн хүмүүсийг шилжүүлэх ажиллагаа үргэлжилж байна гэж “Tolo News” суваг мэдээлжээ. Түр засгийн газар байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд туслахын тулд 100 сая афгани /1.4 сая ам.доллар/ хуваарилж байгаагаа мэдэгдсэнийг төрийн мэдлийн “Бахтар” ​​агентлаг З.Мужахидыг эш татан мэдээлсэн байна. Нутгийн иргэд байгалийн гамшигт үзэгдлийг тус улсад болсон хамгийн хүчтэй газар хөдлөлтийн нэг гэж тодорхойлжээ.


НҮБ-ын тэргүүн, БНХАУ-ын дарга нар эмгэнэл илэрхийлжээ 


НҮБ-аас орон нутгийн засаг захиргаанд аврах, тусламж үзүүлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаагаа мэдэгдсэн байна. “Афганистаны зүүн нутагт болсон сүйтгэлт газар хөдлөлтийн улмаас олон зуун хүн ​​амиа алдаж, олон хүн гэмтэж бэртсэнд НҮБ-ын зүгээс гүнээ эмгэнэл илэрхийлж байна. Манай багийнхан газар дээр нь яаралтай тусламжийг үзүүлж байна. Бид гамшигт өртсөн хүмүүстэй сэтгэл зүрхээрээ хамт байна” гэж НҮБ X хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


НҮБ-ын тэргүүн Антонио Гутерриш мөн Афганистаны ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. “Амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд миний бие гүн эмгэнэл илэрхийлж, гэмтэж бэртсэн хүмүүст хурдан эдгэрэхийг ерөөж байна. Афганистан дахь НҮБ-ын багт үүрэг чиглэл өгсөн бөгөөд тэд гамшигт нэрвэгдсэн бүс нутагт тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслахын тулд бүхий л хүчээ дайчлан ажиллах болно” гэж тэрбээр мэдэгджээ.


БНХАУ-ын дарга Ши Жиньпин мөн газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд гүн эмгэнэл илэрхийлэв. Тэрбээр Хятадын хойд нутгийн Тяньжин хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/-ын уулзалтын үеэр хэлэхдээ, Афганистаны засгийн газар болон ард түмэн хүндрэл бэрхшээлийг даван туулж, улс орноо аль болох ойрын хугацаанд сэргээн босгоосой хэмээн хүсэж байгаагаа илэрхийлжээ.


Афганистан бол ШХАБ-д ажиглагчийн статустай хоёр улсын нэг боловч “Талибан” хөдөлгөөнийхний тэргүүлсэн түр засаг захиргааг олон улсын хамтын нийгэмлэг хараахан хүлээн зөвшөөрөөгүй байгаа тул Тяньжинд уриагүй юм. 2021 оны наймдугаар сард засгийн эрхэнд дахин гарсан Кабулд төвтэй засаг захиргааг хүлээн зөвшөөрсөн НҮБ-ын цорын ганц гишүүн орон бол ОХУ юм. 



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг