sonin.mn

Ираны Гадаад хэргийн сайд Сейед Аббас Арагчи ням гарагт Истанбул хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Ираны цөмийн байгууламжууд руу хийсэн цэргийн цохилтыг тууштайгаар буруушааж, Тегеран энэ “улаан шугамыг” зөрчсөн үйлдэлд хариу арга хэмжээ авахаар хэд хэдэн хувилбар судалж байгаагаа мэдэгдэв.

“АНУ-ын Ираны эсрэг хийсэн довтолгоо нь НҮБ-ын дүрэм болон олон улсын хуулийн үндсэн зарчмуудыг зөрчсөн ноцтой, хэтрүүлсэн, урьд өмнө байгаагүй үйлдэл юм” хэмээн Арагчи онцолсон байна.


Мөн тэрээр:“АНУ-ын хууль бус засаг захиргаа энэхүү түрэмгий үйлдлийнхээ бүх үр дагаварт бүрэн хариуцлага хүлээнэ” гэж мэдэгджээ.


“Мэдээж, дипломат шугам үргэлж нээлттэй байх ёстой. Гэвч одоо энэ тохиолдолд бидэнд дайралт хийгдэж, бид түрэмгийлэлд өртсөн тул өөрийгөө хамгаалах хууль ёсны эрхийн хүрээнд хариу арга хэмжээ авах шаардлагатай байна. Энэ нь хэрэгтэй, шаардлагатай цаг үедээ хийгдэнэ” гэж Арагчи нэмж хэлэв.

Мөн тэрээр: “Одоогоор учирсан хохирлыг тооцоолж байна” хэмээгээд, Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (IAEA) зэрэг олон улсын байгууллагуудыг энэ “олон улсын эрх зүйн зөрчил”-д хариуцлагатай байр суурьтай байхыг уриаллаа.

Арагчи даваа гарагт Москва хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, АНУ-ын довтолгооны дараах нөхцөл байдлын талаар хэлэлцэхээ мөн мэдэгдсэн байна.


Тэрбээр Истанбул хотноо болж буй Исламын хамтын ажиллагааны байгууллагын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн 51 дүгээр чуулганд оролцож байна.


М.Гал


Эх сурвалж: https://www.chinadaily.com