sonin.mn

Бямба гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын зэвсэгт хүчин Ираны гурван цөмийн байгууламж — Фордо, Натанз, Исфахан — руу "маш амжилттай" цохилт өгсөн талаар мэдэгдэв. Тэрбээр Фордо дахь гол байгууламж руу "бүрэн ачаатай" бөмбөг хаясан гэж онцолсон байна.

China Media Group (CMG)-ийн мэдээлснээр, Фордо байгууламж руу зургаан ширхэг “бункер цөмлөгч” бөмбөг, харин бусад байгууламж руу 30 ширхэг “Томахавк” пуужин харважээ.

Мөн АНУ-ын B-2 Spirit нууцлаг бөмбөгдөгч онгоцууд уг ажиллагаанд оролцсон болохыг албаны эх сурвалж баталсан байна



“Бункер цөмлөгч” бөмбөг гэж юу вэ?


"Бункер цөмлөгч" гэх нэршил нь газар доорхи гүн, бэхлэлт сайтай байгууламжуудыг нэвт цөмлөн орж, дотроос нь дэлбэрдэг тусгай зориулалтын бөмбөгийг хэлдэг. Энэ тохиолдолд яригдаж буй зэвсэг нь АНУ-ын хамгийн сүүлийн үеийн GBU-57 A/B Massive Ordnance Penetrator (MOP) бөмбөг юм.



GBU-57 MOP – Хүч чадлын үзүүлэлтүүд:


Жин: ~13.6 тонн


Урт: ~6 метр


Нэвтлэх гүн: ~61 метрийн гүн рүү орж дэлбэрнэ


Удирдлага: Нарийвчлалтай GPS болон дэвшилтэт чиглүүлэгч системтэй


Давтамжтай хаях боломжтой: Олон удаа дараалан хаяснаар гүн рүү улам цөмлөх боломжтой


Хамгийн хүчирхэг цөмийн бус бөмбөг гэж тооцогддог


Фордо байгууламж: Зорилтот бай


Ираны Фордо цөмийн байгууламж нь уулын гүнд, хамгаалалт өндөртэйгээр байрладаг бөгөөд өмнө нь Израилийн ашигладаг уламжлалт бөмбөгүүдийн хүрэх боломжгүйд тооцогдож байв. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, АНУ-ын зэвсгийн сан дахь зөвхөн GBU-57 MOP л ийм түвшний байгууламжийг устгах чадвартай гэж үздэг байна.


Хэн энэхүү бөмбөгийг хаяж чадах вэ?


Одоогоор АНУ-ын B-2 Spirit нууцлаг бөмбөгдөгч онгоц л GBU-57 бөмбөгийг дагуулж, байнд хүргэж хаях чадвартай. Нэг B-2 онгоц хоёр ширхэг GBU-57 зэвсгийг зэрэг тээвэрлэж, ашиглах боломжтой.


М.Гал


Эх сурвалж: cgtn.com