
6-р сарын 20-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Дин Шюешян Санкт-Петербург хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд бараалхан, уулзжээ.
Уулзалтын үеэр Дин Шюешян Хятад, Оросын харилцаа Ши Жиньпин дарга болон Ерөнхийлөгч Путиний стратегийн удирдлага дор өндөр түвшинд хөгжиж буйг онцолж, хоёр улсын хамтын ажиллагаа нь бүс нутгийн тогтвортой байдал, олон улсын шударга ёсыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэв. Хятадын тал улс төрийн харилцан итгэлцлийг улам бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ ШХАБ, БРИКС зэрэг олон талт механизмын хүрээнд уялдаа холбоогоо өргөжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.
Мөн тэрбээр дэлхийн эдийн засаг, геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж буй энэ үед хоёр улс олон талт худалдааны тогтолцоог дэмжин, үйлдвэрлэл-ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангаж, хүртээмжтэй, шударга глобалчлалын төлөө хамтран ажиллах ёстойг онцолсон байна.
Владимир Путин Орос, Хятадын харилцаа гадаад сорилт, бэрхшээлийн дунд ч урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрснийг цохон тэмдэглэж, хоёр талын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Тэрбээр мөн ШХАБ-ын Тяньжиний дээд хэмжээний уулзалтад оролцох, Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалт болон фашизмын эсрэг дэлхийн дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Хятад улсад айлчлахаа хүсэн хүлээж байгаагаа илэрхийлжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл2
Хятад дампуураасай
Орос сөнөхөд Хятад дагаад дампуурна….