
Жил бүрийн дулааны улиралд Улаанбаатар хотын авто болон явган хүний зам, дулаан, ус, холбооны шугам сүлжээний засвар шинэчлэлтийн ажил эхэлдэг. Энэ бол хотын дэд бүтцийн хэвийн ажиллагааг хангах, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад зайлшгүй шаардлагатай ажил. Гэхдээ засвар, бүтээн байгуулалтын ажлуудын төлөвлөлт, цаг хугацааны уялдаа, зохион байгуулалт хангалтгүйгээс үүдэн хүндрэл учруулах нь элбэг.
Иргэд бидний өдөр тутмын хамгийн том хүндрэл бол намар эхэлдэг зам засвар юм. Зуны гурван сар — тав, зургадугаар сардаа урин дулаан цагтай золгосны баяр шахуу зүйл болж, долдугаар сард наадмаа тэмдэглэн, наймдугаар сард хэсэг хугацаанд чимээгүй байдаг ч хичээл сургууль эхлэхийн өмнөхөн гэнэт зам хаах, шугам ухах ажлууд эрчимжиж эхэлдэг. Ингэснээр нийслэлчүүдийн хөдөлгөөнд саад учирч, өглөө, оройн оргил цагийн түгжрэл тэсвэрлэшгүй түвшинд хүрдэг. Бага насны хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ очиход бэрхшээлтэй, иргэд ажилдаа цагтаа амжихгүй байх зэрэг асуудал жил бүр давтагддаг.
Тэгвэл энэ байдал үргэлжилсээр байх уу, эсвэл өөрчлөлт хийх цаг болсон уу?
Хотын удирдлага болон гүйцэтгэгч байгууллагууд бүтээн байгуулалтын ажлыг улирлын онцлог, хотын хөдөлгөөний ачаалалтай уялдуулан, намрын эхэн саруудаас өмнө бүрэн дуусгах зохион байгуулалт, сахилга, хариуцлагыг хангах ёстой. Үүний тулд:
Засвар шинэчлэлийн ажлыг 5–7-р сарын хооронд эрчимтэй хийж дуусгах
Гүйцэтгэгч байгууллагуудад тодорхой хариуцлага хүлээлгэх гэрээ, хяналтын тогтолцоо нэвтрүүлэх
Хотын хөдөлгөөний урсгалыг урьдчилан тооцсон, үе шаттай төлөвлөгөө гаргах
Иргэдэд мэдээллийг урьдчилан, ил тод хүргэж, ойлголцол, оролцоог хангах
Хотын дэд бүтцийг шинэчлэх нэрийн дор иргэдийн өдөр тутмын амьдралыг доголдуулж болохгүй. Бүтээн байгуулалт бол иргэдийн амьдралд саад биш, нэмэр болох ёстой. Үүний тулд цаг хугацааны менежмент, төлөвлөлт, хариуцлага хамгийн чухал.
Энэ жил наадмаас өмнө, амралтын ид үеэр, хүүхдүүд хичээлдээ орохоос өмнө замаа засацгаая. Намар зам ухаад зогсож биш, өндөрлөсөн ажил, амар амгалан хөдөлгөөнөөр угтъя.
Зам засварын ажлаа намраас өмнө дуусгая.
Дэвшилтэй Улаанбаатарын төлөө — зохион байгуулалттай зун хэрэгтэй.
Н.Отгончимэг
Сэтгэгдэл2
ус зайлуулагчгүй нимгэн нүд хуурсан юм хийж байхаар огт хийхгүй байх хэрэгтэй. Зам засвар бол МАНын данжаад нарын мөнгөний цавчаа.
НЭГ ЮМ ХИЙХ ГЭЖ УХНАТААДБАЙХ ЮМ ЭНЭ НЯМБААТАР ЧАДАХГҮЙ ЮМАА